Н.Номтойбаяраас “номхон” амьтдынхаа амийг НЭХЭМЖИЛЬЕ
Гадаадын улс орнууд ёс зүйн өндөр хэм хэмжээний шалгуур тавьж улс орноо удирдан жолоодох төрийн түшээдээ сонгодог. Гэтэл манайд харин эсрэгээрээ. Буу үүрэн уулаар хэсч “хулгайгаар” ан хийж илт хууль зөрчдөг хүнийг Улсын их хуралдаа суулгана. Манай гишүүд харьцаанаасаа эхлээд ёс зүйн асар том дутагдалтай.
Ямар сайндаа л бие биерүүгээ салаавч гаргаж, чуулганы танхимдаа нударга зөрүүлэхэв дээ. Уул нь хууль баталдаг хүмүүс хууль зөрчихгүй байвал юутай сайн бэ? Гэвч ч зарим нь бүр Дархан цаазтай ууланд, улаан номонд орсон нэн ховор амьтан агнаж давхар давхар хууль зөрчиж явдаг сурагтай.
Энэ бол Н.Номтойбаяр гишүүн. Сонгуулиас өмнөхөн МАН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд 600 сая төгрөгийн авлига өгсөн, хүний охин үрийг хүч хэрэглэн дээрлэхсэн гээд л бөөн маапаан гарч үүнийг нь өөрийнх нь хажууд зургаан жил алба хашсан хамгаалагч залуу илчилж бөөн шуугиан тарсан энэ хэл ам мөнгөнд дарагдав уу, худлаа цуурхал байв уу тэгс хийгээд намжиж нүдээ анин чихээ таглаж хүчилсээр байж арай ядан УИХ-д багтсан.
За энэ ч яахав гишүүн байхаасаа өмнө танхайрсан хэрэг байж гэж бодъё. Гэтэл Номтойбаяр гишүүн болчих юм бол бүр дураараа хууль зөрчиж болно гэж эндүүрээд сар алгасахгүй буу үүрч Сэлэнгэ нутгийн дархан хайрханы ан амьтанруу хүйтэн зэвсэг шагайж цус нөжийг нь урсган гэрэл зургаа татуулдаг болсон гэнэ.
Тэрбээр үүнийгээ хобби хэмээн нэрийдээд зургаа фэйсбүүк хуудсандаа байрлуулсан байсан нь зүүдээ ярих гэж хулгайгаа ярив гэхчээр өөрөө өөрийгөө барьж өгөхийн хажуугаар гэмт хэргээ баримтаар нь баталгаажуулаад өгч байх шиг байна. Түүний энэхүү аархуу балмад хоббиг Сэлэнгэ нутгийн ард түмэн жигсэн зэвүүцэж байсан ч юу ч хэлж чадалгүй өнгөрдөг гэнэ. Аймгийн Засаг дарга нь юм дуугарч чадахгүй байхад хөөрхий муу өвөө эмээ нар ч яаж ч чадахав.
Хэлэхийн ч аргагүй бөгөөд тэрбээр нисдэг тэрэг хөлөглөн ууланд бууж өөрийн ангийн отгоо байгуулан “Энэ бол миний ангийн бүс нутаг” хэмээн найз нөхөддөө баярхан суудаг аж. “МАК”-ын нисэхийн компани хоёр нисдэг тэрэгтэй бөгөөд нэг нь ОХУ-д үйлдвэрлэсэн “МИ”-8АМТ маркийн нисдэг тэрэг аж. Тухайн ан хийсэн газар нь Сэлэнгэ аймгийн нутаг Ар Минжийн уул гэж ан амьтан багширч, ургамал ногоо халиурсан сайхан газар байдаг гэнэ. Энэ бол Монгол Улсын дархан цаазат уул.
Харин энэ ууланд Номтойбаяр гишүүн хавар дөнгөж ичээнээсээ гарч ирсэн хоёр нялх бамбарууштай баавгайг хууль бусаар агнаж зургаа авахуулсан байгаа юм. Иймээс бид баярхаж сайрхахдаа амьтны алтан амь хөнөөж, нялх зулзагуудыг нь өнчрүүлсэн Н.Номтойбаяр гишүүнээс их тайгийн эздийнхээ амийг нэхэмжилж байна. Энэ бол олон арван но-ны дөнгөж нэгээхэн хэсэг. Бид энэ талаар дахин сурвалжилж худараггүй гишүүнээс ан амьтнаа дахин НЭХЭМЖЛЭХ болно.
Д.ЯНЖМАА
URL: