МАН-ын эмгэнэлт хувь тавилан

Аливаа зүйл эхэлсэн л бол хэзээ нэгэн цагт төгсдөг жамтай. Ерэн жилийн түүхт ууган нам маань хоёр жилийн өмнө нэрээ сольж маяглаад бараг л голомтой самрах шахсан. Хөгшин азрага жороо сурна гэгчээр даана ч бодлогогүй үйлдэл хийснээс болж хоёр задарч дээр нь сонгуульд ялагдсан. Хэдий МАХН гэж тусдаа нам байгуулагдсан ч Монголын төрийг 70 жил удирдан жолоодож байсан намын гол цөм МАН-д хэвээрээ байгаа. МАХН-ынхан манайх ерэн жилийн түүхтэй гэж хоосон улс төр хийж байгаагаас цааш хэтрэхгүй.

МАН-ынхан өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээж, одоо УИХ-д бүлэг байгуулж чадахгүй байгаан дээр Өвөрхангай болон Увсын тойргууд дээр асуудалтай байна. Аргаа барахдаа чуулганы танхимын хаалган дээр буйдан тавьж, “ардчилал төгслөө” гэсэн лоозон бариад хошин шог үзэж байгаа юм шиг маасайн байх нь даана ч эмгэнэлтэй. Гадаа нь талбай дээр “Ардчиллаа аваръя” хэмээн гишүүд нь жагсаж байлаа. Энэ бол арчаагаа алдсан намын тэнэг үйлдлүүдийн нэгээхэн хэсэг.

Энд би МАН-ыг муулах гэж зорьсонгүй. Харин тэдний хоногийн тоо гүйцэж байгааг л анхааруулах гэсэн юм. Одоо МАН хаашаа явах, юу хийхээ ч мэдэхгүй сууцгааж байна. Тэд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амыг харж, түүнийг бүлэг байгуулах хуулийн төслийг санаачлуулах болон асуудалтай тойргуудаар шударгаар буюу өөрсдөдөө ашигтайгаар шийдүүлэх битүүхэн мөрөөдөлтэй байгаа. Бүр цаашилбал илүү нэг нууцхан хүсэл нь засагт орж бялуу хүртэх явдал юм.

Товчхондоо сонгуулийн дараа АН-аас засагт орох урилгыг хүлээж байсан ч тэд нь 2008 онд хамтран засаг барьж бялуу хуваалцаж байсныхаа хариуг ах нартаа хариулж, аяганы амсар зуулгалгүй бүүр босгондоо суулгачихлаа. МАН-ыхан мөн ч их хүлээсэндээ хөөрхий. Харамсалтай нь хүлээлтийн хариу талаар болж бүр парламентад бүлэг байгуулж чадахгүй зовлонгоо амсаж байна.

МАН-ын гол өрсөлдөгч бол АН гэж бодож байгаа. Өнгөн дээрээ энэ мэт харагдаж байгаа боловч үнэн чанартаа энэ бүхний цаана ард түмний, ардчилсан ерөнхийлөгч сууж байгаа. Тэр энэ бүхнийг найруулан тавьж байгаа. Түүнийг зорилго бол ерөнхийлөгчөөр улиран сонгогдох. Ц.Элбэгдоржийн дэлхий дахинд ардчилсан Монгол улсыг байгуулж, иргэд нь элбэг хангалуун амьдарч улс орны хөгжил цаг минутаар урагшилж байгаа мэтээр харуулж, ойлгуулж байна. Бас авлигалтай амжилттай тэмцэж байгаа. Улс улс руу нисэн уран донгодож байна. Нэг л сайхан нүүр дүүрэн малийтал инээсэн хүн. Хятадад нэг зүйр цэцэн үг байдаг юм. “Инээдэн дотроо хутга нуух” гэсэн үгийг санах тусам ерөнхийлөгчийн минь инээмсэглэл тодордог юм. Сүүлийн жилүүдэд Монгол оронд хятадууд улам л нэмэгдэж байна даа.

Ерөнхийлөгч маань ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, төрийн өндөр албан тушаалыг дараагийн сонгуульдаа бэлтгэн өөрийн рейтэнгээ өсгөх ажил болгожээ. Төмрөнд дарагдаж нас барсан охины дурсгалыг хүндэтгэх өдрийг хүртэл бий болгожээ. Хэргийн шалтгааныг тодруулж зохих ёсны хариуцлага тооцохын оронд нэг л их ардчилсан, хүмүүнлэг болж харагдах гэсэн жаахан хүүхдийн зангаас болж энэ орон элгээрээ хэвтлээ.

Гадаад улсуудад өөрийгөө барууныг дэмждэг ардчилсан ерөнхийлөгч гэж харагдуулж харин улс орондоо шүүхийн дарангуйллыг тогтоон улмаар дарангуйлал руу хөтөлж байна. Яг л Мубарак шиг бас Каддафи шиг.

Ц.Элбэгдорж бол зальтай хүн. Тэр Монголын ард түмнийг 22 жилийн турш зальдсан. Одоо ч бас. Шүүхийн шинэчлэл гэсээр шүүхийг өөрийн гартаа бат оруулж хүссэнээрээ удирдах бүрэн боломжтой болсон. Тэрээр эрх мэдэл рүү улам шунаж үүндээ шүүх, АТГ болон АН-ыг чадварлаг ашиглаж байна. Ц.Элбэгдорж хэзээ ч өөрийн гараар энэ бүхнийг хийхгүй. Тэр бусдын гараар могой бариулахдаа гайхалтай мэргэшсэн. АН үнэндээ өөрсдийгөө чадаж байна гэж бодож байгаа. Харамсалтай нь үгүй зүгээр л ашиглуулж байна.

АН ялахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь МАХН хуваагдаж МАН, МАХН болсон явдал. МАХН нэрийг Н.Энхбаярт дээд шүүхээс олгоход Ц.Элбэгдорж нөлөөлсөн. Хоёрдугаарт АН сонгуульд ялахад нөлөөлсөн санал тоолох машиныг ашиглахыг зөвшөөрч улмаар бүх булхайг мэдээгүй мэт өнгөрөөсөн. Яагаад гэвэл дараа жил сонгуульд өрсөлдөхөд гол тулгуур нь АН байх болно. Одоо орон нутгийн сонгуульд АН-ыг ялуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа.

Н.Энхбаяр гэдэг хүн бол Ц.Элбэгдоржийн мөнхийн өрсөлдөгч байсан. Тиймээс тэр мөн л зайлуулж чадсан. Одоо МАХН бол юу ч биш. Зүгээр л УИХ-ын гишүүн нэртэй утсан хүүхэлдэйнүүд.

АН-ынхан олон жил ах нарынхаа голж хаясан үлдэгдлээр наадаж ирсэн. Одоо тэд засаг авч хүссэнээрээ идэх боломжтой болсондоо баярлан улсын төсөв рүү улангасан орж байна. МАН-ынхан хоосон хоцорчээ.

Одоо Ц.Элбэгдоржийн эцсийн цохилт бол МАН. Хэрэв МАН-ыг устгаж хэн ч биш болговол Монгол улс түүний мэдэлд орно. Одоо МАН-ынхнаар хүссэнээрээ наадаж болохоор болжээ. МАН-ыг шившиг болгож шалан дээр хэвтүүлэх төлөвлөгөө аль эрт хэрэгжиж эхэлсэндээ.

Харамсалтай нь МАН-ынхан бүлгээ байгуулж байгаад шахаж байгаад засагт орж бялуу хүртэх гэнэн горьдлогоо найдан хүлээсээр. Магадгүй хоолны үлдэгдэл олдож магадгүй. Тэр нь түр зуур бас болзолтой. Болзол нь Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч болгох. Мэдээж Ц.Элбэгдорж МАН-ыг дураар нь дургүйлэхгүй нь тодорхой. Бүгдийг тооцоолсон байгаа.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болсны дараа МАН-ыг нухчин дарна. Энэ дараагийн УИХ-ын сонгуулийн урьдчилгаа. Ямар ч эрх мэдэлгүй УИХ-ын сул гишүүд бол ямар ч хүчгүй.

Энэ бүхэн тодоос тод илэрхий байхад өнөөдөр МАН-ын өргөх бичиг дээш чулуудсан шиг, буйдан дээр суугаа нь даана ч харамсалтай. Энэ улс орныг 70 жил удирдаж байсан 90 жилийн түүхтэй гэж бардамнах ч даана ч Монгол орноо гэсэн үнэт зүйл, үүрэг хариуцлагаа умартжээ.

Одоо ямарч хүч чадалгүй, эрх мэдэлгүй байж өөрсдийгөө чадалтай мэт сэтгэн суусаар л. Бас өөрсдийгөө улс төр хийж байгаа мэт ойлгон хөөрсөөр л.

Тэд өрсөлдөгчтэйгээ хуучин аргаар тулалдаж байгаа ч энэ нь даана ч хуучирчихаж дээ. Улс төрийг бизнес шиг бодон төөрөлдөж бас хэрүүлийг улс төр хийж байна хэмээн эндүү бодсоор байна. Одоо шинэ, дээд түвшинд гарч улс төр хийвэл амжилттай байх болно доо. Сүх далайтал бух амгалан гэгчээр даана ч амгалан сууж байна даа.

 

Х.Нэргүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих