ЗАСГИЙН ГАЗАР ЗАРАГДАХГҮЙ БАЙГАА НҮҮРСЭЭ БИДЭНД ШАХАЖ БАЙНА

Засгийн газар арван нэг дүгээр сарын 6-наас Бага нуурын нүүрсийг хямд үнээр гэр хорооллын айл өрхүүдэд олгохоор болсон. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Иргэн Б.Цэндсүрэн -Ийм арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. Гэхдээ нэг удаагийн авалтад нэг уут нүүрс олгоно гэсэн. Ингэхээр хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, өндөр настай хүмүүст гурав хоноод л нүүр сээ авахаар явах хэцүү шүү дээ. Иймээс арван уутыг нэг удаа олгохоор журамлаж өгөөч ээ гэж хүсэх байна. Манайх л гэхэд тэр 40 кг-ын ууттай нүүрсийг хоёр өдөр л түлэхээр байгаа юм. Нүүрс зарах цэгийг хороод нь зохион байгуулна гэсэн. Ямар юм болох юм, байгаа юм харж л байхаас.

Иргэн Б.Батцэцэг -Багануурын нүүрс хөө тортог ихтэй, асалт муутай, муу нүүрс байдаг. Засгийн газар зарагдахгүй байгаа нүүрсээ бидэнд шахаж байна. Яагаад Алагтолгой юм уу, Налайхын сайн нүүрсийг бидэнд зарахгүй байгаа юм бэ гэж асуумаар байна. Яахав ийм санал санаачилга гаргаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ л Засгийн газар орон нутгийн сонгууль угтаж худлаа шоудаж байна гэж би бодож байгаа.

Иргэн Ц.Бямбасүрэн -Хэрэв үнэхээр хямд үнэтэй нүүрс зараад эхэлбэл дагаад энэ ченжүүдийн зарж байгаа нүүрсний үнэ ч буурна шүү дээ. Даарахгүйн тулд өнөөдөр үнэ өндөртэй нүүрсийг арга буюу авч байна. Хамгийн гол нь нүүрснийхээ олголтыг маш сайн зохион байгуулах хэрэгтэй.

“Цайз” захад нүүрсний худалдаа эрхэлж буй иргэдтэй уулзлаа. Тэд нэрээ хэлэхийг хүсэээгүй ч бидний асуултад хариулахдаа дургүйцсэнгүй.

-Би арав гаруй жил нүүрс зарж байна. Иргэд биднийг нүүрсний үнийг зохиомлоор нэмдэг гэсэн бодолтой байдаг. Бид 50-60 мянган төгрөгийн л ашиг олдог. Нүүрс цаанаа хямд байвал бид хямдхан л зарна шүү дээ. Биднийг хардаж байхаар иргэд өөрсдөө нэг очоод үзэх хэрэгтэй. Дээгүүрээ томчууд нь зохицуулаад, нүүрснийхээ үнийг буулгаад өг л дөө. Одоо Засгийн газраас амлаад байгаа хямд үнээр нүүрс олгох ажил хэзээ ч бүтэхгүй. Засгийн газар 100 “Портер” гаргаад “Цайз”-ын энэ хавьд тусгай цэг нээвэл юу юм гэхээс. Тэвш нүүрсийг жижиг шуудайд хийхэд 160-170 уут болдог. Харин төрөөс зохицуулаад 50 кг-ын шуудайнд хий гээд стандарт тогтоочихвол бид тэр уутанд л савлана.

-Нүүрсний уурхайн олборлолт жигдрээгүй байхад нүүрс нэг хэсэг үнэтэй байсан. Одоо үнэ нь бууж байна. Буухаар нь энэ төрийн томчууд өөрсдөө буулгасан юм шиг худлаа ярина. Өнгөрсөн жил уурхайдаа үнэ нь гайгүй байсан болохоор эндээ ч хямд туссан. Жил бүр үнэ нь нэмэгддэг. Энэ жил хүмүүс нүүрс бага авч байна.

-Багануурын нүүрс хог ихтэй байдаг. Хямдхан аваад түлэхээсээ түлэхгүй нь их болно. Алагтолгойн уурхайг ганцхан том компани авчихсан. Тэр компанийн үнэнд л бид багтдаг. Налайх бол олон жижиг уурхайтай болохоор үнэ ханш нь харьцангуй хямд байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих