ПАРЛАМЕНТЫН ШОУЧИН ГИШҮҮД

Шинэ УИХ бүрдсэний дараа холбогдох хуульд өөрчлөлт оруулж, Байнгын хорооны тоог нэгээр нэмж, нэг гишүүн гурав хүртэлх Байнгын хороонд харьяалагдах боломжтой болгосон. Тиймээс хуралдааны танхим хэрэгтэй болж, парламентын сэтгүүлчдэд зориулан тохижуулсан “Г” танхимыг хураан авав. Одоо тэнд сэтгүүлчдийн оронд нэр бүхий хэдхэн гишүүн “суудаг” болоод байгаа. О.Баасанхүү, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг гэсхийгээд л өрөөний байнгын “үйлчлүүлэгчийн” нэр дуусна. Бусад гишүүдээсээ илүү олон хэвлэлийн хурал хийдэг нь эд нар. Ялангуяа О.Баасанхүү, С.Ганбаатар нар зарим өдөр 2-3 ч удаа тэр өрөөнд, камерын урд суух нь бий. Тэдний энэ үйлдлийг юм юманд хүртээлтэй, их идэвхтэй гэж хүлээж авахаас илүү шоучин гэсэн цол өгөх хүн олон байна. Энэ Парламентад гудамжинд тэмцэж явсан 10 орчим гишүүн сонгогдсон. Зарим нь гудамжинд жагсаж яваагүй ч бас бус хэргээр шоудаж л явсан. 71 гишүүн дотроос цэнхэр дэлгэцээр иргэдтэй хамгийн олон уулздаг, сэтгүүлчдийн анхаарлыг татах дуртай зарим гишүүнийг онцолж байна.

О.Баасанхүү 2012 он түүний хувьд үнэхээр одтой жил болж байна. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмгөөлж байсны ачаар “Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүн болчихов. Түүнийг голсон, азтайг нь гайхсан яриа нэг хэсэг их хөвөрсөн юм. Энэ яриаг няцаах гэсэндээ юү, угийн шоучин зантай юу, эрхэм гишүүний идэвх тун их байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах байр суурьтай 26 гишүүний нэг нь тэр. Тэднийгээ төлөөлж С.Ганбаатар тэр хоёр л сэтгүүлчдэд байнга мэдээлэл хийдэг юм. Нэг өдөр О.Баасанхүү дараалан 2-3 ч хэвлэлийн хуралд сандалдаа хадаатай юм шиг суусан. Дээрээс нь УИХ-ын гишүүний зангаргыг үл тоож, заргалдах, маргах, хүний эрх зөрчигдсөн гэсэн хэрэг бүхний талаар л энд тэнд хэвлэлийн хурал хийж, өмнөөс нь өргөдөл гомдлыг дамжуулах болов. УИХ-ын гишүүн нь ард түмний төлөөлөл боловч үнэндээ оролцох, оролцохгүй асуудал гэж бий. Үүний зааг ялгааг энэ эрхэм бүр умартсан мэт байх тул түүний зарим үйлдлийг улс төрийн шоу гэж ойлгохоос аргагүйд хүрч буй юм. Нэг өдөр камерын дуранд өртөлгүй өнжвөл нойр нь хүрдэггүй байх даа гэмээр. Нэг удаа бүр хулгана, харх тойрсон мэдээлэл хүртэл хийгээд авсан юмдаг.

Ерэн жилийн түүхтэй ууган хүчний “акул” улстөрчид лоозон бариад чуулганы танхимын үүдэнд буйдантай суулт хийсэн дээ. Тэр үед тэднийг хамгийн их “эргэж” очсон гишүүний нэг нь О.Баасанхүү байлаа. Тэр бүр өдрийн хэд очиж, тэр хавиар байгаа хэвлэлийнхний нүдэнд өртөх гэж аргаа барсан гээч. Хоёр өдөр суухад нь 10 орчим удаа очсон байна лээ шүү. МАН-ынхан сүүлдээ залхаж “Чи одоо хэд ирдэг юм бэ, худлаа шоудаад байх юм” хэмээн хөөхөд хүрсэн. Сүүлдээ сэтгүүлчид ч О.Баасанхүүг тоохоо больсон.

С.Ганбаатар Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчийн албаа тэр одоо болтол хашиж байгаа. Мөн л Оюутолгойн асуудлаар чанга дуугарагчдын нэг. Гол дүр нь гэхэд болно. Төрөлхийн заргач хүн юм, нам дуугаар ярьж чадахгүй. Яриад эхэлбэл дуу нь чангараад хоолой нь бүр цангинаад эхэлнэ гээч. Үргэлж л өндөр дуугаар, гудамжинд тэмцэж яваа аятай ярьдаг юм. Сүүлийн хэдэн жил дандаа өндөр дуугаар ярьсан болохоор хэцүү л байдаг байх. Бас чуулганы танхимд зогсож ярих жишгийг тэр бий болгосон. Б.Бат-Эрдэнэ гишүүн түүнийг нэг удаа дуурайгаад больсон. Дандаа зогсож ярих төвөгтэй байсан биз. Харин С.Ганбаатар бол “Суугаа ажил эрхэлдэг хүмүүст энэ чинь ядаж эрүүл мэндэд тустай, дээрээс нь ард түмнээ хүндэтгэж байгаа хэрэг” хэмээн хэлсэндээ үнэнч үлдсэн. О.Баасанхүүгээ бодвол бас учиртай шоудна. Оролцох, оролцохгүйн заагаа мэддэг нь авууштай.

Г.Уянга МАН-ын гишүүдийг суулт хийж байх үед бас л олон эргэсэн хүний нэг нь. Тэднээр фон хийж хэдэнтээ ярилцлага өгөөд сүүлийн удаад нь МАН-ын залуу гишүүд уурлаж, түүнийг нийлээд боорлоход хүрсэн юм. Бүгдээрээ нийлээд эмэгтэй гишүүн рүү дайрч, шоолж, элдвээр хэлсэн нь МАНын залуу гишүүдийг тун ч таагүй харагдуулж байсан. Гэхдээ тэдний хэлсэнд бас үнэний ор бий. Г.Уянга гишүүн заавал МАН-ынхнаар фон хийж ярилцлага өгөх гээд байсан нь шоуны нэг хэлбэр байсан нь үнэн.

Намрын чуулган эхэлснээс хойш УИХ-ын гишүүдийн хийсэн хэвлэлийн хурлын гол дүр нь дээрх гурав байв. Зөвхөн хэвлэлийн хурал ч биш, эдний адил гудамжинд тэмцэж явсан ч одоо буурь суусан хүмүүс бол Ж.Батзандан, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ. Тэд ямар ч байсан байн байн дурангийн урдуур “хөндөлсөөд” байдаггүй юм. Өмнөх УИХ-уудад Л.Гүндалай гишүүнд “шоучин” гэдэг цолыг хэвлэлийнхэн санал нэгтэйгээр өгч байлаа. Харин одоо дээрх эрхмүүдэд түүний энэ цол шилжиж байна. Гэхдээ шоу ихдэхээр ард түмэн ч, хэвлэлийнхэн ч, ангийн нөхөд нь ч залхдаг түүхийг Л.Гүндалай гишүүн харуулсныг санахад илүүдэхгүй болов уу.

mongolnews


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих