УТАА ӨТГӨРҮҮЛЭХ ЕРӨНХИЙ САЙДЫН ШИЙДВЭР

Өвөл хаяанд ирж, утаа гайхал урьдын замаараа айсуй. Эмч нар агаарын бохирдлын хор уршгийн талаар амаа чилтэл ярьж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулсаар атал Засгийн газрын тэргүүн саяхан утаанд ташуур өгсөн шийдвэр гаргалаа.

Гэр хорооллын айл өрх, хүн амын амьжиргааг дэмжсэн гэх эл шийдвэр орон нутгийн сонгуулийн өмнөх шоу юу? Нүүрсний шуудай барьчихсан том, бага байна хэмээн хэмжиж рекламдсан ардын баатрын дүр Ерөнхий сайдад зохисон зохиогүй тухай ярихаа түр азная. Ард түмнийхээ дунд их гүн ороод ирэхээрээ л энэ улстөрчид шоуддаг, нэг л биш болдгийг ойрхны сургамжууд батална. Иргэдэд хямд нүүрс олгох гэнэ гэсэн яриа гэр хорооллынхны дунд өвсөнд тавьсан түймэр шиг тарсан нь дамжиггүй. Хачирхалтай нь төр өглөгийн гараа сунгаж, нүүрс тараах өдөр нь орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөртэй давхцаж байгаа нь санаатай юу, эсвэл санамсаргүй сонголт байв уу, чухам хэн мэдлээ. “Алагтолгойн нүүрс аваарай, байхгүй бол Налайхынх нь дээр шүү” гэж аав, ээж нь захидгийг гэр хорооллын ажилсаг хүүхдүүд юу эс андах вэ. Яагаад гэвэл Багануурын нүүрсийг манайхан голдог. “Шаталт муутай, утаа униар ихтэй, асахдаа удаан. Илч муутай. Гэрийн нөхцөлд тийм ч тохиромжтой биш гэж гэр хорооллынхон ярьж байна. Гэхдээ хямдыг нь бодоод авч магадгүй тухай үг цухуйлгана лээ. Уугилт, утаа ихтэй хэмээн тэдний тодотгосон нүүрсийг тэг вэл нийслэлийн гэр хорооллын айлууд бүгдээрээ түлнэ гээд бод доо. Агаарын бохирдол тэр хэрээр өтгөрч таарна. Амны хаалт биш, хорт хийн баг хэрэг болох юм биш байгаа гэсэн айдас өөрийн эрхгүй төрж байна. Уурхайгаас хэрэглэгчдийн гарт очихдоо тонн нүүрс долоо дахин их үнээр нэмэгдэн очиж байгаа учраас үнийг нь хямдруулж, хотоо дулаахан өвөлжүүлэх Ерөнхий сайдын санал санаа чилгыг буруутгах арга алга. Агаарын бохирдлоороо дэлхийд толгой цохиж буй улсын Засгийн газар нь иргэдэд нүүрсээ хямдруулж өгөх шийдвэр гаргаж буй тухай дуулбал дэлхий нийтээрээ нүд нь орой дээрээ гарах нь лавтай.

Утаанд ташуур өгсөн ийм шийдвэр гаргахын оронд шахмал түлшийг илүү хямдаар түлэх боломж бололцоог нь нээж өгч болох байлаа. Нийслэлийн Баянгол дүүргийн есөн хороог “Утаагүй бүс” хэмээн зарлаж, айлуудад утаа бага гаргадаг шахмал түлшийг хямд үнээр хангаж байгаа. Зарим хороо дүүрэгт утаагүй зуух нийлүүлсэнд иргэд ихээхэн ам сайтай байх болсон гээд хотын утааг багасгахаар олон ажил хэрэгжүүлж байгааг үгүйсгэсэнгүй. Утаа багатай, шахмал түлшний үйлдвэр олноор нь барих, нүүрсийг хэрэглээнээс халж, тэнд үйлдвэрлэсэн түлшийг айлуудад нийлүүлэхэд анхаарч яагаад болохгүй гэж. Гэтэл саяхан Хотын мээр шахмал түлшний үйлдвэрийн төсөл туршилтын шатандаа зогссон, утаагүй түлш үйлдвэрлэх ажил лөөлөө болсон тухай мэдээлсэн. Түүний дурдсанаар ирэх оны төсөвт Агаарын бохирдлыг бууруулах санд тодорхой мөнгө суулгаагүй гэнэ. Улаанбаатарын агаар цэнгэг болсондоо биш л байлтай. Дэлхий нийтээрээ эрчим хүчний бусад эх үүсвэр, нар салхины энергийг амьдрал ахуйдаа нэвтрүүлж, иргэдэд ээлтэй эко хот байгуулахаар төлөвлөх болсон энэ үед бид утаагаа илүү өтгөрүүлэх, бас нүүрсээ хямдаар авах боломж эрэлхийлж суугаа нь хэр оновчтой вэ?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих