Өөрийгөө ялсан хүн л бусдыг ялж чаддаг

“Би тамирчин хүн учраас эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах ёстой. Тиймээс маш том зорилго тавьж, үүргээ ухамсарласан. Зорилгодоо хүрэхийн тулд хичээж л явна” хэмээн ярих энэ бүсгүйг Э.Мандахнаран гэдэг.

Тэрбээр арав гаруй жил даамаар хичээллэжээ. Монгол улсын спортын мастер зэрэгтэй. Түүнийг Азийн даамын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хилийн чанадыг зорихоос нь өмнө амжиж, “Шинэ танил” буландаа урьсан юм.

-Франц улсад болсон Дэлхийн оюуны спортын II наадамд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн. Тун удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорих гэж байна. Бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Оюуны их спортод эх орноосоо гурвуулаа оролцоод ирсэн. Удахгүй Малайзад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд явна. Энэ тэмцээнд түрүүлбэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Тиймээс маш хариуцлагатай хандах учиртай. Манай улсаас дор хаяж зургаан хүн явах байх. Ямар хүмүүстэй явахаа одоохондоо мэдээгүй байна.

-Тэмцээнд оролцох үед гарах зардлыг зохион байгуулагч орон даах уу?
-Үгүй ээ. Даамаар хичээллэж байгаа хүмүүс олон улсын тэмцээнд оролцохдоо өөрийнхөө болон дасгалжуулагчийнхаа зардлыг өөрсдөө даадаг юм.

-Ивээн тэтгэгчийн асуудлыг Монголын даамын холбоо шийдэж өгдөггүй юм уу?
-Санхүү бол бидэнд тулгардаг хамгийн том асуудал. Монголын даамын холбооноос ямар нэгэн зохицуулалт хийдэггүй учир хувиараа спонсор хайх талаар бодож байгаа. Гэвч одоохондоо хайж үзээгүй л байна.

-Олон улсын тэмцээнд оролцох нь даамчдын хувьд нэлээд том эрсдэлийг дагуулдаг байх нь ээ?
-Тамирчин хүн бүр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах үүрэг хүлээдэг. Үүргээ биелүүлэхийн тулд маш том зорилго тавьдаг. Тэр зорилгын маань дэргэд мөнгө, санхүүгийн асуудал жижигхэн л дээ.

Хүн зорилгодоо хүрэхийн тулд эрсдэлээс айдаггүй байх хэрэгтэй. Би өөрийгөө тодорхой хэмжээний зоригтой гэж боддог. Тухайлбал, би 2010 онд ОХУ-ын Сахад болсон Эмэгтэйчүүдийн дэлхийн цомын төлөөх тэмцээнд Ази тивээ төлөөлж, ганцаараа оролцсон. Тухайн үед тэмцээний хугацаа дөхчихсөн байтал намайг дагаж явах дасгалжуулагч байхгүй, Монголын даамын холбооноос дагаж явах хүн олдохгүй байсан. Хэл сайн мэдэхгүй, зааж зөвлөх хүн байхгүй гээд олон асуудал тулгарч байсан ч тэмцээнд оролцох хүсэл маань тэр бүхнийг давж гарсан. Тиймээс ч ганцаараа яваад, чансаагаараа дэлхийд дээгүүрт ордог хүмүүстэй тоглож, 5-6 хүнтэй нь тэнцсэн. Өөрийнхөө хэмжээнд чамлахааргүй амжилт үзүүлсэн гэж боддог.

-Оюуны спортынхонтой уулзах бүрт “Олон улсын тэмцээнд дасгалжуулагчгүй явсан” гэх юм?
-Тамирчин хүний хамгийн ойрын туслагч нь дасгалжуулагч байдаг. Энэ ч утгаараа дасгалжуулагчгүй явах хэцүү. Анализ хийх, тусалж дэмжих, зааж зөвлөх хүн байхгүй, бүх зүйлийг бие дааж хийх хэрэгтэй болдог. Бусад орны тамирчдыг ажиглаад байхад баг бүр өөрийн гэсэн дасгалжуулагч, зарим тамирчин нь хувийн дасгалжуулагчтайгаа ирсэн байдаг.

-Олон улсын тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн тохиолдолд улсаас ямар нэгэн шагнал урамшуулал олгодог уу?
-Би өмнө нь хичээл сургуульдаа анхаараад, олон улсын тэмцээнд тэр бүр оролцдоггүй байсан. Өнгөрсөн хавар их сургуулиа төгссөн болохоор саяхнаас л олон улсын тэмцээнд идэвхтэй оролцож байна. Олон улсын тэмцээний хувьд Олимпийн болон Олимпийн бус төрөл гэдгээрээ шагналынх нь хэмжээ ялгаатай байдаг юм билээ. Манай улсын хувьд оюуны Олимпид амжилт үзүүлсэн тамирчинд ямар нэгэн шагнал урамшуулал олгох талаар ямар ч бодлого, заалт байдаггүй.

-Дунд сургуулийн нэгдүгээр ангид байхаасаа даам тоглож эхэлсэн гэж сонссон?
-Тийм. Би Сүхбаатар аймгийн Түвшин­ширээ сумынх л даа. Намайг нэгдүгээр ангид ордог жил манай сумын сургуульд даамын дугуйлан хичээллэж эхэлсэн юм. Дугуйлан нээгдээд удаагүй байтал Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ойн нэрэмжит багийн тэмцээн болсон. Тэр тэмцээнд багшийнхаа хоёр хүүгийн хамт баг болж оролцоод, хүрэл медаль хүртсэн маань надад их урам зориг өгсөн.

Тэмцээн, уралдаанд оролцож, амжилт үзүүлээд ирэхээр гэрийнхэн маань намайг дэмжиж, тавдугаар ангид байхад маань Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Улмаар 100 буудалт даамын улсын шигшээ багт орж, хичээллэх болсон.

-Бага насны хүүхдүүд оюуны спортоор хичээллэж, амжилт гаргахад бодож тун­гаах, төвлөрөхөөс илүү тухайн хүний шар хор их нөлөөлдөг гэдэг. Та хэр шартай хүүхэд байв?
-Би их шартай. Ахтайгаа орой бүр арав тоглож, ихэнхдээ хожигддог байлаа. Би ялагдах дургүй. Уйлаад л тоглодог байсан. Хор шартай хүн л аливаа зүйлд амжилт гаргадаг гэж боддог. Гэхдээ хор шараа зөв зүйлд ашиглах хэрэгтэй.

-Ялагдал танд юуг мэдрүүлдэг вэ?
-Дунд сургуулийн сурагч байхдаа уйлаад л “Энэ хүүхэдтэй дахиад таарч тогловол заавал хожино доо” гэж бодоод л өнгөрдөг байсан. Харин одоо бол арай өөр. Алдаа, оноогоо үнэлж цэгнэж, хариуцлагаа ухамсарладаг болсон.

-Хамгийн хэцүү ялагдалтай хэзээ нүүр тулсан бэ?
-Оюуны спортын II наадмын багийн тэмцээнд хүрэл медалийн төлөө тоглоод, харамсалтайгаар ялагдсан. Хамгийн гол нь би багийнхаа нэгдүгээр ширээн дээр сууж байсан. Өөрийнхөө төлөө биш багийнхаа төлөө тоглосон учраас хариуцлагаа маш сайн ухамсарласан. Хэдийгээр чансаагаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг хүнд хожигдсон боловч түүнийг хожиж чадна гэсэн итгэл надад байсан. Тэр л хамгийн хэцүү ялагдал байсан даа.

-Оюуны спортынхон олон нүүдлийн цаадахыг тооцоолдог. Амьдрал дээр ч бас тэгдэг үү?
-Аливаа асуудалд аль болох нухацтай хандахыг л хичээдэг. Амьдрал болон даамын хөлөг дээр гаргаж байгаа шийдвэр маань хэр ойролцоо байдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Даам тоглож байхдаа бүх хувилбарыг тооцож үздэг шигээ амьдралын асуудалд ч бас тэгж л хандахыг хичээдэг. Гэхдээ даамын хөлөг дээр ганцхан тархи ашигладаг бол амьдралын зарим асуудалд зүрх сэтгэлээ ашиглах хэрэгтэй.

-Та даамын хөлөг дээр ихэнхдээ ялалт байгуулдаг. Амьдрал дээр таны байгуулах хамгийн том ялалт юу байх бол?
-Би хараахан олон улсын цол хүртэж амжаагүй яваа. Цаашид дэлхийн хэд хэдэн удаагийн аварга, спортын их мастер болохыг хүсдэг. Надад нас, эрүүл саруул ухаан байна. Зоривол зорилгодоо хүрэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь залхуурлаа ялан дийлэх л хэрэгтэй. Хэдийгээр би бэлтгэл сургуулилтаа хийдэг боловч тодорхой хэмжээнд зал­хуурдаг. Өөрийгөө ялан дийлж байж л бусдыг ялж чадна шүү дээ.

-Та Монголын эмэгтэй даамчдаас чансаагаараа нэгдүгээрт бичигддэг. Энэ ч утгаараа өөрийнхөө давуу талыг ч бас олж хардаг байх?
-Би даамандаа нэлээд авьяастай юм шиг санагддаг. Зарим хүн санхүүгийн болон гэр бүлийн асуудлаас болоод цаашид даамаараа явах үгүйгээ ч шийдээгүй байх нь бий. Харин миний зорилго тун тодорхой. Зорилгоо тодорхойлчихсон, түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөх ёстойгоо ухамсарласан. Энэ л миний давуу тал юм болов уу.

-ХААИС-ийг маркетинг менежментийн чиглэлээр төгссөн гэсэн. Мэргэжлээрээ ажиллах уу?
-Би мэргэжилдээ хайртай. Гэхдээ чухам хэзээнээс ажиллаж эхлэхээ хараахан шийдээгүй байна. Шийдвэр гаргах үедээ л явж байна.

Би багаасаа даамаар хичээллэсэн болохоор өөрийгөө мэргэжлийн түвшинд маш сайн бэлтгэе гэж бодож байгаа. Цаашид Монголын даамын холбоонд ажиллаж, спортын хөгжлийн төлөө хийж чадах бүхнээ хийхийг хүсч байна. Ингэхийн тулд би өөрийнхөө түвшинг бий болгох хэрэгтэй. Бэлтгэл сургуулилтдаа анхаарч, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, зэргээ ахиулах хэрэгтэй.

Бүх зүйлийг л залуу хүний нүдээр харж байна. Ингээд харахад биеийн тамир, спортын бодлогод дутагдалтай зүйл олон байгаа юм шиг санагдаж байна. Чухам юу нийгмийн массад илүү хэрэгтэйг харж, спортын арга хэмжээнүүдийг төлөвлөдөг байгаасай гэж хүсдэг. Энэ бүхэнд би одоохондоо нөлөөлж чадахгүй л дээ. Гэхдээ өөрийнхөө чадах, нөлөөлөх хэмжээнд очихыг хичээж л явна. Тамирчин хүн учраас цаашид ч спортыг хөгжүүлэхийн төлөө хийх ажил олон гарч ирэх байх.

Ц.Баттуяа


URL:

Сэтгэгдэл бичих