Төв банкны эхний “нүүдэл”

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ажилтай, орлоготой монгол хүн багтсан бол Монголбанк чинээлэг дундаж давхарга, нам инфляцийг онилсон юм. Тиймээс ч төв банкны ерөнхийлөгч ирэх онд инфляцийг найман хувьд  буюу нэг оронтой тоонд барина хэмээн зоригтой дуугарсан. Түүний энэхүү мэдэгдлийг Н.Золжаргалын мөрөөдөл, ингэх боломжгүй хэмээн зарим эдийн засагчид буруушааж, үгүйсгэж байгаа билээ.

 

Үүний хариуд Н.Золжаргал “Болгох гээд л зүтгэе. Хэрэв ирэх оны өдийд инфляци найман хувьд хүрээгүй байх юм бол намайг юу ч хийгээгүй гэж бод” хэмээн “хэгжүүрхсэн”. Ямартай ч энэ удаад Засгийн газар, төвбанк нэгэн зүгт харлаа хэмээн мэргэжилтнүүд сайшааж буй. Одоогийн байдлаар нийлүү­лэлтийн гаралтай инф­ляци 15 хувьд хүрээд байгаа юм.

 

Тодруулбал, махны үнийн нөлөөгөөр Улаанбаатар хотын жилийн инфляци өнгөрсөн дөрөвдүгээр сард тасралтгүй өсч, 17.8 хувьд хүрч, наймдугаар сард буурч 14.9 хувьд хүрсэн билээ. Харин наймдугаар сард хүнсний үнэ, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ буурсан ч боловсролын үйлчилгээ болон орон сууц, түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан жилийн инфляци ялимгүй өссөн тухай саяхан мэдээлж байсан.

 

Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Шатахууны бөөний худалдаанд татварын хөнгөлөлт эдлүүлдэг тогтолцоог өөрчилж, жижиглэнгийн үнийг тогтворжуулах бодлого барих” хэмээн заасан билээ. Энэ хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж болон дотоод зах зээлийн жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

 

Тодруулбал, Уул уурхайн яам, Монголбанктай хамтран “Стратегийн бүтээг­дэхүүний санхүү­жилтийн схе­мийг нэвт­рүүлэх дэд хөтөлбөр”-ийг хамтарсан тушаалаар баталсан билээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголбанкны ерөнхий­лөгч Н.Золжаргал нар гарын үсэг зурсан юм. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт Газрын тосны газар, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл гарын үсэг зурсан.

 

Энэ хөтөлбөр нь шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих зорил­готой аж. Шатахууны үнийг тогтвортой барихын тулд санхүүжилтийн хоёр арга хэрэгслийг ашиглахаар тохиролцсон байна. Тодруулбал, Монголбанк шатахуун импорт­логч компаниудтай гурван сарын хугацаатай форвард хэлцэл хийх юм. Ингэснээр шатахуун импортлогч компа­ниуд шатахуун худалдаж авах ам.доллараа хэлцэл хийсэн үнээр худалдаж авах аж.

 

Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш өссөн ч, буурсан ч хэлцэл хийсэн ханшаар төгрөгөө ам.доллар руу шилжүүлэх юм байна. Энэ нь валютын ханшийн эрсдэлээс компаниудыг хамгаалж байгаа хэрэг хэмээн энэ үеэр төв банкны зүгээс тайлбарласан. Мөн Монгол­банк шатахуун импорт­логч компаниудад зориулсан зээлийн шугамыг арилжаа­ны банкуудаар дамжуулж нээхээр болжээ.

 

Зээлийн шугамын нийт санхүүжилт 120 тэрбум төгрөг байх боломжтой аж. Зөвхөн шата­­хуун импортлогчдод зориул­сан энэ зээлийн хүү зах зээлийнхээс маш бага байхаар тохирсон байна. Зээлийн санхүүжилтийн хүүг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тогтоох аж. Харин энэ үеэр Уул уурхайн сайд Г.Ганхуяг “Зээлийн хүү сарын нэг хувиас бага байна” хэмээн хариулсан юм.

 

Санхүүжилтийн хүү багассан нь  импортлогчдод жижиглэн худалдааны үнийг тогтвортой барих нөхцлийг бүрдүүлнэ гэж талууд үзэж байгаа юм. Нефть, хийн ассоциацийн гүйцэтгэх захирал Р.Батбаяр шатахуун импортлогчид их багаасаа шалтгаалан жилийн 9-18 хувийн хүүтэй зээлийн санхүүжилт авдаг байсныг мэдэгдсэн.

 

Тодруулбал, Төв банкнаар дамжуулж шатахууны үнэ өсөх голлох шалтгааны нэг болох валютын ханшийн хэлбэлзлийн нөлөөллийг багасгах учир­тай гэрээг үзэглэсэн юм. Хамгийн гол нь ийнхүү гэрээг байгуулснаар шатахууны үнэ одоо байгаагаараа тогтвортой байх гэнэ. Шатахууны хувьд хойд хөршөөс хараат байдаг манай улсын хувьд ОХУ-д үнэ нэмэгдэх төдийд үнэ ханш өсч, эдийн засаг нь савлаж байдаг.

 

Улмаар бензиний үнэ нэмэгдсэнээр бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш нэмэгдэж, ард түмний нуруун дээр хүнд ачаа болдог юм. Ёстой л өнөөх далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарахын үлгэрээр ганц улсаас хараат байхын горыг хангалттай мэдэрч яваа хүмүүс. Тиймээс ч газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг хамаарлаас ангижрах гарцыг эрэлхийлж байна.

 

Гэхдээ юун түрүүнд жижиглэнгийн үнийг тогтвортой барих арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Өнгөрсөн нэгдүгээр сард огцом нэмэгдэж, сар шинээр монголчуудыг явгаруулж байсан шатахууны үнийг  тогтвортой байлгахын тулд Монголбанк, шатахуун импортлогч компаниудтай хамтарч гэрээ байгуулсан хэрэг. Үндсэндээ талууд экспорт, хилийн үнээс гадна гадаад валютын үнийн өсөлтийг барих арга хэмжээ авч болохоор юм гэж үзжээ.

 

Ер нь дэлхийд ирэх жил газрын тосны бүтээгдэхүүн харьцангуй тогтвортой байх хандлагатай байгааг ч энэ үеэр онцолж байв. Төв банктай хамтарч валютын нөлөөллөөс гарахын тулд шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгох юм. Учир нь шатахуун импортлогч компаниуд шатахуунаа авахын тулд өндөр хүүтэй зээл авдаг.

 

Харин шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд энэ өндөр хүүтэй зээлийг Төв банктай хамтраад хөнгөлөх юм. Өөрөөр хэлбэл  импортлогчдыг хүү багатайгаар санхүүжүүлэх аж. Шатахууны үнийг барих зорилгоор олгож буй зээлийн хүүг нэг оронтой тоонд барих зорилготой байгаа бөгөөд  тухай бүрт нь Төв банк хүүгийнхээ хэмжээг зарлах юм байна.

 

Түүнчлэн одоогийн байдлаар “Эм-ойл”, “Шунхлай”, “Магнай трейд” гэх зэрэг дөрвөн компани гэрээ байгуулаад байгаа юм.  Цаашдаа “Петровис”, “Ник” компаниуд гэрээнд гарын үсэг зурна гэдгээ илэрхийлжээ. Уг гэрээ дөрвөн жилийн туршид хүчинтэй бөгөөд  Улсын газрын тосны бүтээгдэхүүний баталгаат нөөц 34-35 сая тонн байгаа аж.

 

ОХУ шатахууны экспортын татвараа нэмснээр Монголд нийлүүлэх импортын үнэ дагаад нэмэгдсэн. Тиймээс шатахууны үнэ өсөх нь гэсэн айдас олны дунд байсан бол ийнхүү гэрээнд талууд гарын зурж, харилцан ойлголцсоноор ямартай ч ирэх дөрвөн жилд жижиглэнгийн үнэ өсөхгүй нь. Ийнхүү шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барьснаар Монголбанк амлалтдаа хүрэх эхний алхмаа хийлээ.

Х.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих