Хоосрол
Монгол Улсын хувьд газрын хэвлий дэх эрдэс баялгаа нээсэн нь монголчуудын хувьд бөөн баяр болж хувирсан. Тэр ч утгаараа газрын хэвлий дэх баялгаа хүн болгонд хүртээхээр төр засаг хэрдээ л санаа тавьж хувь, хишиг хүртээж эхэлсэн. Гэвч хэдхэн хоногийн өмнө иргэд сар бүр олгож буй 21 мянган төгрөгөө авахаар “алалцаж” байхыг хараад сэтгэлээр унаж орхилоо.
Ядаж байхад банкууд мөнгө олгохдоо анхаарал хандуулааүйгээс уртаас урт дараалал үүсч, хүмүүс өглөөний долоон цагт очиж дугаар авдаг гэнэ. Хэн нэгний өдрийн хоолонд ч багаддаг эл мөнгө энгийн иргэдийн хувьд итгэл найдвар, амьдралынх нь баталгаа болж байгааг харахад таатай сэтгэгдэл төрсөнгүй. Зүгээр л тэр гэхийн тэмдэггүй гуниг төрж, ихэнх монголчууд ийм л хэцүү, тарчигхан амьдралыг туулж яваа юм байна даа гэх харуусал төрсөн.
Хаа сайгүй тааралдах байхгүйн зовлонд ноёлуулж буй монголчууд хэд билээ гэх эмзэглэл мэдрэгдсэн. Хүн амын тоотойгоо харьцуулахад хэтэрхий гэчихмээр уудам нутагтай, басхүү хаа сайгүй газрын хэвлийд нь эрдэнэс илэрдэг Монгол Улсын хоёр сая долоон зуугаад мянган хүний 80 орчим хувь нь эмзэг гэхүйц амьдралтай гэх судалгааг хараад эрхэм дээдэс гэгддэг төр засгийн удирлагуудад уур хүрсэн.
Саяхан Азийн хөгжлийн банкныхан судалгаа хийгээд Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдэд бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч өвчтэй байжээ. Түүнээс гадна манай улсад гадаадаас орж ирж буй янз бүрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор бөгөөд харин ч эсрэгээрээ тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчдийг авах зэргээр асуудлыг улам даамжруулдаг болох нь тогтоогдсон аж.
Судалгаанд тэмдэглэснээр хамгийн хачирхалтай нь энэ бүх гашуудалт асуудлууд Монгол Улсын Засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгууллагуудын нүдэн дээр ил өрнөдөг ч энэ нь тэдний анхаарлыг татдаггүй хэмээсэн байх юм. Үнэндээ ч 2.7 сая хүн амтай, улс төр, нийгмийн харьцангуй тайван тогтоцтой манай улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр, нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдэрч буй нь эмгэнэлтэй асуудал гэхээс өөрөөр юу гэхсэн билээ.
Эцэст нь тэмдэглэхэд энэ цагийн Монгол Улсын эдийн засгийн доройтол нь авлига, хээл хахууль гэхчлэн олон зүйлтэй холбоотой. Улсын маань хүн амын 80 шахам хувь нь туйлын ядуурлын байдалд аж төрдөг гэх статистикийн дүн эзэн Чингисийн үр сад хэмээн хөөрөлхөн цээжээ дэлдэгч энэ цагийн монголчуудын / дарга цэрэг бүгд/ сэтгэлгээний ядуурал, хэрээс хэтэрсэн гэж хэлж болохуйц хоосролтой холбоотой. Ядуурал хоосролтойгоо яг өнөөдрөөс л тэмцэхгүй бол хөх толбот монголчууд түүхэнд тэмдэглэгдэн дурсамж болон үлдэх нь ээ гээд хэлчихэд нэг их хатуудахгүй л болов уу.
Х.Хүслэн
Эх сурвалж: “Улаанбаатар”
URL: