Челси улирлын анхны хожигдлоо амслаа
Английн премьер лигийг найман тойргийн дараах байдлаар 22 оноотой итгэл төгс тэргүүлж явсан Лондоны “Челси” клуб өнгөрсөн шөнө талбай дээрээ “Манчестер Юнайтед” клубыг хүлээн авч тоглон, 2:3-аар хожигдлоо. Тэдний хожигдлын гол буруутан шүүгч байсан гэхэд болно. Уг нь тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй, гоол арвинтай болж байхад талбайн шүүгч бүх зүйлийг нураав. Тоглолт дөнгөж эхлээд гурав дахь минутад Ван Персигийн цохисон бөмбөг хөндлөвчид ойж, Давид Луйзын биед ойн хаалганд орчихов. Улмаар 12 дахь минутад Перси өөрөө гоолдсоноор, улирлын долоо дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Яг өмнөх тоглолт шигээ дүр зургаар эхэлсэн тоглолт тэр жамаар үргэлжлэв. Эхний үеийн цаг дуусахтай зэрэгцээд 44 дэх минутад Мата чөлөөт цохилтоос гайхалтай гоол оруулж, тооны харьцааг ойртуулсан. Улмаар хоёрдугаар үеийн 53 дахь Рамерис гоолдож, тэнцүүлсэн. Ийн хоёр багийн тоглолт ном журмаараа явж байхад 62 дахь минутад шүүгч “Челси”-гийн хамгаалагч Ивановичид улаан хуудас өгч, талбайгаас хөөв. Ингээд ч дуусаагүй 68 дахь минутад Торресыг жүжиглэсэн хэмээн эндүүрч, хоёр дахь шар хуудсыг нь гардуулснаар “Цэнхэрүүд” талбай дээр наймуулаа үлдсэн. Нэгэнт хоёр хүний илүүтэй болсон “МанЮ”-гийнхан довтолгооны шугамаа зузаалж, Чичаритог оруулж ирэв. Мексик довтлогч орж ирээд удаагүй байхдаа буюу 75 дахь минутад гоолдож, багаа ялалтад хөтөлсөн. Гэхдээ тэрбээр отон тоглолтоос гоол оруулсныг шүүгчид бас л харсангүй. Ийнхүү “Челси” шүүгчийн бураагаас болж хожигдлоо. Гэвч тэд 22 оноотой хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдэв. Тэдний араас Манчестер хотын багууд нэхэж байна.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: