Д.Баянбат: Арван хоёр давхраас унаж байхдаа торноос нь барьж авч амьд гарчээ
-БАРИЛГА ДЭЭРЭЭС УНАЖ БАЙХДАА ЮМНААС Л ЗҮҮГДЭЖ БАРЬЯ ГЭЖ БОДСОН-
Баянзүрх дүүргийн XIX хороонд орон сууцны зориулалттай баригдаж байсан 13 давхар барилга дээр ажиллаж байсан хоёр хүн унаж, нэг нь газар дээрээ нас барж нөгөөх нь хүнд бэртэл авсан ноцтой осол гарсан. Тэд “Гангар инвест” компанийн барилгын гадна талын дүүжин тавцан дээр ажиллаж байгаад тороос нь тасарч ийнхүү осолджээ. Өндрөөс унаад амьд үлдсэн Д.Баянбаттай уулзсан юм. Тэрбээр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байв.
-Бие нь яаж байна даа. Ослын талаар санаж байна уу?
-Бүгдийг нь санаж байна. Гадаа дүүжин тавцан дээр гурвуулаа ажиллаж байсан. Нэг харсан чинь цахилгааны утас тороостой орооцолдчихсон байсан. Очоод салгах гэхэд маслаад пис пас гээд тороос шууд тасарчихсан.
-Тантай цуг ажиллаж байсан нэг хүн нас барсан байна лээ?
-Тийм ээ. Гурвуулаа ажиллаж байсан. Миний зогсож байсан талын тороос нь тасраад доошоо шидэгдсэн. Цаад талд нь зогсож байсан залуу амьд гарсан байна лээ. Би доошоо унаж байхдаа ямар ч байсан нэг юмнаас л барьж авах юмсан гэж бодсон. Тэгээд хоёр давхар хавьцаа байх, тороосноос гараараа барьж авсан, гэвч гар маань тасраад доошоо унасан. Ухаан алдаж л болохгүй, тэгвэл үхэх байх гэж бодсон.
-Цахилгаан маслахад тороос тийм хурдан тасарсан хэрэгүү. Харанхуй болсон байх үед ажиллаж байсан гэсэн. Яагаад тэр вэ?
-Тороос доороо тасарчихсан. Одооны тороос голдоо шар олстой байдаг юм байна лээ.
Хүйтэрч байгаа болохоор барилгын компаниуд халаалт, дулаанаа татаж авах гээд шахаж ажиллаж байгаа. Хоёр, гурван хоногийн өмнө компани хуралдаад 24 цагаар ажилла гэж хэлсэн гэсэн. Тэгээд ажилчид чадахгүй гээд өглөө 09 цагаас орой 20 цаг хүртэл ажиллаж байсан.
-Осол гарахад хэдэн цаг болж байсан юм бэ?
-19 цаг өнгөрч байсан. Гадаа харанхуй болсон учраас 13 давхрын өрөөнөөс цахилгааны утас татаж гэрэл тусгаж ажиллаж байсан юм хэмээв.
Түүний биеийи байдал муу байсан учраас удаан ярилцаж чадаагүй юм. Зүүн гар нь тохойноосоо дээгүүр тасарсан бөгөөд бөгсөн биеэрээ газар унаснаас аарцагны яс нь бяцарч, уушги нь задарсан аж. Эхнэр нь түүнд хоол, цайг нь халбагадаж өгч байсан Дуу нь гарч өгөхгүй, хөлс нь цутгаж байв. Сэхээн амьдруулах тасгаас гарах үед Д.Баянбатын хажууд хэвтэж байсан залуу мөн барилга дээр ажиллаж байгаад осолдсон гэх нь сонсогдлоо. Сүүлийн үед барилга дээрээс хүн унаж, осолдох тохиолдол эрс нэмэгдсэн гэж эмч нар хэллээ.
Х.ЦЭНД-АЮУШ
URL: