Цахим үнэмлэх эзэддээ очиж байна уу
Монголчууд нийтээрээ “ухаалаг” цахим үнэмлэхтэй болж байгаа. Энэхүү үнэмлэх дээр тухайн иргэний талаарх мэдээллийг “чийп” хэлбэрээр суулгасан. Шаардлагатай тохиолдолд тухайн хүний хувийн нууц мэдээллийг “чийп”-ээс унших боломжтой.
Цахим үнэмлэх хэвлэх ажил улсын хэмжээнд 80 гаруй хувьтай байгааг албаны хүмүүс мэдээлсэн. Харин үүнийг тараах, эздэд нь хүргэх ажил орон даяар өрнөж байна. Манай аймагт цахим үнэмлэх тараах ажил 63,5 хувьтай яваа талаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлсэн. Гэтэл энэхүү цахим үнэмлэх тараах ажил газар дээрээ бүр тодруулбал, баг дээр хууль журмаас гадуур хийгддэг гэхэд болохоор. Хэвлэгдсэн цахим үнэмлэхийг төрийн анхан шатны нэгж болох багаар дамжуулан иргэдэд олгож байгаа.
Гэтэл багийн дарга, зохион байгуулагчид, хэсгийн ахлагч нар иргэдийн цахим үнэмлэхийг тараах гэж үнэхээр гурилдаж сууна. Биднийг Их залуу баг дээр очиход багийн Засаг даргын өрөөний үүдэнд хэсгийн ахлагч нар ширээ тойрон сууцгааж орж ирсэн иргэдэд цахим үнэмлэх тарааж байна. “Та чинь аль хэсэг билээ. Аан тийм, таны цахим үнэмлэх энэ байна. Хажуу айлын Баяраагийн дөрвөн үнэмлэхийг оруулаад өгчих. Май” гэх ч юм уу цахим үнэмлэхээ авахаар ирсэн иргэнийг “Чинийхийг өгөөд явуулсан. Одоо болтол аваагүй юм уу. Юун арчаагүй юм бэ. Танай гудамжны Дамбаар явуулсан. Утсаар нь яриад үнэмлэхээ ав” гэх зэрэг халуун яриа өрнөж байв.
Түүгээр ч үл барам цахим үнэмлэхээ авахаар ирсэн нэгэн иргэнийг “Та нарын цахим үнэмлэхийг хүргэн ахад чинь өгсөн. Аваагүй юм уу. Асуугаад хариугаа хэл. Яах гээд ажил удаад байгаа юм бэ” хэмээн хэсгийн ахлагч эмэгтэй уурлах нь энд төрийн ажил явагдаж байна уу, хувийн байгууллагын захирлын өрөөнд ороод ирсэн үү гэсэн эргэлзээг төрүүлж байлаа. Цахим үнэмлэхээ гар дээрээ аваагүй, хот хөдөөнөөс шилжин ирэгсдэд “Та нарын цахим үнэмлэх гараагүй. Хаанаас шилжиж ирлээ, тэр газраасаа асуу. Зарим хүний өмнө нь амьдарч байсан газраа гарсан. Тиймээс тэндээсээ асуу. Ажил их байна. Дараагийнх нь хэн бэ” хэмээн командалж буй нь үнэхээр сүртэй.
Гэтэл цахим үнэмлэхний зэрэгцээ Их залуу баг дээр МАН-ын гишүүдийн уулзалт болж байна. Яагаад МАН- ынх гэвэл ойлгомжтой. Их залуу багийн дарга Я.Тунгалаг МАН-ын гишүүн, тус намаас багийн Засаг даргаар сонгогдсон. Хэсгийн ахлагч нь үнэмлэхээ авахаар ирсэн иргэнийг намын үүр дээрээ бүртгүүлээрэй гэж үүрэгдэж суусан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалд “Цахим үнэмлэхийг тухайн иргэнд өөрт нь олгоно” хэмээн заасныг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын байцаагч Ө.Ганзориг “Цахим үнэмлэхийг өөрт нь биш, бусдад өгч тараалгаж болно.
Цахим үнэмлэх тараах журманд ч байгаа” хэмээн өөрийнхөөрөө тайлбарлалаа. Орхон аймгаас бусад газар иргэдийн хуучин үнэмлэхийг хүчингүй болгосон тэмдэглэгээ хийсний дараа өөрт нь цахим үнэмлэх олгож буй дүрс орой бүр телевизээр гарч байгааг энэ албан тушаалтан хараагүй бололтой. Саяхан УИХ-аас баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд иргэд цахим үнэмлэхтэйгээ ирж сонгуульд оролцон саналаа өгнө гэсэн заалт орсон. Гэтэл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэдийн цахим үнэмлэхийг тараах ажилд хяналт тавихгүй, багийн Засаг дарга нарт нь өгвөл боллоо гэсэн байдлаар хандаж байна. Багийн Засаг дарга нар нь өөрсдийн итгэлтэй хүн, намын гишүүдийнхээ цахим үнэмлэхийг тараачихаад найдваргүй, өөр намын гишүүдийн үнэмлэхийг “гол гаргаж” таньдаг, таньдаггүй хүнээр дайсан нэр зүүж хууль зөрчиж байна.
Орхон аймгийн хэмжээнд сонгуулийн насны 65 мянга гаруй иргэн цахим үнэмлэх авахаас 2000 гаруй иргэний үнэмлэх хэвлэгдээгүй хэмээн хүмүүсийг буцаасан аж. Сонгогчдын орон нутгийн шийдвэр гаргах байгууллагад төлөөллөө сонгох эрхийг нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Баян-Өндөр сумын зарим нэг багийн дарга нар хөсөрдүүлж, энэ мэтийн зөрчил гарган төрийн ажлыг гууль болгож байна.
Н. Төр (Эрдэнэт)
URL: