Оросын эрэгтэй жүдочид дэлхийн аварга боллоо

Бразилийн Сальвадор, Бахиа хотуудад дөрвөн жилд нэг удаа болдог жүдо бөхийн багийн ДАШТ амжилттай зохион байгуулгдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд дэлхийн шилдэг эмэгтэй 16, эрэгтэй 14 баг өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд Японы баг алтан медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн тэмцээн өнгөрсөн шөнө болж ОХУ-ын жүдочид алтан медаль хүртжээ. Лондоны олимпод багаараа түрүүлсэн “оросын баавгай”-нууд хүчтэй байгаагаа ийнхүү дахин нотоллоо. Манай багийн хувьд эхний учраа БНСУ-ын багийг барсангүй. Энэ хэсгээс БНСУ Алжирийн багийг хожин нэгээр шалгараад улмаар хагас шигшээд ОХУ-ын багт ялагдал хүлээсэн юм.

Аваргын төлөө ОХУ-Японы багийн хооронд болсон барилдаанд М.Эбинума Пуляевыг цэвэр, Я.Авано Кайтмозовыг юүкогоор хожин жүдогийн эх орны баг тэргүүлж эхэлсэн. Гэвч сүүлийн гурван барилдаанд Нагашима Мурат Хабачировт, олимпийн мөнгөн медальт Нишияма Магомедовт, Шичинохэ Александр Михайлинд дараалан дийлдсэнээр алтан медалиа алдаж орхив. Оросын баг дэлхийн аварга бол түүхэндэ нэгэн шинэ хуудсыг бичлээ. Одоогоор жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд маргаангүй хамгийн шилдэг нь тэд юм байна. Дэвжээний эзэн орон Бразил Японд ялагдсан ч хүрлийн төлөө урамтай барилдаж, дэлхийн шилдэг дөрвөн багийн нэг болсон юм. Нөгөө нэг хүрэл медалийг Гүржийн баг хүртжээ.

 

Х.Сайхан

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих