Харчуудын хорооныхон буюу хүрээ соёл
Залуус нийслэл хотоо урд өмнө нь ямар байсныг төдийлөн мэддэггүй. Өнгөрсөн зууны эхэн үөийн нийслэл хүрээн дэх “Харчуудын хороо” хэмээгддэг байсан газрын талаар өгүүльө. Харчуудын хороо нь Их хүрээний зүүн өмнө одоогийн ШУТИС, Багшийн коллежоос урагш Сэлбийн арслантай гүүр хүртлэх газарт үргэлжлэн байрлаж байжээ.
Энд Амбан яамны хороо байсан бөгөөд Манж хятадын сүүлчийн амбан Сандогийн байрлаж байсан хоёр давхар хөх тоосгон барилгад хожим Ардыг гэгээрүүлэх яам байрлаж байжээ. Түүний баруун талд Засгийн газар, нам, эвлэлийн төв хороо, анхны бага сургууль, телефон хороо байрлаж байсан байна. Харчуудын хороонд ёстой л хүрээний нөлөө бүхий сэхээтнүүд, баячууд, гангачууд амьдардаг байсан гэдэг.
Одоогийн МУБИС, НИК-ийн байр байгаа газарт Жонон ван Ширнэндамдин, Хурц гүн Магсаржав, /Богд хаант засгийн газрын шүүх яамны сайд агсан/ түүний хүү дууны үг зохиогч дуучин / Тува улсад элчингээр сууж байсан элчин сайд асан / М.Дугаржав, мөн шүүх яамны дэд сайд Гүрсэд, хичээнгүй сайд Б.Цэрэндорж, НТХ-ны дарга Ц.Дамбадорж зэрэг нам төрийн өндөр албан тушаалтнууд амьдарч байжээ. Энд бас цахар хороо гэж байсан байна.
Ардын манлай баатар Дамдинсүрэн, Баяр гүн Зогсоолон гэх зэрэг цахар, барга айлууд голдуу амьдардаг байсан гэдэг. Мөн Гадаад явдлын яам, Клиникийн төв эмнэлэг, Японы элчин сайдын орчмын газарт Сэцэн хан Эрдэнэ вангийн хэмээх хэдэн хороо байжээ. Хожим Сэцэн хан өвөл зуны ордон, хэдэн хашаа байшинтай байсныхаа заримыг улсад хандив болгон өгсөн гэдэг. Түүний нэг хашаанд нь Д.Сүхбаатар, судар бичгийн хүрээлэн дарга гүн О.Жамъян, Эрдэмтэн Ж.Цэвээн, Хатанбаатар С.Магсаржав, Сангийн яамны сайд С.Данзан, Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан зэрэг улс төрийн зүтгэлтнүүд хөрш амьдарч байсан аж.
Сэлбэ голын эрэг, одоогийн нэгдүгээр төрөхийн зүүн талд Өвөрмонголын ардын намын байр гэж жижиг байшин хашаа 1950-иад оныг хүртэл байсан байна. Өвөрмонголын ардын хувьсгалт нам нутагтаа байх аргагүй болон зугтаж ирсэн нь тэр юм гэсэн. Тус намын дарга Улаанхүү сүүлд нэг удаа ирэхдээ уг байшинг Улс төрийн товчооны гишүүн байсан Г.Балжинням даргад зааж өгч “Энэ байшинг хадгалж түүхэн дурсгалт зүйл болгон үлдээгээрэй” гэж захисан юм гэнэ билээ.
Одоо энэ байшин устжээ. Харчуудын хороогоор лам нар төдийлөн их яваад байдаггүй, залагдсан уригдсан лам нар явж үзэгддэг байсан гэж ярьдаг. Харин энэ хорооны хүүхнүүд ганган дэгжин гэж сүрхий. Тэр үеийн хүрээ соёлыг хадгалан өвлүүлж байсан байдаг. Тухайн үеийн хүрээний харчууд хувцасыг тохируулан цэвэр цэмцгэр өмсөхийн зэрэгцээ эр хүний хэрэглэвэл зохих эдлэлийг жинхэнэ утгаар нь зүүж авч явдаг байжээ. Тэр үед оёж хатгахаас эхлээд хуурамч чанаргүй гэсэн ойлголт байсангүй.
Хүрээний хүүхнүүд хөлсний сүйх тэргэнд суухдаа их л намжиртай эрх дархтай харгаддаг гэж гадаадын жуулчин тэмдгэлэлдээ бичсэн удаатай. Харчуудын хорооныхон усаа хүнээр зөөлгүүлж, модоо хүнээр хөрөөдүүлнэ. Тэр ч бүү хэл захаас худалдаж авсан эд зүйлсээ хүн хөлслөн гэртээ хүргүүлнэ. Нэг хэсэг нь тусгай тогоочтой байсан гэдэг.
Энд ихэнхдээ Монголын нөлөө бүхий хүмүүс амьдардаг байсан учир бичиг соёлд нэвтэрсэн байсан гэдэг. Хятад худалдаачид их байсан учир хүүхнүүдийн багагүй хэсэг нь тамхи татдаг байсан гэж ярьдаг. Харин тухайн үеийн хүрээ соёлоос нэг авууштай юм нь гудамж хашаа хороо нь цэвэр цэмцгэр байжээ. Нүүрс түлдэггүй байсан хэдий ч Нийслэл хүрээ утаатай байсан гэх юм билээ. Харчуудын хорооныхон гэж тухайн үеийн Монголын соёлыг гадаад дотоодынхонд таниулдаг тийм л хүмүүс байж. Н.Лхагва
URL: