Л.Бямбасүрэн: Төрөлхийн дүлий хүүхэд Монголдоо 18 мянган долларын хагалгаа хийлгээд сонсголтой болж байна
Монголд төрөлхийн дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын хагалгаа хийгээд даруй гурван жил болж байгаа юм. Гэсэн ч үнэ өртөг ихтэй, мэдээлэл дутмаг байгаагаас иргэд шинжлэх ухааны энэ ололтыг ашиглаж чадахгүй байна. Энэ талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Чих, хамар, хоолойн тэнхимийн эрхлэгч Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.
- Чихний дун суулгацын мэс заслыг Монголд хэзээнээс хийж эхэлсэн бэ?
- Дунгийн суулгацын хагалгааг 2009 оноос Монголд хийж эхэлсэн. Үүнээс хойш нийтдээ 16 хүнд хагалгаа хийсэн. Ийм хагалгаа хийлгэсэн хүүхэд хоёр, гурван жилийн дараа бусад хүүхдүүдийн явдаг энгийн цэцэрлэгт орсон байгаа. Юу ч хэлдэггүй, сонсдоггүй байсан хүүхэд энэ хугацаанд орчинтойгоо зохицож, үеийнхээ хүүхдүүдтэй адил түвшинд харьцдаг болсон байна. Дунгийн суулгацын хувьд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүнд сонсгол оруулдаг мэс засал. Монголд сонсгол бууралттай, дүлийрэлттэй хүн 200 мянга гаруй байгаагаас төрөлхийн дүлий хүн 10 мянга гаруй байгаа гэсэн мэдээлэл байна.
- Ийм хагалгааг ямар насны хүнд хийвэл илүү үр дүнтэй байдаг юм бол?
- Мэс засал хийлгэж байгаа хүмүүсийн дунд шинэ төрсөн хүүхдээс эхлээд 90 хүрсэн хөгшин хүн гээд насны хувьд янз бүр л байгаа. Бид дунгийн суулгацын хагалгааг долоогоос доош насны хүүхдэд хийвэл илүү үр дүнтэй гэж үздэг л дээ. Хоёр настай хүүхдэд мэс засал хийлээ гэхэд зургаан нас хүрээд сургуульд орохдоо сонсох, ярих, сэтгэх нь үеийнхээ хүүхдүүдтэй адил түвшинтэй болсон байдаг. Хоёр наснаас хойшлох тусам сонсголгүй байсан хүүхдийн хэл ярианы хөгжил удааширдаг талтай. Ялангуяа 20, 30 настай бол хэл ярианы төв нь сэргэхээргүй болсон байдаг. Гэхдээ хагалгааг хийхэд сонсгол орно, харин хэл яриа хөгжихгүй. Ийм учраас ялангуяа бага насны хүүхдэд аль болох нэг сарын өмнө ч гэсэн хийлгэвэл үр дүнтэй. Хоёр настай хүүхдэд мэс засал хийхэд зургаан настайдаа ердийн хүүхэд шиг болсон байхад зургаан настайдаа хийлгэсэн нь есөн нас хүрээд үеийнхнээсээ тодорхой хэмжээнд хоцорсон байдаг. Европт бол хамгийн дээд тал нь 7 настайд нь хийхийг зөвлөдөг.
- Манайд энэ хагалгааг хийдэг болоод хэдхэн жил болж байна. Төрөлхийн сонсголгүй өндөр настай хүмүүс ч цөөнгүй. Тэд энэ хагалгааг хийлгэх боломж хэр байдаг вэ?
- Бид юуны түрүүнд хэл яриа нь хөгжихгүй, нийгмийн харилцаанд жирийн хүмүүс шиг оролцох боломжгүй гэдгийг нь хэлдэг. Хагагалгаа хийсний дараа амьдралдаа дуу чимээ сонсч, ярьж байгаагүй учраас орчноо сайн ойлгодоггүй. Гэхдээ машин сигналдах, хаалга тогших зэрэг чимээг ялгаж сонсдог болсноор өөрийгөө нийгмийн дунд авч явах боломжтой болно гэсэн үг. Монголд 21, 28, 29 настай хүмүүс дунгийн суулгацын хагалгаа хийлгэж байна.
- Ийм мэс засал хийхэд ямар үнэтэй байдаг вэ?
- Чихний хагалгаа хийхэд хүний тархины чамархайн ясыг цооолж хийдэг учраас эрсдэл ихтэй, өндөр өртөгтэй байдаг. Солонгост 25 мянган доллар, Австрид 45 мянган доллар. Харин Монголд 18-20 мянган доллараар хийж байна. Одоо бол хагалгаа хийлгэсэн хүмүүс хувиасаа л төлж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын ихэнхи нь 100 хувь нийгмийн даатгалын сангаас төлдөг. Даатгалын байгууллагад бид санал өгсөн ч манай улсын эдийн засгийн байдалтай холбоотойгоор хүлээгдээд байгаа. Уг нь бөөр, элэг шилжүүлэн суулгах хагалгаа даатгалд хамрагдаад эхлэл нь тавигдсан байна.
Мэс засал төлбөртэй байдаг учраас даатгалд хамруулж өгөх нь төр засгийн хамгийн эхний ажил байх. Эмчлүүлье гэсэн олон хүн байна. Хөдөө очиход хэнгэрэг нь цоорхой, дүлий хүн маш олон. Хотод ирээд төлбөр төлөөд эмчлүүлнэ гэдэг хэцүү. Даатгалд хамруулаад төлбөргүй хийдэг болвол тэр олон хүн насан туршдаа дүлий байхгүй. Төрөлхийн дүлий хүүхэд Монголдоо 18 мянган долларын хагалгаа хийлгээд сонголтой болж байна.
-Мэс засал хийхэд хэр хугацаа ордог вэ? Дараа нь чөлөөтэй ярьж, орчиндоо зохицож сурахад хэр удах бол?
- Хагалгаа хийхэд дунджаар 2-3 цаг ордог. Харин хэл яриа заслын хувьд мэргэжлийн эмч долоо хоногт 2-3 удаа хичээллэж, 3-5 жил ажиллана. Дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн хүүхэд огт юм сонсож байгаагүй учраас хэл яриа байхгүй. Өмнө нь ярьж байгаагүй учраа бусдаас гаж авиа гаргаад байдаг. Хагалгаа хийгээд сонсдог болохоор нь машин ингэж дуугардаг, шувуу ингэж жиргэдэг гэдгийг заана. Энэ хагалгааг Монголдоо нутагшуулах болсон нь ч үүнтэй холбоотой. Мөнгөтэй айлын хүүхэд 45 мянган доллар өгөөд Австрид мэс засал хийлгэлээ гэхэд хэл яриа заслаа тэнд хийлгэнэ. Тэгэхээр австри эмч нар монгол хүүхдэд герман хэл заана гэсэн үг. Тиймээс монгол хүүхдэд монгол хэлийг нь заах зорилготой. Ер нь бол нэг сараас 45 хоногийн дараа аппаратыг нь асаадаг. Авиануудыг нь зааж эхлээд гурван сарын дараа гэхэд хэдэн үгтэй болсон байдаг.
- Ямар шалтгаанаар хүүхдүүд төрөлхийн сонсголгүй төрөөд байна вэ?
- Олон шалтгаан байна. Эх нь жирэмсний үедээ хордлоготой байх, янз бүрийн халдварт хүнд өвчнөөр өвдөх, хортой эм тариа хэрэглэх гээд. Мөн удамшлын 30 хувийн магадлалтай. Эх эрүүл байж эрүүл хүүхэд төрнө. Удам нь цэвэр байж дүлий биш хүүхэд төрнө.
- Энэ эмчилгээг Монголд яаж анх нэвтрүүлсэн бэ?
- Хамгийн анх “Эйд” эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор А.Өлзийбаяр гэдэг чих хамар хоолойн эмч Соросын сангийн дэмжлэгтэйгээр Австралид нэг сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Тэнд хичээл орсон профессор Монголд ийм хагалгаа хийдэггүйг сонсоод манайд нэвтрүүлэх санал тавьсан. Тэр эмч Монголд ирээд манай багийнханд заасан юм. Энэ хагалгааг мэс засалч эмч Л.Өлзийбаяр, миний бие, сонсгол судлаач эмч Б.Мишээлт, хэл яриа заслын эмч, ЭМШУ-ны магистр, докторын албаны дарга Б.Ариунтуул, докторант Булган гээд таван эмч хийдэг. Энэ хагалгаа яг хүний нүүрний задралын замын дээгүүр ясыг нь өрөмддөг. Тэгэхээр хүний нүүр мурийх, толгой эргэдэг, тэнцвэр алддаг болох магадлал бий. Энэ хагалгааг 2 жилийн өмнө 5 настай хөдөөний хүүхэд ивээн тэтгэгч олоод Солонгост хийлгэсэн ч нүүр нь мурийчихсан.
- Тэгвэл Монголын мэргэжлийн эмч нарыг хэрхэн бэлдэж байна вэ?
- Энэ бол үнэхээр тулгамдсан асуудал. Ер нь Засгийн газрын чих, хамар, хоолойн эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх бодлого байхгүй. Би гэхэд өөрөө мөнгөө төлөөд АНУ- явсан, өөрөө хөөцөлдөж шалгалт өгөөд Соросын сангийн тэтгэлэгээр Австри явлаа. Гадны сургалт, хуралд суухдаа дандаа өөрсдөө мөнгөө төлнө. Нэг хуралд оролцоход доод тал нь 4000-5000 доллар төлдөг юм. Харин залуу эмч нарын хувьд сүүлд Чих, хамар, хоолойн нийгэмлэг, манай тэнхимээс гурван эмчийг Солонгос руу мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулсан. Энэ тал дээр төрөөс дэмжинэ гэж байхгүй, одоо л дөнгөж үнэр нь үнэртэж байна.
- Дунгийн суулгацын хагалгаа хийлгэж, сонсголтой болъё гэсэн хүмүүс хаана хандах вэ?
-Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Чих, хамар, хоолойн тэнхим дээр ирээд нэрийг нь дурдсан дээрх эмч нарт хандах хэрэгтэй. Ер нь хүмүүс их ханддаг ч мөнгөнөөс болоод хагалгаа хийлгэх нь хүлээгдээд байдаг юм.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр
URL: