Өмнөд Африкийн хар тамхины мафийнхан Монголчуудтай холбоотой байгааг хятадын цагдаа нар тогтоожээ
Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн дулиан байнга сонсогдох болж, монголчууд харийн нутаг дээр цаазын ял дуулах болсоор удаж байна. Монгол Улсын иргэд өөрийн орны нутаг дэвсгэрээр мансууруулах бодис зөөвөрлөн БНХАУ руу хууль бусаар хил нэвтрүүлэн “тээвэрлэгч-дамжуулагч”-ийн үүрэг гүйцэтгэж, гадаадын гэмт бүлэглэлүүдэд гишүүнээр элсч, Малайз, Сингапур, Казахстан, БНХАУ-ын хооронд мансууруулах бодис тээвэрлэж яваад баригддаг. Гадаадын гэмт бүлэглэлүүд ялангуяа, Өмнөд Африк гаралтай бүлэглэл Малайз, Шиньжинь, Гуанжоу чиглэлээр тээвэрлэхдээ Тайланд, Вьетнам улсын иргэдийг мансууруулах бодис хил дамнуулан зөөвөрлөх гэмт хэрэгт ашигладаг байсан бол сүүлийн үед монголчуудыг ашиглах байдал идэвхжиж байгаа гэдгийг Хятадын цагдаа нар тогтоогоод байгаа гэнэ. Хил дамнуулан хар тамхи зөөвөрлөсөн гэмт хэргийн улмаас ОХУ, Казахстан, Унгар, Грек, Филиппин, Бангледеш болон БНХАУ-д Монголын 36 иргэн саатуулагдан шалгагдаж байгаа гэнэ. Энэ бол зөвхөн манай талд мэдэгдсэн тоо. Хар тамхины хэргээр БНХАУ-д ял эдэлж байгаа монгол иргэдийн дөрөв нь цаазаар авах, хоёр нь хугацаагүй хорих, гурав нь 15 жилийн хоригдох ял шийтгэгдсэн байна Сүүлийн үед Хятад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, 2009 онд гэхэд л бүх Хятад даяар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 770 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, 910 мянган хүн сэжигтнээр татагдан шалгагдаж, нийтдээ 28.8 тонн хар тамхины төрлийн бодис хураасан. Бүх Хятадын ардын дээд шүүхээс хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 510 мянган хэргийг шийдвэрлэж, 560 мянган этгээдэд шүүхээс ял ногдуулсан аж. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 7 дугаар хэсгийн 347 дугаар зүйлд “50 гр герион зөөвөрлөх, боловсруулах гэмт хэрэгт холбогдсон этгээдэд хугацаагүй хорих ял, цаазаар авах ял ногдуулж, бүх өмчийг нь хураана” гэж заасан байдаг аж.
URL: