PSY: Би бол үдэш болоход зүрх нь тэсэрдэг залуу
Өмнөд солонгосын соёлын экспорт
Кимчиний эх нутаг Солонгосыг өнөөдөр дэлхий дахинд зөвхөн “Gangnam style” тодорхойлж байна. Тэр ч байтугай хүнс, бараа экспортолдог шиг Азийн орнуудаас анх удаа соёлын экспорт хийсэн улсаар Солонгос шалгарав. Экспорт гэдгийн учир нь өдгөө дэлхийн улс болгонд энэ дууг дууриан дуулж, бүжиглэж, бүх л зүйлд ашиглаж байна. Youtube сайтад клипийг нь 1.2 тэрбум удаа үзэж, дэлхийн улс орнуудад түүнийг хуулбарласан 26 мянган клип мэндэлжээ.
Их Британийн хит дууны чартыг тэргүүлж, Америкийн Биллбоардын хоёрт бичигдэж, Гиннесийн номонд орсон гээд дуучнаа алдар хүндийн оргил руу асар хурдан аваачсан “Gangnam style”-гүй тоглолт, шоу, тэмцээн, нэвтрүүлэг гэж байхаа болилоо. Твиттер, фэсбүүкт зөвхөн энэ тухай л жиргэж, Холливудын алдартай одод хүртэл энэ бүжгээр өвчилжээ. Дуучин Робби Уильямс, жүжигчин Саймон Пегг, рэппер Т-Пэйн нар “Энэ гайхамшигтай видеог үгээр илэрхийлэх аргагүй” гэсэн бол Бритни Спирс “Энэ дууны бүжгийг сурмаар байна. Заагаад өгөх хүн байна уу” гэсэн байх юм.
Харин дуучин Кэти Перри “Туслаач, “Gangnam Style”-д бүр орчихлоо” гэсэн бол Жастин Бибер “Яаж энэ залуугийн гарын үсгийг авахгүй байх билээ” гэсэн байна. Тэр ч байтугай түүнтэй хамтран уран бүтээл хийх санаагаа ч илэрхийлжээ.
Дэлхий нийтээр хошуурч байгаа энэ клипний тухай “Billboard Magazine”, “Los Angeles Times”, “Times” бүр санхүү, эдийн засгийн “Wallstreet Journal” гээд даацтай томоохон хэвлэл, “BBC”, “CNBC”, “ABC”, спортын “ESPN” суваг хүртэл тусгайлан мэдээ, нийтлэл хүргэж байна. “Bloomberg” телевизийн мэдээний хөтлөгч Мэтт Миллер хөтөлбөрийнхөө дундуур санхүү, эдийн засгийн хямралтай байгаа үед хүмүүсийг инээлгэх хэрэгтэй гээд “Gangnam style”-ийг тавьж, өөрөө бүжиглэн сенсаци дэгдээгээд байна.
АНУ-ын Е рөн хийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хүртэл энэхүү клипийн морин бүжгийг ашиглалаа. “PSY”-ийн “Gangnam style” гуравхан сарын дотор хэрхэн дэлхий нийтийг шуугиулж чадсаныг бичээд байвал асар урт болно. Ямартаа ч энэ дуу өдгөө Өмнөд Солонгосын үндэсний брэнд болсныг дэлхий дахинд зарлалаа. Амжилт, алдрын тухай түр завсарлаж дуучин Пак Чэ Саны хувийн амьдрал, “Gangnam style” дууны түүхийг өгүүлье.
Бүтэлгүй PSY-ийг охин нь засчээ
Он солигдох мөчид төрсөн азтай залуугийн жинхэнэ нэрийг Пак Чэ Сан гэдэг. Түүнийг өнөөдөр дэлхийн хамгийн азтай хүнээр тодруулаад байна. Тэрээр 1977 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн. Одоо эхнэр, хоёр охиныхоо хамт амьдардаг.
Алдар нэрийн оргилд хоромхон зуур авираад гарчихсан тэрээр гэр бүлдээ зарцуулах цаг заваар дэндүү хомс болчихсноо учирласан байна. Мөн хаана ч явсан зургийн аппарат дагалдаж байгаа нь амьдралынх нь хэв маягийг бага зэрэг төвөгтэй болгож байгааг ч нуугаагүй аж. Пак Чэ Сан охидоо төрөхөөс өмнө тийм ч сайн залуу байсангүй. Биедээ хар тамхи авч явсан хэргээр 2001 онд торгууль төлж, ялаас мултарч байжээ.
Мөн хатуу, чанга дүрэмтэй Өмнөд Солонгосын цэргийн албыг бүрэн гүйцэд хаалгүй орхиж, 2007 онд дахин хоёр жил цэрэгт мордож байжээ. Түүний энэ болчимгүй үйлдлүүдийг цэглэж, зассан нь том охин нь ажээ. Охиноо төрсний дараа эрс өөрчлөгдөж, гэрийн эзэн, аав хүний үүргийг ухамсарлах болсон гэнэ. 2009 онд цэргээс халагдсаныхаа дараа уран бүтээлдээ шаргуу орсон ч түүний өмнөх амжилт эргэн ирсэнгүй. Цэрэгт татагдахаасаа өмнө амжилтад хүрсэн хэд хэдэн цомог гаргаад амжсан байж. Гэхдээ хэт задгай утга агуулгатай гэсэн шалтгаанаар хоёр ч цомгийг нь худалдаалахыг хориглож байжээ.
Ер нь түүний уран бүтээлийн стиль нь хэтэрхий задгай гэсэн шүүмжлэлийг байнга дагуулдаг. Ийнхүү өөрийнх нь дуу дэлхий нийтийг өвчлүүлэх хүртэл дорвитой уран бүтээл гаргаагүй гэнэ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа гэнэтийн амжилт, нэр алдар өөрийг нь ямар их шоконд оруулж байгааг дурджээ. Ийм зүйл болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй дуучин залуу өнөөдөр дэлхийг байлдан дагуулж байна.
Мөрөөдлийн оргил буюу Ганнам дүүргийнхэн
Солонгосын иргэдийн амьдрахыг мөрөөддөг дүүрэг нь Ганнам. Хан мөрний өмнө талд орших Сөүлийн тансаг дүүрэг. Өндөр үнэтэй ресторан, гоо сайхны мэс заслын эмнэлгүүд, тасархай үнэтэй брэнд дэлгүүр, асар үнэтэй дээд зэрэглэлийн орон сууц, өндөр төлбөртэй хувийн болоод улсын дунд сургууль, төрөл бүрийн дамжаа, банк санхүүгийн байгууллагууд бөөгнөрсөн газар байдаг ажээ.
Солонгост боловсролын төлөө юугаа ч зориулахаас буцдаггүй тул иргэд нь хүүхдээ Ганнамын сургуульд оруулахын төлөө өндөр үнэтэй хороололд байр авахын тулд бүхнээ зориулдаг. Учир нь ойрхон дүүрэгт амьдарч байж л тухайн сургуульд элсэх боломжтой. Ганнамд амьдарна гэдэг хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт, бас нэр төрийн баталгаа.
Ганнамын дэлгүүр хэсэж, Ганнамын эмнэлэгт үзүүлж, Ганнамд хооллон, Ганнамд оршин тогтнох нь зарим нэгэн хүмүүсийн амьдралын туйлын зорилго болсон байдаг. Ганнамын гол гудамжаар хамгийн дэгжин, загварлаг, ганган охид залуус алхдаг. Бас хамгийн царайлаг, нуруулаг, баян хүмүүсийг тэндээс харж болдог аж.
Нийгмийн дээд зиндааныхан ялгаран суудаг энэ дүүргийн хүмүүсийг ёжилсон, шоолсон маягтай дуу зохиож, түүнд нь зориулан бүжиг дэглэсэн нь өнөөдөр PSY-ийг дэлхий нийтэд таниулаад байгаа нь энэ.
Б.Солонго
URL: