Монголд “Нонгшим” бэлэн гоймонг худалдаалахыг зогсоолоо
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Солонгосын “Нонгшимгрупп”–ийн бэлэн гоймонг худалдаалахыг түр зогсоох арга хэмжээг авч эхэллээ.
Учир нь тус группийн үйлдвэрлэж буй зургаан төрлийн бэлэн гоймонгийн амтлагчинд нь бензопирин буюу уушиг, давсаг, арьсны хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байгааг олж тогтоосон байна.
Тиймээс манай улсад орж ирсэн бэлэн гоймонгийн найрлагад тус хорт бодис байгаа эсэх талаарх шинжилгээг авч хариуг гартал түр хугацаагаар худалдаалахыг хориглож байгаа юм байна.
Одоогоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гурван ажлын хэсэг гарч томоохон захууд болон бөөний худалдаа эрхлэгчид, сүлжээ дэлгүүрүүдэд ажиллан, зах зээлд худалдаалахгүй байхыг үүрэгдлээ.
Мөн Солонгосын Хүнс ба Эмийн газраас тус гоймонгийн найрлаганд бензопирин хортой бодис байна гэж мэдэгдсэний дагуу тус улсын парламент ажлын хэсэг гарган шалгаж эхлээд байгаа төдийгүй Тайвань, Япон, Хятад улсуудад зах зээлээс эргүүлэн татах ажиллагаа явагдаж байна.
Тиймээс худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид тус гоймонг худалдахгүй байх, худалдан авсан бол хэрэглэхгүй байхыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газараас анхааруулж байна.
Б.Сондор
URL: