Төмөр замаас замналтай тамирчны гэр бүл
-Та саяхан төрсөн нутгаараа зочлоод ирсэн гэв үү. Намаржилт хэр байна даа?
Т.Ү: Энэ намар нутагт маань өвс ногоо жигдрээд үнэхээр өнтэй сайхан байна. Би Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрж өссөн хүн л дээ. Одоо тэнд ах дүү ,нар маань байдаг юм. Тэднийд байдаг хэдэн малынхаа өвс, тэжээлийг бэлдэж, хадлан өвсний ажилтай байж байгаад л ирлээ. Манай нутаг тариа ногооны өлгий болохоор бүр ч сайхан. Манай гэр бүлд дэлгүүрээс худалдаж авдаг ногоо ховор. Салат, жимс жимсэн бүтээгдэхүүнээ хүртэл төрсөн нутгаасаа аваад өөрсдийн гараар хийж идэх дуртай.
Гэргий: Би Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сум буюу Замын нэгдүгээр ангийн гуравдугаар хэсэг, Дулаанхаан уулын өвөр хормойд байдаг 64 дүгээр километрт төрж, өссөн. Төмөр замын гэр бүлээс гаралтай хүүхэд байгаа юм. Аав маань 1950-аад онд Монголд анх төмөр зам байгуулагдаж байх үеэс энэ их айлтай амьдрал холбож, Замын нэгдүгээр ангийн гуравдугаар хэсэгт замчнаас эхлээд мастер хүртлээ насаараа ажилласан, Орос-Монголын “Хүндэт төмөр замчин” Г.Ойдов гэж хүн байсан. Харин ээжийг маань Д.Эсмэд гэдэг сумчин, төмөр замын цэцэрлэгүүдэд тогооч хийдэг байлаа.
-Тэгэхээр та хоёр нэг нутгийнх ч өөр өөр сумынх юм байна. Чухамд хэдийд танилцав?
Т.Ү: Би сумандаа наймдугаар ангиа төгсөөд аймгийн арван жилд ирж сурахдаа ханьтайгаа танилцсан юм. Ингээд л нэг ёсондоо төмөр замын хүргэн болсон. Хүргэн болоод ч зогсохгүй Төмөр замын техникумд Барагаа багшийн ангид сурч байлаа. Тэнд сурч байсныхаа хүчинд төмөр замын буянаар энд тэндхийн тэмцээн уралдаанд олон удаа оролцсон доо.
Гэргий: Би Дулаанхаан сумын найман жилээс, манай хүн Шаамарын найман жилээс аймгийнхаа төвд Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр арван жилд нэг анги боллоо. Тэр үед хавар, намрын нийгмийн тустай хөдөлмөр гээд ажилд явдаг байлаа ш дээ. Тэгэхэд бид анх есдүгээр сарын 14-нд төмс хураалтад явж байсан юм. Манай сургууль Талын нуур гээд Алтанбулагийнхаа ойролцоох Гүн нуур зуслан руу гардаг байсан юм. Тэр цагт л үерхэж нөхөрлөж эхэлсэн дээ.
Т.Ү: Улс эх орондоо өөрийн хүч хөдөлмөрөө зориулж явах сайхан шүү дээ. Сүүлийн үед л тэр зүйл байхгүй болчихоод байна.
-Олон жил ханилсны хувьд та гавъяатын ааш араншинг хэрхэн тодорхойлохсон бол. Бас та хоёрын ижил төстэй зан чанар?
Гэргий: Ямартаа ч манай хүн их зөрүүд зантай. Бас адгуу. Хүмүүст шаардлага тавьж байхад нь олон жил ханилсны хувьд би ойлгодог, бас бус сайн найз нөхөд нь ойлгох байх. Харин сайн мэдэхгүй хүнд бол адгуу түргэн зантай болохоор ааштай харагддаг тал байдаг юм болов уу гэж боддог юм. Түүнээс биш миний хань сайн хань шүү. Ижил төстэй зан чанар гэвэл үнэнч шударга, чадлынхаа хэрээр хүнд тусалчих юмсан гэж бодож явдаг. Хамгийн гол нь цаг баримтлана. Худал хэлэхэд хоёулаа үнэн сэтгэлээсээ дургүй.
Т.Ү: Миний хань бол гэр бүлийн минь жинхэнэ алт шиг хүн шүү дээ. Хажууд нь магтаад байгаа ч юм биш. Миний спортод гарсан амжилт, одоо дөрвөн хүүхдийн эцэг болоод амьдрал маань ийм сайхан яваа гээд энэ бүхнийг бүтээхэд манай гэр бүлийн хүний үүрэг нөлөө дийлэнх хувийг эзэлсэн гэж би боддог.
-Тамирчин хүн дандаа л хүнд хүчир үеүдийг туулж байж амжилтад хүрдэг. Заримдаа нөхрөө өрөвдөх, хүүхдүүдээ л тамирчин болгохгүй юм шүү гэж бодох үе гарч байв уу?
Гэргий: Арван жилийн багш маань Баасанжав гээд монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй их мундаг хүн байлаа. Манай анги охид олонтой. Үүеэ маань тэр үед дөнгөж боксоор хичээллэж эхэлж байсан. Тэгэхэд багш маань бид хоёрыг үерхүүлж нөхөрлүүлэх гэж хүчин чармайлт гаргадаг байсан удаатай. “Спортын хүнийг чи л ойлгох ёстой. Чи Үүеэд сайн хань болж чадна” гээд л багшийн ёсоор цаашдын амьдрал ахуй ийм байдаг юм гээд л маш их зүйл ярьж өгдөг байсан. Багш маань ер спортод их элэгтэй хүн байсан л даа. Тэгээд л багшийнхаа сургаалийг өнөөг хүртэл дагаж яваа шавь нь юм даа.
Би хар багаасаа ханилж нөхөрлөсний хувьд эхлээд ойлгодоггүй зүйл гаралгүй л яахав. Анх тэмцээнд оролцож байгааг нь харахад хамгийн наад зах нь л хамраас цус гарах, хөмсөг задрах зэрэг хөнгөн гэмтэл авахаар сэтгэл өвдөнө. Одоо нэмээд зодоод байхаа болимоор юм гэж дотроо бодох үе бол гарна шүү дээ. Би одоо Азийн боксын холбооны эмнэлгийн комиссын гишүүн. Тиймч болохоор дүрэм журмыг нь судлах ёстой. Ингээд тэр талаар мэдлэгтэй болоод ирэхээрээ зөв зүйтэй талаас нь ойлгодог болсон. Би 1989 онд Анагаах ухааны их сургуульд ороод 1996 онд төгсөж байсан юм.
Т.Ү: Пөөх, чи долоон жил сурсан юм уу. Би тэмцээн уралдаан гэж явсаар тэр хугацааг ч анзаараагүй л юм байна. Спорт тэр дундаа тулааны спорт хэцүү л дээ. Тийм ч болоод тэр үү алдартай боксчдын түүхийг харахад хүүхдээ тамирчин болгосон нь ховор байдаг юм билээ. Аав нь чамгүй зовж байж амжилт гаргасан. болохоор хүүхдээ бас тэгэж зовоохыг хүсдэггүй ч юм уу.
Манай том охин теннисээр хичээллэдэг. Бусдаас нь спортод дурласан хүн одоохондоо мэдэгдэхгүй л байна. Харин цаашид хүүхдүүд маань ямар ч төрлийн спорт сонирхвол хорих зүйл байхгүй. Хэн нэгийг нь тамирчин болгох гээд шахаад ч байхыг хүсэхгүй. Ер нь, бол хүүхдүүдийнхээ мэдлэг мэргэжилд нь анхаарал тавиад байгаа ш дээ, би.
-Туулсан амьдралынхаа замналтай харьцуулаад харахад өнөөгийн залуус ямар зүйлд илүүтэй анхаарах хэрэгтэй юм бол?
Т.Ү: Хүн болж төрснийх мэдлэг мэргэжилтэй л болох хэрэгтэй гэж боддог. Залуудаа боловсрол сайн эзэмшээд улс эх орондоо сайхан зүйлийг л бүтээх хэрэгтэй. Бид хоёр ч мөн адил тодорхой хэмжээний мэдлэг мэргэжил эзэмшсэнийхээ хүчинд л ажил төрөлтэй болж, амьдралаа аваад явж байна. Бид хоёр оюутан байхдаа бараг Улаанбаатарын бүх хорооллоор нь амьдарч үзлээ. Би ханийгаа айлын хажуу өрөөнд орхиод л бэлтгэл сургуулилалт гээд явчихдаг байлаа.
Гэргий: Оюутны байрнаас эхлээд, айлын хажуу өрөөнд хүртэл амьдарч явлаа. Үүнийг тэр бүр хүнд яриад байдаггүй ч дүү нар маань ирэхээр бид тэнд амьдарч байсан гээд ярьдаг. Энэ нь нэг талаар бид хоёрын амьдралын түүх боловч нөгөө талдаа тэдэнд сургамж болох гэдэг үүднээс ярьдаг хэрэг л дээ. Хүмүүсийн амьдралын түүхийг сонин сэтгүүлээс сонирхоход бидний болон бидний дээд үеэс анх хотод орж ирж байсан хүмүүс бид хоёртой төстэй амьдралыг туулсан байдаг шүү дээ. Энэ нь нөгөө талдаа өөрсдийнхөө гараар их зөв зүйтэй амьдралыг бүтээж байсан гэж боддог.
Идэж уух, өмсөж зүүхээс эхлээд дутагдаж гачигдаж байж бие биенээ илүү сайн ойлгодог юм болов уу гэж боддог. Амьдралынхаа хугацаанд дөрвөн хүүхдийн ээж болсны хувьд хүүхдүүддээ зөв зүйтэй хүмүүжил олгох хэрэгтэй, бас хүнлэг байх ёстой гэдгийг ойлгож авсан. Мэдээж бүх л эцэг эх үр хүүхдээ сайн сайхан явуулахыг л боддог. Залуу гэр бүл хандаж хэлэхэд бол бие биеэ ойлгодог, итгэдэг, хүндэтгэдэг байгаасай. Тийм байж л амьдралын зовлон жаргалыг туулаад гардаг гэж хэлмээр байна.
-Та хоёрын оюутан ахуй үед багагүй хүндрэл бэрхшээл тохиолддог байсан байх тийм үү.
Гэргий: Тийм шүү. Бид чинь 1990 оны дундуур ид бужигнааны үед л амьдрал ахуй зохиож эхэлж байлаа. Тэгэхэд биднээс шалтгаалахгүй хүнд хэцүү зүйл бишгүй тохиолдож байсан. Тэгсэн ч гэсэн өөрсдийнхөө чадал чансаагаар болохоос нь болохгүйг хүртэл зүтгэж яваад л ирсэн. Тэмцээн уралдаанд явчихаар нь ганцаараа үлдээд хэцүү л байсан. Амжилт гавьяа байгуулаад ирэхэд нь гийгээд явчихна шүү дээ.
Т.Ү: Тамирчин хүн ямар ч хүнд хэцүү үед зөвхөн амжилт гаргахын төлөө л бүх анхаарлаа хандуулдаг. Одоо эргээд харахад өөрийнхөө хэмжээнд жижигхэн амжилт гаргасан гэж боддог юм. Энэ завшааныг ашиглаад намайг боксоор хичээллэхэд тусалсан миний ах, Банди багшдаа, намайг дасгалжуулж байсан боксын багш нартаа баярлаж явдгаа хэлэх нь зүйтэй болов уу.
Энэ спортоор хичээллэснийхээ хүчинд л өдийг хүртэл гэр бүлээ сайхан авч явна. Бүгд л боксын спортын минь буян шүү дээ. Харийн оронд очоод Монголынхоо далбааг өргөх сайхан. Тийм хүнд бэлтгэл хийгээд, зовоод ирэхээр хэцүү санагддаг боловч тэмцээндээ ороод медаль аваад байхад үнэхээр сайхан шүү. Зовсны л хүч байхгүй юу даа тэр чинь. Гоё юм гоё л байдаг.
-Та хоёрын хобби сонирхол юу вэ?
Т.Ү: Надад хоббисоод байх зүйлгүй ээ. Бокс тоглосоор ирсэн болохоор боксын л хоббитой юм байхдаа (инээгээд). Хөдөө гадаа уул хадаар явахад л сайхан байдаг юм. Гэхдээ. уул хадаар зүгээр л зугаалах сайхан. Зарим хүн шиг ан гөрөө энэ тэр гэж сонирхоод байдаггүй.
Гэргий: Нутаг усандаа очиход бага насны дурсамж тодроод гоё байдаг. Хотын айл болчихсон хүмүүс төрсөн нутагтаа очиход л хамгийн сайхан тайвшрал авч чаддаг даа. Дуу хуур хөгжөөн цэнгээн бол нэг их сонирхохгүй. Бага насны захиа занааг хадгалаж явдаг л даа. Гэхдээ миний хувьд хань нөхрийнхөө авчирсан гавъяа шагналуудыг л өнгөтэй өөдтэй арчилж явахыг боддог доо.
-Хүүхдүүдээ ямар арга барилаар хүмүүжүүлэхийг хичээдэг вэ?
-Хатуу гараар хүмүүжүүлнэ гээд хүүхдүүдээ зодоод байдаггүй. Бас учир зүггүй уруул дэвсээд байж ч болохгүй л дээ. Ерөнхий чиг шугамыг нь олоод магтаалын үг хэлэхдээ хэлнэ. Шаардлага тавихдаа ч тавина гэсэн зарчмаар л хүмүүжүүлэхийг хичээдэг. Зарим үед бол яах аргагүй буулт хийх үе гардаг. Одоогийн хүүхдүүдийн үгийг бас сонсох хэрэгтэй юм байна гэж боддог. Бидний үед ч яах вэ дээ. Аав ээж ажилдаа явна. Эцэг эх, ах эгчийн үг бол яг л дүрэм. Орчин цагт хүүхдүүдийн биеийн хүчний хөдөлмөр багасчихсан болохоороо ч тэрүү бэлэнчлэх хэлбэртэй болжээ. Түүнчлэн нийгмээ дагаад бүх зүйл өөрчлөгдөж байна. Интернэтээс эхлээд амар хялбар зүйл олон болоод ирэхээр хүүхдийн амьдралд хандах хандлага, сэтгэж бодох ухамсар тэс ондоо болдог бололтой. Ээж аав чинь тийм ийм явлаа гээд ярихаар нүдэнд нь буухгүй ч зүйл бий шүү дээ.
-Та хоёр хөдөө өссөн болохоор хөдөөний ажил амьдралыг сайн мэдэх байх. Харин хүүхдүүд тань хөдөөгийн аж байдлыг хэр сайн мэдэх вэ?
Гэргий:Одоо миний хувьд бол 10 литр сүү гардаг үнээг саахад зургаан лирт орчим гаргах байх шүү. Угаасаа төмөр замын айл болгон тав, зургаан тооны үхэр малтай. Өглөө оройдоо үнээ саана. Тугалаа хариулна. Сүүгээ хөөрүүлж өрмөө загсаана, таргаа бүрнэ, ааруул тавина гэх мэт зүйлийг хар багаасаал хийдэг байсан болохоор сайн мэднэ. Хамгийн наад зах нь бид багадаа 05.30 цаг гээд босч өглөөний сэрүүнд бүх ажлаа амжуулчихаад л Ерөө гол дээрээ тоглож өнждөг байлаа. Харин одоо хүүхдүүдээ хөдөө аваачихад тэс хөндлөн шүү дээ (инээв)
Т.Ү: Харин тийм ээ. Ёстой мэдэхгүй байгаа юм. Манай хүүхэд л тийм байна уу гэхэд тийм биш. Хотод өссөн дийлэнх хүүхэд л хөдөөг мэдэхгүй байна шүү дээ.
-Хоёулаа ажилтай болохоор ар гэр, үр хүүхэддээ гаргах цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?
Т.Ү: Би тамирчин байхдаа гэр орны ажлыг мэддэг ч үгүй, оролцдог ч үгүй хөлстэй хувцсаа авчирч хаячихаад л явдаг байсан. Ойрын үед л харин жинхэнэ гэр бүлээрээ байгаад, гэр орныхоо ажилд туслалцаад бие биедээ тустай байна. Яг үнэнийг хэлэхэд би гэрийн ажилд туслаад байж чаддаггүй юмаа. Манай хүн л арын албыг жин тан байлгадаг шүү дээ. Хүүхдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх, авах зэрэг тал дээр нь туслах юм.
Гэргий: Зуны улиралд голын эргээр зугаална. Өвөл бол цана тэшүүр бариад гарцгаадаг. Найз нөхөд маань ч хамт явцгаадаг юм. Хүүхдүүдээ эрүүл чийрэг байлгахын тулд чаддагаараа л сургахыг оролддог доо. Энэ тал дээр бол харин хүүхдүүд маань их сонирхолтой.
Т.Ү: Хотын бидэнд чинь ерөөсөө л цэвэр агаар хамгаас хэрэгтэй байна шүү дээ.
-Таны хувьд анхнаасаа спортын сонирхолтой байсан ч чухам яагаад замчны мэргэжлийн сонгон суралцсан юм бэ?
Т.Ү: Сэлэнгэ аймагт аравдугаар ангиа төгсөөд 1990 онд Улаанбаатар хотод ирэхэд төмөр замын харьяанд “Алтан бээлий” кпуб байгуулагдсан байсан юм. Тэнд А.Банди багш маань байсан болохоор орсон. Тэгээд ч багш маань “Чи дандаа тамирчнаар яваад байхгүй мэдлэг боловсрол олж авах хэрогтэй” гээд боксоор хичээллэдэг гурван нөхдийн минь хамт Төмөр замын техникумд оруулж өгсөн юм.
Тэгээд сурахын хажуугаар бэлтгэлээ хийгээд, тэмцээн уралдаандаа оролцдог байлаа. Гэтэл тэмцээн уралдаан ч их болоод амжилт гараад ирэхээр сургууль, соёл ч яалт ч үгүй хоёрдугаарт тавигдсан. Ийнхүү нэгэнтээ тамирчны замналаар явах болсон учраас Банди багшийгаа хаана байна тэр газар нь дагаж явдаг болсон доо. Багшийн шавь юм чинь багшийгаа л дагана шүү дээ. Өдийг хүртэл багшийгаа л дагалаа даа.
Гэргий: Манай төмөр замын байгууллага хангамж сайтай, хавар намрын цагт дэлгүүр хоршоо, соёл урлаг, ахуй үйлчилгээ гээд л олон вагонтой соёл үйлчилгээний арга хэмжээ явдаг байлаа. Машинаар явж кино үзүүлдэг байсан дурсамжуудыг эргэн санахад үнэхээр сайхан байдаг. Одоо ч манай гэр бүлийн хүний ах дүү нар нь төмөр замд ажилладаг. Хотод ирж суурьшсанаас хойш л төмөр замынхаа амьдралаас жаахан хөндийрсөн. Гэхдээ манай гэр бүл одоо ч төмөр замдаа элэгтэй. Ямар сайндаа Манай хүн Р.Раш даргад “Би төмөр замын хүргэн шүү” гэж хэлээд онигоонд орж байх вэ дээ.
Т.Ү: -Замын тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа намайг Боксын холбоонд ажиллаж байхад манай холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан юм. Манай боксчдод мундаг тус хүргэж байсан. Олимп, дэлхийн аварга болохоор л Д.Жигжиднямаа дарга ч тэр, төмөр замын байгууллагууд ч мөн адил урагш хойш нь зөөхөөс өгсүүлээд тус их хүргэдэг байлаа. Дээр үед байсан С.Болд дарга ч манайханд их тусласан даа.
-Таны хэтийн зорилго?
Т.Ү: Мэдээж, боксын хүн юм болохоор боксоороо л явна шүү дээ. Боксын холбооноос гарлаа гээд энэ спортоосоо хөндийрөөгүй. Би боксын холбооны нарийн бичгийн даргаар багагүй хугацаанд ажиллахдаа багш, найз нөхөд, дасгалжуулагчдынхаа хамтын хүчээр олимпийн алт, мөнгө, хүрэл медаль эх орондоо авчирлаа. Энэ том амжилт хэзээ дахин давтагдахыг хэлж мэдэхгүй ч давтагдана гэж бодож явдаг.
Ямартаа ч тухайн үед хамтран ажиллаж байсан нийт хамт олондоо маш их баярлаж явдаг юм. Би одоогоор нэг клуб байгуулчихсан байгаа ч хараахан үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Манай Улаанбаатарт байр савны асуудал хэцүү шүү дээ. Хотын төвд подваль түрээсэлж аваад хүүхдүүддээ хичээл заалтай нь биш.
-Өнөө үеийн тамирчдыг өөрийнхээ үетэй харьцуулахад хэр зааг ялгаа гарч байна вэ?
Т.Ү: Бидний болон бидний өмнөх үеийнхний хувьд тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргахад хэцүү байлаа шүү дээ. Гэтэл өнөөгийн хүүхдүүд сайхан болжээ. Ар гэртээ санаа зовох шаардлагагүй, цалин мөнгө нь хангалттай, амжилт гаргаж чадах юм бол бүхий л зүйлийг нь харамгүй өгч байна шүү дээ. Гагцхүү тамирчин өөрөө л хичээх хэрэгтэй.
Сүүлийн үед л тамирчиддаа мундаг мөнгөн шагнал, байр, машин өгөөд байдаг болсон болохоос бидний үед медапь аваад ирэхэд ганц цэцэг л өгдөг байлаа шүү дээ. Миний хувьд бол олны жишгээр хүн яаж амьдардаг вэ түүнтэй адилхан л явж байна. Айхтар цойлоод явчихаагүй. Нэг их доогуур амьдарч байгаа ч юм алга. Хамгийн гол нь өнөөгийн залуус маань эрдэм мэдлэг сайн эзэмших хэрэгтэй байна. Тэр чинээнд л улс эх орон маань сайхан хөгжинө.
Гэргий: Саяхан Монгол Улсын ерөнхийлөгч тамирчдаа дэмжиж гаргасан зарлигийг сонсоход сайхан л санагдаж байлаа.
-Та шавь нартаа ямар шаардлага тавьдаг вэ?
Т.Ү: “Ажиллаж байх хугацаандаа зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаар, цаг сайн баримтал,зорьсон зүйлдээ хичээл чармайлттай бай” гэж л захьдаг даа. Цаг баримтлахгүй, хариуцлага муутай хүнд би яхир ааш гаргадаг хүн шүү дээ.
-Ярилцлагаа та хоёрын хуримаа хийж байсан торгон дурсамжаар өндөрлөвөл ямар вэ?
Т.Ү: Бид хоёр хурим хийгээгүй шүү дээ. Тийм зүйлд нэг их үр өгөөж өгдөггүй. 1991 онд юм уу даа. Дөнгөж хотод орж ирсэн даруйдаа л юмдаг.
Гэргий: Нэг өдөр алхаж явж байгаад л гэр бүл батлуулдаг юм гэнэ лээ. Хоёулаа орох уу гээд л Хан-Уул дээр л очоод батлуулчихсан шүү дээ.
Гавьяатын гэр бүлээр зочлоод гарахад ёстой л жинхэнэ Монгол айлын гүндүүгүй зан араншин мэдрэгдэхийн зэрэгцээ аргагүй л энгийн бүхэн сайхан байх юм даа гэсэн бодол төрүүлсэн билээ.
Б.Дэлгэрхишиг
Эх сурвалж: “Ган Зам”
URL: