А.Бямбажав: Би өнгөрсөн жилийн амжилтаа давтана

Өнгөрсөн жил ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсад Монгол туургатны үндэсний бөхийн дөрөвдүгээр их наадам болсон. Тус наадмын +85 кг-ын жинд Увс аймгийн Сагил сумын харьяат Монгол улсын залуу Харцага А.Бямбажав манлайлсан билээ.

Монгол туургатны тавдугаар их наадамд зодоглохоор бэлтгэлээ хийж байхад нь түүнтэй уулзаж ярилцлаа.

-Удахгүй Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам болох гэж байна. Та өнгөрсөн жилийн Тувад болсон наадамд түрүүлсэн. Тувад болсон наадмынхаа тухай ярихгүй юу?

-Тувад болсон наадам үнэхээр сайхан болсон. Миний хувьд барилдаан бүхэнд хичээж барилдсан. Наадмын зохион байгуулалт, бөхчүүдийг хүлээж авсан байдал гээд л бүх юм сайхан байсан. Тэд наадамдаа маш их сэтгэл гаргаж, ач холбогдол өгч байгаа нь харагдсан.

-Бусад туургатны бөхчүүдтэй барилдахад ямар байсан бэ?

-Ер нь учраа бүр л эвгүй байсан. Бусад туургатны бөхчүүд барьц авбал яаж халах вэ? Мэх хийвэл яаж хамгаалах вэ? гэх мэтчилэн үндэсний бөхийн барилдааныг бичлэгээс үзэж ихээхэн судалсан юм шиг санагдсан.

-Энэ удаагийн наадамд та оролцоно биз дээ?
-Тэгэлгүй яахав. Монгол туургатны наадамдаа оролцож, өнгөрсөн наадмын амжилтаа давтахыг хүсч байна.

-Өнгөрсөн жилийнхээс өмнөх наадмуудад та ямар амжилт гаргаж байв?
-Би өнгөрсөн жилийн Тувад болсон наадамд анх удаа оролцоод түрүүлсэн. Өмнө нь болсон наадмуудад оролцож байгаагүй. Анх удаа оролцоход үнэхээр сайхан наадам юм байна гэж бодогдсон.

-Монгол туургатны үндэсний бөхийн наадмын онцлог юу вэ?

-Мэдээж орон орны Монгол туургатны бөхчүүд оролцож байгаагаараа онцлогтой. Мөн цолны эрэмбэ гэж байхгүй сугалаагаар явагддаг учраас нэгийн даваанд ч хүнд учраатай таарах магадлалтай. Ер нь бол хүний азыг сорьсон зүйл шүү дээ. Энэ утгаараа маш сонирхолтой байдаг юм.

Д.Гэрэлт

“Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих