“Хөхөө толгой”
1980 оны эхэнд “Говь хянганд тулалдсан нь” киног хамтран хийхээр Москвагаас найруулагч иржээ. 1945 оны Чөлөөлөх дайны ялалтыг харуулсан хоёр ангит энэ кинонд дайны үеийн төр, цэргийн зүтгэлтнүүдийн хэд хэдэн дүрийг бүтээх монголын жүжигчдийг сонгохоор ирсэн кино найруулагч Монгол кино үйлдвэрт гэрэл зургийн проб хийжээ. Манайхан сор болсон жүжигчдийнхээ сайхан, сайхан гэрэл зургуудыг дэлгэж, орос найруулагч сонжиж, шинжиж байгаад:
-Танайд дэлгэцийн ганцхан лицо /нүүр царай/ байна гээд нэгэн гэрэл зургийг авч:
-Энэ жүжигчин хаана байна вэ? гэхэд орос найруулагчийн сонгосон ганц зураг нь нас барсан жүжигчний зураг байв.
-Уучлаарай, энэ жүжигчин байхгүй, нас барсан гэсэн хариу сонссон орос найруулагч:
-Тэгвэл надад өөр сонголт алга. Дүрүүдээ та нар өөрсдөө сонгоцгоо гээд явчихжээ. Нэгэнт орос найруулагч жүжигчдийг голсон учраас өмнө нь дэлгэцэнд гарч, төдийлэн олны танил болоогүй залуухан Ц.Төмөрбаатарыг уг киноны гол дүрүүдийн нэг нам, төрийн удирдагч бодит хүний дүрд сонгосон байдаг юм. Москвагаас ирсэн орос найруулагчийн сонгосон цорын ганц дэлгэцийн лицо гэгдсэн зураг нь жүжигчин Дашдаваагийн зураг байжээ.
Монголын сайхан эрчүүдийн нэг, дэндүү авьяаслаг энэ жүжигчнийг Сүхбаатарын талбайд алхаж явахад нь хүүхэн бүр эргэж хардаг байсан тухай жараадоныхон ярьдаг л юм. Ардын жүжигчин Мягмарнаран:
-Хүүхэд залуучуудын театрт дагалдан байлаа. Хааяа тайзны нэг булангаас нөгөө булан хүртэл явна, жүжигт тоглочихож байгаа нь тэр. Тайз засах, ширээ сандал зөөх, жүжигчдийн хувцас солиход туслах л ажилтай. “Яндангийн цуурай” жүжгийн гол дүрд Дашдаваа ах тоглож байлаа. Би хажуугаас нь харж зогссон хэрэг. Ажил хийж ядарсан хүн ширээн дээрээс данхтай цай авч, цоргоор нь гүд гүд хийтэл залгилаад ам руугаа орсон шаарыг түй, түй гэж нулимаад л байсан. Жүжиг дууссаны дараа тайз хурааж байгаад өнөө данхыг харж, ам цангаж байсан тул цайнаас хэд балгачихая гэж бодоод данхыг автал хов хоосон, хуурай байж билээ. Үнэхээр л ууж харагдсан даа, хоосон данх барьсан би ихэд гайхсан юмдаг хэмээн ярьж билээ.
Дашдаваа “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр монголын ард түмний оюун санаанд мөнхрөн үлдсэн билээ. Жүжигчин Дашдаваа энэ киноны гол дүр Хөхөөг бүтээхдээ дуугаа өөрөө дуулсан, машин, мотоцикль, трактор өөрөө жолоодсон, явж байгаа машины тэвшнээс орлон гүйцэтгэгчгүй өөрөө үсэрсэн гээд нэг кинонд бүх талын чадварыг харуулсан шилдэг жүжигчин болохоо илтгэсэн байдаг. Ялангуяа нотлоно доо, нотлоно гээд трактор жолооддог хэсэг гайхалтай шүү дээ. “Хүний мөр” киноны өгөр толгой Гүрсэдийг баривчилж буй чекистийн дүр бол үнэндээ дэлгэцийн лицо байлаа.
Энэ авьяаслаг жүжигчин театраас хөндийрөхөд ардын жүжигчин С.Оюуны хатуу шийдвэр нөлөөлсөн гэдэг юм билээ. Ажилдаа архи үнэртүүлж ирлээ гээд С.Оюун гуай театраас халсан юм гэдэг. Дашдаваа ажилгүй хэсэг яваад Төв аймгийн Алтанбулаг сумын кпубын эрхлэгчээр ажиллаж байхдаа хот руу мотоцикльтой явж байгаад танктай хөшөөний тойрог орчим чехийн улаан автобустай мөргөлдөж, харамсалтайгаар ертөнцийг орхин одсон байдаг.
Өнөөдөр түүний тухай ярих нь бүү хэл тийм жүжигчин байсныг мартсан бололтой. Гурав билүү, дөрвөн хүүхэдтэй гэж дуулснаас цаашгүй. “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны зураг авалтыг хийж байхад сангийн аж ахуйнхан ганцхан Дашдавааг харах гэж очдог, шавчихдаг байсан тухай яриа бий. Түүнийг Хөхөө л гэж дууддаг байж, Энэ киноны зураг авалт хийж байсан газрын орчим Хөхөө толгой гэж бий. Хожим ингэж нэрлэсэн юм билээ. Түүний оршуулгын хөшөөн дээр “Цэлмэгхэн тэнгэрийн дор цэвэрхэн чиг төрсөн” гэсэн бичиг сийлжээ.
URL: