Малаар хот нь баян ч, махгүй хонодог Монгол

Энэ сарын эхээр махны үнэ ганц хоёр мянган төгрөгөөр буусан нь сайн хэрэг. Харин борлуулалт ямар байгаа бол? Өчигдөр нийслэлийн нэлээдгүй зах, дэлгүүрээр очиж махны борлуулалт ямар байгааг худалдагч нараас сонирхоход “Махны үнэ буучихаад байхад борлуулалт нэмэгдмээр. Гэтэл өдөржингөө зогсч байж ганц нэг хонины мах зарж байна.

 

Манайхны амьдрал үнэхээр муу байна шүү” хэмээн халаглацгаав. Тэндээсээ хотын хойд зах Чингэлтэй, Бэлх хавиар явж хороо, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Тэднээс “Танай хэсэгт хэцүүхэн амьдралтай хүмүүс бий юү?” гэхэд, “Байлгүй яахав. Ажилгүй, архичин, эмзэг бүлгийн гээд л зөндөө л бий” гэлээ. Хэсгийн ахлагчийг дагуулан дэлгүүрийн үүдээр эргэлдсэн, хэд хэдэн хүнтэй уулзлаа.

 

Тэднээс “Амьдрал ямар байна даа” гэж асуухад, “Юуг нь асуудаг юм бэ?  Энэ төр засаг чинь биднийг харж үзэхгүй байна. Ажил ч угүй, мөнгө ч үгүй хүмүүсийг яаж амьдар гээд байгаа юм бол. Өнөөдөр хоолгүй хонож байгаа улс зөндөө л байна. Би л гэхэд тав хоног махан хоол идээгүй. Max битгий хэл, гэдэс цувдай жижиглэнгээ ч аваад идэх мөнгө алга.

 

Одоо бүр тамхи ч татахаа больсон. Бод л доо, хайрцаг нь 550 төгрөг байсан нөгөө Аги наги (Алтан навч) 1200 төгрөг болчихлоо. “Болноош дээ” жижиг 0.33-ын архи 4000 гараад явчихлаа. “Овоош дээ” 0.5-ын архийг бол бүр ч барааг нь харахаа больсон. Та нар тэр сониндоо сайн бичээрэй. Энэ надтай яваа хүнийг хар. Намайг бодвол сэхээтэн явсан хүн. Бас л гэртээ хоолгүй.

 

Үнэнийг хэлэхэд бид талхаар голоо зогоож явна. Заримдаа цайны идээгээ ч авах мөнгөгүй болчихдог юм гэв. Хөөрхий өмнө нь өгч байсан 21000 ч олон хүнийг хооллож байсан байна шүү” гэв. Өөр нэг хүүхдээ дагуулсан хүүхэнтэй ярилцахад, “Энэ хүмүүсийн хэлдэг нь үнэн ш дээ. Өнөөдөр хоолтой хоолгүй жаахан мах олсон ч түүнийгээ үнэртүүлэх төдий хооллож байгаа хүмүүс зөндөө л байна.

 

Энэ төр засаг гэж арай дэндүү юм. Ард түмнээ жаахан бодмоор. Ардын нам нь ч тэр. Ардчилсан нам нь ч тэр. Ялгаа байхгүй. Адилхан нэг тэрэгний хоёр дугуй” гээд ширэв татав. Үнэнийг хэлэхэд өнөөдөр бидний амьдралын дүр зураг нэг иймэрхүү. Үүний цаана энэ мэтийн амьдралтай хүмүүс өдий төдийгөөрөө, хөдөө хотгүй л бий. Арай ч дээ бидний амьдрал ингэтлээ доошлох ч гэж.

Ингэхэд бид чинь хэдэн сая малтай билээ. Зарим нь гуч, зарим ч дөчөөд сая гэцгээнэ. Статистик мэдээллээс үзэхэд, өнгөрсөн онд манай улс 13.1 сая төл хүлээн авч, оны эхний 100 хээлтэгчээс бойжуулсан төлийн тоогоор сүүлийн жилүүдэд гарч байгаагүй тоо юм. Мал сүрэг таван төрөл дээр өсч өмнөх оныхоос 11.0 хувь буюу 3.6 саяар нэмэгдэж 36.3 саяд хүрчээ.
Гэтэл ийм их малтай улс хоолгүй, хоосон хонох ч гэж дээ. Уг нь тэр зах зээлийн онолоор бол нийлүүлэлт нь ихэсч эрэлт тогтвортой байхад махны үнэ буух л ёстой. Харин манайд энэ хууль бүр эсрэгээр үйлчилдэг бололтой. Мал нь байна уу, байна. Max нь байна уу байна. Зах, дэлгүүрээр дүүрэн мах, хиам. Тэгэхээр зах зээлийн хангамж сайн байхад үнэ өндөр байдгийг юугаар тайлбарлах вэ? Эдийн засаг талаасаа мэргэжилтнүүд олон янзын тайлбар өгөх л байх.

 

Тухайлбал, худалдан авах чадвар муу, үнийн зохиомол хөөрөгдөл, хөдөө аж ахуйн биржийн тогтолцоо муу гээд л… Бид ингэж арав гаруй жил ярьж, бичсэн хэрнээ махны үнийг тэнгэрт тулгаж орхив. Одоо яах вэ? Махны үнийн энэхүү галзуурлыг тогтоон барьж, улмаар буулгах ямар арга зам байна вэ? Үүнийг хэн хийх вэ? Засгийн газар уу? Эсвэл хотын захиргаа юу? Үгүй бол, тэр зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн жам ёсны хуулиараа яваг гээд бүр орхих уу.

Үүнд одоо төр л хариулах үлдлээ. Дээрх хүмүүсийн хэлсэн “Энэ төр засаг чинь ард түмнээ бодмоор юм” гэсэн үгийг бодох л учиртай. Амьдрах гээд арга нь тасарсан улс төрдөө хандахгүй бол өөр хэнд хандах билээ.

Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих