ЛОНДОНЫ ОЛИМПИЙН ЗАРДАЛ 600 САЯ ДОЛЛАРООР ХЯМД ТУСЧЭЭ

ЛОНДОН. /ИТАР-ТАСС/. Британийн нийслэлд 2012 оны зуны олимпийн наадамд бэлтгэх ажилд анх төлөвлөснөөс 377 сая фунт буюу 605 сая доллароор бага зардал гаргасан байна. Энэ тухай тус улсын Засгийн газрын илтгэлд дурджээ.
Уг баримт бичигт дурдсанаар, ХХХ Олимпийн наадамд 14,9 тэрбум доллар төсөвлөсөн боловч 14,3 тэрбумыг зарцуулсан байна.
Хэмнэлт хийсэн тухай өөдрөг мэдээ байгаа ч олимпийн наадмын бэлтгэл ажлын ерөнхий зардал зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөөнд ялсан 2005 онд зарласан тооноос бараг зургаа дахин их болсон аж. Долоон жилийн өмнө 2,37 тэрбум фунт буюу 3,8 тэрбум доллар зарцуулна гэж төлөвлөж байсан бол 2007 онд 9,3 тэрбум фунт болж өссөн байна.
Энэ зардлыг Олон улсын олимпийн хорооноос 1,5 тэрбум доллар, ивээн тэтгэгчдээс 1,1 тэрбум доллар, тэмцээний тасалбарын худалдаанаас нэг тэрбум доллар, телевизээр дамжуулах эрхээс 300 сая гаруй доллар, олимпийн бэлгэ тэмдэг бүхий бэлэг дурсгалын бараанаас 140 сая доллар олж бүрдүүлжээ.
Наадамд бэлтгэхэд Лондоны зохион байгуулах хороо гурван тэрбум доллар, олимпийн объектуудыг босгоход 11,3 тэрбум доллар зарцуулсан байна. Энэ хөрөнгөнөөс цэнгэлдэх хүрээлэн, спортын талбай байгуулахад 1,86 тэрбум доллар зарцуулжээ. Мөн ийм хэмжээний мөнгийг олимпийн тосгон, олимпийн хэвлэл мэдээллийн төв байгуулахад зориулсан байна. Тээвэрт 1,34 тэрбум доллар, аюулгүй байдлыг хангахад 1,28 тэрбум доллар зарцуулжээ.
Ингэснээр Лондоны олимп ямар ч байсан түүхэнд хамгийн үнэтэй наадмуудын нэгд тооцогдож байгаа юм. Гэсэн ч 2008 оны Бээжингийн наадмыг зохион байгуулагчдын тогтоосон “санхүүгийн дээд амжилт”-ыг гүйцэхгүй аж. Янз бүрийн байгууллагуудын тооцоолж байгаагаар, дөрвөн жилийн өмнө болсон олимпийн наадмыг зохион байгуулахад Хятадын эрх баригчид 40 тэрбум доллар зарцуулжээ.
З.Амгалан

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих