Үүрэн телефон эрхлэгчид үгсэн нэгдэж О.Магнай даргыг молигодов бололтой

ШӨХТГ-ын зүгээс үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгч компаниудад мэдэгдэл хүргүүлж, үүнтэй уялдан дээрх компаниуд хэрэглэгчдийн гар утасны ярианы эхний 1 минутыг дутуу ярьсан ч төлбөрийг бүрэн минутаар тооцон авдаг байсан явдлыг  11 сараас эхлэн зогсоож, ярианы төлбөрийг секунтээр тооцон ажиллах явдлыг мөрдөн ажиллах болсон тухай зарласан. Гэтэл гэнэтхэн тэд энэ асуудлын хүрээнд тэд ШӨХТГ-ын дарга О.Магнайтай зөвшилцөн арай өөр ойлголцолд хүрсэн тухайгаа олон нийтэд зарласан ба гэхдээ дээрх үйлчилгээг энэ оны 11 сард биш, ирэх оны 3 сараас эхлэн хэрэгжүүлэх болсон тухайгаа мэдэгдлээ.

Үүрэн телефоны компаниуд үүнийгээ тайлбарлахдаа: “11 сард гар утасны төлбөрийг секунтээр тооцох техникийн боломж байхгүй, мөн 1 секунтын төлбөрийг хэдэн төгрөгөөр тооцох вэ гэдэг асуудлыг бид судлаж байж шийдэх болно” гэсэн байх юм. Энэ бүхнийг ажиглаад байхад үүрэн телефоны компаниуд бүгдээрээ картель буюу урьдаас үгсэн тохиролцож, О.Магнай даргыг молигодоод байх шиг.  Гар утас хэрэглэгчийн ярьсан ярианы минут бүрийн төлбөрийг алдахгүй тоолдог утасны тоолуурыг секунтэд шилжүүлэх нь техникийн хувьд алга урвуулахтай адил зүйл гэж мэргэжлийн хүмүүс ярих юм билээ. Тэгээд ч секунтын төлбөрийг  өөр хувилбараар тооцож хэрэглэгчдээс авах гээгүй л юм бол гар утасны нэг минутын тарифийг  60 хуваахад нэг секунтын үнэ тодорхой болно гэдгийг дөрвөн аргын тоо мэддэг бага ангийн сурагч үүрэн телефоны удирдлагууддаа хэлээд өгнө биз.

Мөн  сараас секунтээр төлбөрийг тооцдог болохдо хэрэглэгчдийн өөрсдийнэх нь хүсэлтийг харгалзкан үзэх гэнэ. Энэ талаар  ШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа ярихдаа: ”Үйлчилгээ хэлбэрээр энэ аргачлалыг нэвтрүүлж байгаа болохоор тухайн хүн хүсвэл энэ системд шилжиж болно. Хүсэхгүй хүмүүс нь одоогийнхоо тарифаар төлбөрөө хийгээд явж болно гэж ойлгох хэрэгтэй” гэх юм.

Төрийг буюу ард эрх ашгийг төлөөлсөн харуцлагатай байгууллагын удирдлагын амнаас ямар гээчийн хариуцлгагаүй үг унах нь энэ вэ? Энэ чинь хүсвэл та хуучин хэвээрээ утсаар ярьсан дутуу минутын төлбөрөө үүрэн телефоны компаниудад  гүйцэдтөлж, тэдэнд  ”буян” болж болно гэсэн үгүү. Ц.Жадамбаа даргын энэ яриаг сонсоод түүний удирдаж байгаа МШХХТГ нь иргэдийн эрх ашгийг хамгаалах талд зогсож байна уу, эсвэл үүрэн телефоны эрх ашгийг хамгаалаад байна уу гэж эргэлзэхэд хүрлээ.

Ийнхүү  ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг наанаа  үүрэн телефоны үйлчилгээ эрхэлдэг компаниуд дэмжиж байгаа мэт дүрийг харуулавч цаанаа техникийн боломжгүй гэдэг шалтгаанаар асуудлыг хойшлуулах болоод байна. Магадгүй  тэд энэ хугацаанд  “шархаа нөхөх” зорилгоор  хэрэглэгчдийн ярианы  тариф дээр “ажиллаж” болох юм. Таны  гар утасны хэрэглээний төлбөр өмнөх саруудаас илүү гараад эхлэвэл та гайхах хэрэггүй нь бололтой.

Ц.Мөнхбаатар


URL:

Сэтгэгдэл бичих