Увсын хоёрыг ЭРГҮҮЛЭН ТАТЪЯ

Сонгууль бол төр барих эрхээ эдлэх боломжийг ард түмэнд олгодог үйл явц. Сонгуулийн үе шат бүхэн шударга байх ёстой. Хэрэв нэр дэвшигчид хууль зөрчсөн бол сонгогчдын эрхийг хөсөрдүүлж, төрт ёсыг хөсөрдүүлсэн үйлдэл юм. Тиймээс сүүлийн хэдэн сар намжмал байсан сонгуулийн маргаантай тойргуудын асуудлыг дахин хөндөж, хариуцлагыг нэхэх цаг болжээ. УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс. Энэ аймагт 2008 оны сонгуулиар МАН-ын нэр дэвшигч Б.Чойжилсүрэн мөнгө тарааж байгаад их хурлын гишүүн болсныг хүмүүс сайн мэднэ. “Чихэр авч идээрэй” хэмээн мөнгө тарааж байгаа бичлэг нь орон даяар цацагдсан ч түүнд хариуцлага тооцож чадаагүй. Хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүй байсан учраас тэр. Сонгогчдын саналыг “чихрийн мөнгө”-өөр үнэлсэн МАН-ын нэр дэвшигч Увсын ард түмнийг дотроо шоолсоор, тавласаар дөрвөн жил их хуралд хийж бүтээсэн юмгүй суусан нь үнэн.

Харин өмнөх парламент Сонгуулийн тухай хуулийг баталж, мөнгө, эд зүйл тараахыг хориглосон нь шударга үнэнийг эрэлхийлдэг хүн бүрт хонгилын үзүүрт гэрэл асаасан билээ. Мөнгөөр их хурлын гишүүн болдог байдлыг энэ сонгуулиар зогсоох нь гэдэг итгэл хүн бүрт төрсөн. Гэвч Увс аймагт “амташсан хэрээ 13 дахина” гэгчийн үлгэрээр мөнгө тарааж хууль зөрчсөн үйлдэл давтагдлаа. МАН-ын нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар 2012 оны зургадугаар сарын 17- ны өдөр иргэдэд 100-150 мянган төгрөг тараасан үйлдлийг баталгаажуулсан дүрс бичлэг телевизээр цацагдаж, энэ хэрэгт оролцсон хоёр хүн хуулийн байгууллагад шалгагдаж байна. Оюутнуудад 150 мянган төгрөг тарааж, МАН-ын нэр дэвшигчдэд санал өгөөрэй гэсэн гэрээ хүртэл байгуулсан байдаг. Увс аймгийн нэр бүхий 13 иргэн МАН-ынхны мөнгө тараасныг баримтжуулж шүүхэд гомдол гаргаад буй. Иргэдийн гомдлыг аймгийн Захиргааны хэргийн шүүх харьяаллын бус гээд хэлэлцэхгүй буцаасан ч давж заалдах шатны шүүхээс “мөн” гэж тогтоосон тул жирийн сонгогчид анхны ялалтаа авсан гэсэн үг.

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар харин ичих нүүрэндээ илэг нааж, тангараг өргөчихөөд чуулганы танхимд сууж байна. Тэдний балгаар туслах нь байсан Я.Баттогтох, УИХ-ын Тамгын газарт реферэнт байсан Ш.Чинбат нар тагнуулын байгууллагад шалгагдаж байна. Эрүүгийн хуулийн 82.1 буюу “Төрийн эрхийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол 6-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Их хурлын гишүүн болж л байвал яахаас ч буцахгүй МАН-ын нэр дэвшигчдийн балгаар хоёр сайхан залуу эрх чөлөөгөө хасуулж, амьдралдаа хар толбо үлдээж мэдэх. МАН-ынхны хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж, хууль хэрэгжүүлэх биш харин гууль болгосон Увсын тойргийн хорооны дарга Н.Гэжээ бас асуудалд орооцолдсон. Бэл бэнчинтэй, мөнгөөр сонгогчдын санал байтугайг худалдан авч болно гэсэн өрөөсгөл, увайгүй хандлагад хэзээ цэг тавих вэ.

Яг одоо. Эс бөгөөс маргааш гэвэл залруулах гээд ч хожимдож, ниргэсэн хойно нь хашгирна гэдэг болно. Тиймээс нэгэнт “төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан” хэмээн тагнуулынхан шалгаж байгаа Увсын асуудлыг хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэж, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна. Баталсан хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хууль зөрчсөн Увсын хоёрыг эргүүлэн татаж, хуулийн өмнө дуудах ёстой.

“Өнөөдөр сонин”


URL:

Сэтгэгдэл бичих