Хүн хүндэтгэж байгаа хүндээ муухай үг хэлдэггүй
Гэр бүл гэхээр л гэр бүлийн үл ойлголцол, хэрүүл маргаан гэх мэт хар бараан зүйлсийг хөндөж ярих нь элбэг. Гэр бүлийн маргааныг хэрхэн таслах вэ, яагаад гэр бүл салдаг вэ гэх мэт зөвлөгөөг та магадгүй нилээд ихийг уншиж, тэр талаар тунгаан бодож, дүгнэлтээ хийж байсан байх.
Харин та гэр бүлээ хэрхэн гэгээлэг гэр бүл болгох талаар бодож үзсэн үү. Таталцлын хуулиар та гэр бүлийнхээ хэрүүл маргаан, зөрчилдөөнд илүү их анхаарч, санаа зовоод байвал тэр асуудал чинь улам хүчирхэгждэг гэнэ. Тиймээс та гэр бүлийнхээ аз жаргалтай сайхан уур амьсгалыг хэрхэн удаан хадгалах талаар түлхүү анхаарч байх хэрэгтэй.
Гэр бүлийнхээ гишүүдтэй хүндэтгэлтэй харьц. Энэ их энгийн зүйл юм шиг боловч бүх харилцааны тулгуур нь хүндэтгэл дээр оршдог аж. Хүн хүндэтгэж байгаа хүндээ муухай үг хэлдэггүй, мөн тэр хүнийхээ үгэнд эргэлздэггүй. Тиймээс гэр бүлийн тулгуур багана болох итгэлийн эхлэх цэг нь хүндэтгэл юм. Гэр бүлдээ дорд үзэгдэж, байнга шүүмжлүүлдэг хүн өөртөө итгэлгүй болж ажил дээрээ ч амжилт олж чаддаггүй байна. Хэн нэгний хувьд хамгийн чухал хүн нь болохоо мэдрэх хүний хамгийн дээд хэрэгцээ байдаг тухай эрдэмтдийн гаргасан сонирхолтой судалгаа хүртэл байдаг. Тиймээс та нөхрөө эсвэл эхнэрээ өөрийнхөө хувьд ямар их үнэ цэнэтэй хүн болохыг байнга мэдрүүлж байгаарай.
Өглөө бүр хайртай хүнээсээ урмын уг сонссон хүний ажлын бүтээмж, тааламжгүй уур амьсгалтай байсан хүнийхээс хэд дахин илүү байдаг аж. Тиймээс хайртыгаа магт. Зүгээр хоосон магтаал биш. Чин сэтгэлээсээ магт. Хорвоогийн түм буман хүнээс насан туршдаа хайрлахаар сонгосон тэр хүнээ хайраар дутаах хэрэггүй. Эдийн засгийн чадавхийн хувьд гэр бүлд асуудал их тулгардаг ч мөнгөөр дутагдахаас илүүтэй хайраар дутах нь гэр бүл салалтын хамгийн том шалтгаан болдог байна.
Мөн сексийн хувьд тохиромжтой байдаг хосууд бусад асуудлыг хөнгөхөн давж чаддаг аж. Хайртай хүнийхээ сэтгэлд өөр хэн нэгэн шурган орох хоосон орон зай байлгахгүйн тулд сэтгэлийн болон биеийн таашаал бэлэглэ. Гэхдээ сексийг зөвхөн хамтрагчдаа таашаал өгөхийн тулд хийвэл утгагүй. Өөрөө ч бас таашаалыг хүрт.
Сэтгэл санааны хувьд амар амгалан, хайртаасаа хайрын сайхан үгс сонсон, түүнийхээ хувьд хамгийн чухал хүн гэдгээ мэдрээд мөн сексийн хувьд ч сэтгэл хангалуун амьдравал танай гэр бүлд хэрүүлийн бараан сүйдэр тусах зай үлдэхгүй. Ингээд та бүхэндээ гэгээлэг гэр бүл болохыг хүсэн ерөөе.
URL: