Очирваань бурхныг шүтэхгүй л бол Монголын тусгаар тогтнол алдагдах уу?
Хойд Африкийн хэд хэдэн оронд хувьсгал өрнөж, ялангуяа Египетид энэхүү хувьсгал ерөнхийлөгч Мубаракийг буулгасан том амжилтаар Египетийн хувьсгал өндөрлөх тийшээ хандаж байна. Хэд хэдэн цуглаан жагсаал, том эсэргүүцлүүд ерөнхийлөгчийн засаглалыг унагадаг тийм хувилбар улс төрийн амьдралд өөрийн байр суурийг эзэлж эхэллээ гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.
Цуглаан, үймээн, аллага зэргийг хувьсгал хэмээх цогц ухагдахуунтай хольж хутгаж болохгүй. Африкийн хойд хэсэгт гарсан дээрх хөдөлгөөн нь цаанаа учир шалтгаантай бөгөөд тухайн улс орон бүрийн дотоодын лут лут зөрчлүүдээс үүсгэлтэй хэмээн хэлж арай болохгүй. Африк тивд Египет улс эдийн засаг, улс төрийн тун содон байр суурийг эзэлдгийг бид мэднэ. Ер нь дэлхийн том гүрэн аль нэг улс орны амьдралаар, дотоод лут зөрчил,супер гүрнүүдийн сөргөлцөөнөөс үүсгэлтэй далд бодлогоор тухайн орныг өөрийн нөлөөлөлд бэрхшээлд оруулахын тулд хувьсгал нэртэй лут хуйвалдааныг зохиодог болсныг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байна.
АНУ нь олон улсын харилцаанд, ялангуяа Европ, Африк, Ази гурвыг холбодог Суэцийн суваг ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг айхавтар мэддэг болчихжээ. Энэхүү суваг АНУын эдийн засгийг чансаажуулахад, ам.долларын суларсан байр суурийг засаж уул долларыг хүчирхэгжүүлэхэд чухам шижим болж өгнө гэдгийг олж харжээ.
Суэцийн сувагт АНУ өөрийн улс төр, эдийн засгийн хяналтыг тогтоож чадвал дэлхийн гурван том тивийн эдийн засаг улс төрийн зангилаа асуудлуудыг өөртөө том өгөөжтэйгээр, бусад гүрэн улс орнуудын хувьд үлэмжийн алдагдал хохиролтойгоор шийдэх мундаг гарцыг атгаж чадна гэдгийг мэдсэн аж. Ийм нөхцөлд Европын холбоо ч, Хятад гүрэн, Орос гүрэн, Энэтхэг гүрэн нь гадаад худалдаа эдийн засгийн харилцаанаас олж авдаг нэлээд хэд хэдэн давуу талуудаа алдах болно.
Ийнхүү том гүрнүүдийн сөргөлцөөнүүд энэ гурван том тивийг хамрах бөгөөд ийм сөргөлцөөнийг өөртөө ашигтайгаар зохицуулах боломжийг АНУ олж авах болно. Чухам үүнд л Обамагийн засаг захиргаа АНУын улс төрийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээнэ байх. Ер нь тэгээд саяын дурьдсан том асуудлыг шийдэхэд урьдчилгаа болгож түүнд Нобелийн шагналыг өгсөн болов уу гэсэн нэгэн таавар гарч ирж байгаа. Ямар ч л байсан Хятадын эдийн засгийн интервенцийг, Оросын улс төрийн балайрлыг хазаарлахад Обамагийн гадаад улс төрийн бодлого чухал үүрэгтэй болсныг дурьдаж хэлэх хэрэгтэй.
Зууны мэдээ сонины энэ оны №75-д Далай ламын баримталдаг улс төрийн гол бодлогыг илчилсэн түүний ярилцлага нийтлэгджээ. Улс төрийн шилдэг лийдэр хэмээн цоллуулдаг болсон XIV Далай лам Данзанжамц: “Би аугаа Түвд улсыг бий болгоё гэж хэзээ ч ярьж байгаагүй. Өргөн автономит эрхийг л” хүсдэг гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ: “Бээжингийн эрх баригчид энэ санааг Чинхай, Ганьсу, Сичуань мужид тусгаар тогтносон Түвд улсыг байгуулах гэсэн санаархал хэмээн” намайг зэмлэдэг гэв. Бээжингийн эрх баригчид нь ч, дэлхийн улс төрийн хорин таван шилдэг лийдрүүдийн нэг болчихсон XIV Далай лам нь ч тусгаар тогтнолын асуудлаар айхавтар төөрөгдөлд, мухардалд, лут будлианд орчихжээ.
Далай лам нь болохоор Түвд улсаа улс төрийн хувьд биеэ даалгуулахгүй, Хятад гүрний бүрэлдэхүүнд байхыг хүсдэг бөгөөд зөвхөн өргөн автономит эрхийг л олгоочээ гэж Хятадын Коммунист Намаас, өөрөөр хэлбэл Их Хятадын шовинист колоничлогчдын цуглуулгын намаас гуйсаар тавин жилийн нүүрийг үзэж байна.
XIV Далай лам Түвд улсыг тусгаар тогтнуулахыг огт хүсдэггүй бөгөөд харин өргөн автономит эрхтэй хагас колонийн статустай муж болгохыг хүсч явдаг, ойлгуулахыг хичээдэг өчүүхэн улс төрч болж хувирчихаад байна. Гэтэл Түвд орон өнөө үед Хятадын бүрэлдэхүүнд автономит районы статустай бөгөөд Түвд орныг Түвд улс гэж нэрийдэхэд нэн хэцүү болчихоод байна.
Харин Далай ламыг бодвол Түвдийн дэвшилтэт сэтгэлгээтэй залуучууд Түвд орныг Хятад гүрний хагас колони статустай район байлгахыг эсэргүүцдэг болсон бөгөөд Түвдийн районыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс болгож, улмаар түүнийг НҮБ-ын гишүүн болгохын төлөө тэмцдэг болсныг бид хэлэх учиртай.
XIV Далай ламын улс төрийн гол алдаа юундаа байна вэ гэвэл шарын шашныг тусгаар тогтнолоос, бие даасан улсаас, хараат биш бодлого явуулдаг төрөөс дээгүүр өргөмжлөн биширч явдагт оршдогийг нь бид цохож хэлэх ёстой. Шарын шашныг төрөөс бас бүрэн эрхт улсаас дээгүүр тавьж сүсэглэдэг тийм үзэл өнөө үед зөвхөн XIV Далай лам дээр ажиглагдсан төдийгүй, ийм хачирхалт хандлага одоогоос зуугаад жилийн тэртээ VIII Богд Жавзундамба дээр хүртэл сүрхий мэдрэгдэж байсан гэдгийг чухал чухал үйл явдлууд нотолж харуулсан шүү.
Шашин, төрийн хос ёс гэж шарын шашныхан тунхаглаж ярьдаг ч гэсэн энэхүү тунхаглалын цаана төр улс гол биш харин шашин гол үнэт зүйл гэсэн үзэл далдлагдаж явдгийг бид мэдэх ёстой. Шарын шашин үнэхээр улс төрийн гүн ухаанаас хэт тасарчихсан, бас эдийн засгийн онол бодлогыг огт мэддэггүй, олон түмнийг уран гоё аргаар, аугаа заль мэхээр байнга мөлжиж ядууруулдаг хамгийн хоцрогдсон шашин, хамгийн шаар шашин болчихсон гэдгийг бид нэг биш удаа бичиж байсан.
Өнөө үед, тэртусмаа бүр 21-р зуунд дээд боловсрол эзэмшчихсэн манай олон хүн шарын шашныг харийн хэл дээр сүсэглэж, гүн мунхаглалд нэрвэгдчихээд байна. Улс төрийн бие даасан статустай Монгол улсын иргэн юуны учир Хятад гүрний хагас автономит, бүрэн колони районы шашныг төрийн шашин мэтээр улайран шүтэж биширдэг болчихвоо. Зарчмын ийм чухал асуудал, ялангуяа 21-р зууны эхэнд маш хурцаар тавигдах ёстой. Бид үүнтэй холбогдуулж 1992 онд батлагдсан Монгол улсын Үндсэн хуулийн нэгэн заалтыг хөндөх шаардлагатай боллоо.
Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн 9р зүйлд гурван заалт тусгалаа олсон. “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ. Төрийн байгууллага шашны, сүм хийд улстөрийн ажиллагаа эрхлэн явуулж болохгүй. Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.”
Энэхүү 9-р зүйл нь 1992 оны Үндсэн хуулийг улс төрийн лут лут нүгэл рүү түлхсэн заалт болж хувирсан гэдэг нь хорин жилийн дараа айхавтар мэдрэгддэг болов.
Үндсэн хуулийн 9-р заалт нь улс төрийн хэллэгийн хувьд ойлгомж муутай болсон бөгөөд чухам ямар шашинд хаяглаж бичигдсэн заалт гэдэг нь ойлгогдохгүй болчихоод байгаа. Сүүлийн хорин жилд манай оронд олон янзын шашин орж ирлээ. Хамгийн их хүч чадлаа зузаалж түгэн дэлгэрч байгаа гурван шашин байгаа. Эхнийх нь шарын шашин мөн бол хоёрдахь нь христийн шашин, гуравдах нь ислам болж байна.
Монгол улсыг ерөнхийлөгчийн дэргэд шарын шашныг хариуцдаг тусгай бие төлөөлөгч бий. Харин исламын болон христийн шашны асуудал хариуцдаг хүн байхгүй. Шарын шашин улс төрийн үйл ажиллагааг өргөн хүрээгээр явуулдаг болчихсон. Тэрбээр олон түмнийг гэгээрүүлэх биш, харин улам мунхагжуулах үйлдлийг нэн идэвхитэй өргөн хүрээгээр явуулж чаддаг болчихжээ. Ийм үйлдэл ажил нь Монгол улсын тусгаар тогтнолыг болон бүрэн эрхэт байдлыг бататгахад огт чиглэгдсэнгүй.
Үндэсний эв нэгдлийг огт зузаалж өгсөнгүй. Харин шарын шашны элдэв хоцрогдсон зан үйлийг нэвтрүүлэх гэж улайрч байдаг нь алхам бүрдээ харагддаг боллоо. Ялангуяа газар сайгүй уул овоог эмх замбараагүй тахих, элдэв суваргуудыг энд тэндгүй байгуулах, янз бүрийн мэдэх мэдэхгүй бурхан сахиусуудыг залдаг болсноос гадна нэн ялангуяа Монголын цагаан сартай холбогдуулж шарын шашинтнууд Монголын бөө зурхайч нартай байнгын маргаан хэрүүл гаргадаг болчихсон.
Ер нь шарын шашинтнууд Монгол төрийн толгойд залрахыг дээд зорилгоо болгочихсон гэдэг нь бас ажиглагдаж эхэллээ. Энэ нь IX Богдын асуудалтай шууд холбоотой гэдгийг хэлэх ёстой.
Өдрийн сонины энэ оны 2-р сарын 18-ны №048-д “Тусгаар тогтнол, хүч чадлын Очирваань бурхныг аравнайллаа” гэсэн сүржин гарчигтай өгүүлэл нийтлэгдэв. Хаврын эхэн сарын шинийн 14-ний өдөр лут баяр ёслол болж, Гандантэгчэнлин хийдэд Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулж IX богд Жавзундамба хутагтын санаачилгаар бүтээсэн Очирваань бурхныг бүтээж, аравнайлах ёслол өчигдөр 9.00 цагаас эхэлсэн юм. Жанрайсиг бурхны зүүн талд Очирваань бурхныг бүтээж тавьжээ.
Очирваань бурхныг монголчууд эртнээс шүтэж ирсэн бөгөөд эв нэгдэл, хүч чадал, билиг оюун, цог хийморийн шүтээн гэж үздэг. Тодруулбал, бурхдын энэрэлт нигүүлслийн хураангүй мөн чанар нь Жанрайсиг, оюун ухаан бүхний хураангуй нь Манзушир бурхан бол хүч чадал бүгдийн хураангуй нь Очирваань бурхан гэж шүтэж иржээ. Очирваань бурхны зүрхэн тарнийг Ум Базар Вани Хум Пад гэдэг юм байна.
Очирваань бурхныг IX богд Жавзундамба хутагт, тэргүүн хамба Чойжамц, бас манай төрийн гурван том дарга (М.Энхболд, Г.Занданшатар, Д.Баттулга) оролцлоо. Шадар сайд М.Энхболд: “…Орчирваань бурхныг … төр, сүсэпгэн олны шүтээн болгон … богд гэгээнтнүүдийн соён гэгээрүүлэх ариун үйл үргэлжилж байгаад” нь талархал илэрхийлж, “VIII богд Жавзундамба хутагт 1911 оны үндэсний эрх чөлөөний оюун санааны их удирдагч, ардын хувьсгалыг талархан дэмжигч, Монгол тусгаар тогтнолын төлөө хаан болж, олон монголчуудын багш, XX зууны шашин, төрийн зүтгэлтэн байсан юм.
Монгол түмний оройн дээд Очирвааны шүтээнийг аравнайлуулж залж буй нь монголчуудын хойч үедээ үлдээх түүх соёлын их өв, бахархах түүхэн үйл явдал бөгөөд оюун санааны түүхэн ариун үйлс болж байна” гэв.
Ингээд ямар ч л байсан 1992 оны Үндсэн хуулийн 9-р заалт манай улсын монжооч зах зээлийн шилжилттэй холбогдож, гоц сайн хэрэгжиж байна. Шарын шашныг төрийн шашин болгосныг Очирваань бурхан нь тусгаар тогтнол, хүч чадлын бэлгэдэл мөн гэсэн улс төрийн лут томъёоллоор зарлан тунхаглалаа. Монгол улсын төрийн шашны их эзнээр IX Богд Жавзундамба хутагт өргөмжлөгдсөнийг бид энэ дашрамд дуулгая гэж бодож байна.
Одоо бид IX Богд гэж хэн болохыг тодруулъя. Өдрийн сонины 2009 оны №264-т “Сүм дуган байлаа ч сүсэг бишрэлгүй байх юм бол хэцүү” гэсэн өгүүлэл нийтлэгджээ. Энэ өгүүлэлд IX богдын талаар товч мэдээлэл орсныг дурьдая. IX богдын жинхэнз нэр нь Жамбалнамдолчойжижанцан гэдэг. Тэрбээр 1932 оир Түвдийн Лхас хотод эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт мэндэлжээ.
“Түүнийг дервөн настайд нь XIII Далай ламын тамга түшиж байсан Радэн ринбүүчи, Найчүн Чойжин нар Халх Монголын VIII богд Жэвзүндамбын хойт дүрийн хувилгаан хэмээн тодруулжээ…
Түүнийг 1992 онр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Халхын Жэвзүндамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг баталгаажуулж өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөжээ.” IX богд “Хамгийн гол нь хүмүүст бурхны шашныг ойлгосон сүсэг бишрэл хэрэгтэй” гэж айлдвар болгов.
Өнөөдөр сонины 2010 оны №07-д “Далай лам Монголын асман лам нарыг шүүмжлэв” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ.
“Хуурамч лам хуврагуудын тухай яриандаа Далай лам Монголын лам нарыг жишээ татан ярив…
Тэрбээр 1979 онд анх удаа Монголд очсон тухайгаа “Тэр үед Монгол коммунист орон байсан тул цөөхөн хэдэн сүм хийдтэй байлаа. Лам нар нь төвдөөр ном уншиж байсан ч ярьж чаддаггүй. Харин бичгийн хэлэндээ сайн тул бид цаасан дээр бичиж ярилцдаг байлаа…” “Буддын үеэс лам хуваргууд эхнэргүй болох уламжлалтай.
Орчин үе, XXI зуун гээд бид энэ ёсыг өөрчлөхгүй” гэж гэгээнтэн өгүүлэв.
Одоо бид өөр нэгэн мэдээллийг дурьдах шаардлагатай. Манай төрийн шашны дээд эзнээр IX богд өргөмжлөгдсөнтэй холбогдуулж, бид 19261930 онд болж өнгөрсөн нэгэн явдлыг эргэн санацгаая. 1924 оны 5р сарын 20нд VIII богд Жавсундамба хутагт таалал төгсчээ. 1925 оны эцсээр Ноён уул хошуу буюу Зүүнхараа сумын Ялбаг хэмээх газар Түдэвийн Лувсандорж гэдэг хүү төрсөн. Энэ хүүгЖавзундамбын хувилгаан дүр гэж ламтнууд айлджээ.
1926 оны эцсээр Гомбо-Идшин, Гэндэнсоном, Жанчивренчин гурав Төвдөд очиж, Далай лам Ванчинбогд нарт бараалхаж, Жавзундамбын хойт дүрийг батламжлуулан тамга тэмдэг бүхий албан бичгийг авлаа.
1927 онд Гомбо-Идшин уг бичгийг Ёнзон хамбад өргөн барьжээ. Ёнзон хамба эл бичгийг Ардын түр засгийн газар хүргүүлэв. Зөвлөлтийн зөвлөхүүдийн шахалтаар ардын засгийн газар IX Жавзундамбыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав. 1929 оны 2-р сард Засгийн газар шийдвэр гаргаж, Богд гэгээний хойд дүрийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
1930 оны 9р сард Гомбо-Идшинг Дээд Шүүх хувьсгалын эсрэг гэмт хэрэгт оролцсон гэдгээр цаазаллаа. IX богдын хойд дүрээр тодорсон Түдэвийн Лувсандорж 1948 онд таалал төгссөн ажээ. Ийнхүү IX богдоор хоёр хүн тодорсны нэг нь цэвэр Монголын иргэн, нөгөөх нь цэвэр Төвдийн иргэн. Хүү Лувсандоржийг долоон настайд нь IX богдын хойд дүр гэж өргөмжилснөөс хойш зургаан жилийн дараа буюу 1932 онд Жамбалнамдолчойжижанцан төрсөн.
Хүү Лувсандоржийг 1936 онд 11 настай байхад нь Жамбалнамдолчойжижанцанг дөрвөн настайд нь Халх Монголын дүрийн хувилгаан мөн гэж тодорхойлжээ. Ингэж IX богдоор хоёр хүн өргөмжлөгдсөн байв. Лав л 1948 онд Монголчууд бид хоёр богд хаантай явж ирсэн гэдгийг санаж авах ёстой. VIII богд таалал төгссөний дараа Жавзундамба монгол хүний дүрд хувилах болно гэж манай дээд ламтнууд оношилж тогтоосныг энэ дашрамд дурьдая. Очирваань бурхныг санаачлан бүтээсэн өнөөгийн 79 настай IX богд бол жинхэнэ богд биш, хуурамч богд гэдгийг хэлэхэд юу нь буруу байхав.
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Чингис хаан бол энэ Очирваань хувилгаан байгаа юм. Тэгэхээр энэ гадаад нэртэй бурхныг шүтэх нь Чингэс хаанаа шүтсэнтэй адил” гэж сонордууллаа. Энэ ишлэлийг түүхч Н.Нагаанбуу Зууны мэдээ сонины 2011 оны №42-д дурьдсан бөгөөд тэрбээр шарын шашныг Манжийн улс төрийн бодлоготой холбож, манжууд шарын шашнаар дамжуулж Монгол Улсад далд хорлонт бодлого явуулсныг илчилсэн хэд хэдэн чухал санаануудыг бид дахин давтан хэлье гэж бодлоо.
Тухайлбал, “Монголчуудыг түвдийн шашинаар хордуулах далд бодлого нь ёсоор болсонд баяссан Манжийн хаан Канси (Энх Амгалан) /16541722/ “Монголчууд лам дор мунхарч гэрийн адал (үйл явдлаа) хөрөнгөө (эд ахуйгаа) түүний (шашны) төлөө хоосолж амуй. Энэ болбаас аюул хөнөөл буян жаргалангийн сургаалыг хэтэрхэй үнэмшиж түүний эгнэгт тусгүй болохыг эс мэдсэн мунхаг хүмүүний явдалболой” гэж айлдсан бол, Манжийн Тэнгэр тэтгэгч хаан /17361795/ “Монголчууд бүгдээр ламыг шүтсэнээс улсын хүчин нь доройтов… Гэхдээ Монгол доройтвоос манай улсад ашигтай болой. Шарын шашинаар Монголыг илбэн номхотгох ану бидэнд дээд мэргэн арга болой” гэсэн түүх буй.”
Түүхч Н.Нагаанбуу бас нэг айхавтар томъёолол тэнүүчилж явааг илчиллээ. Уул томъёоллыг дурьдвал “Өнөөдөр Жанрайсаг Очирваань Манзушир язгуурын бурхадгүй бол Монгол орон мөхнө” гэсэн томъёолол юм.
1992 оны үндсэн хуулийн 9-р зүйл эцсийн дүнд шарын шашны аугаа гурван бурхан сүндэрлэхгүй л юм бол Монгол орон баларна хэмээсэн айлдвар болж хувирна гэдгийг 19 жилийн тэртээд хэн ч төсөөлж явсангүй. Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэдэг нь эцсийн дүнд шашин нь төрийн дээр мордож, Монгол орныг гурван лут бурхантай болгосноор энэрэл нигүүлсэл, оюун ухаан, хүч чадал гэсэн гурван гайхамшиг сүндэрлэсэнгүй.
Шарын шашныг шүтсэнээр Монгол улс улам доройтож, мунхаглалд нэрвэгдэгсэд эрс олширч, шарын шашинд хамаг байдгаа өгч улмаар манжгүй манжийн оюун сэтгэлийн далд колоничлол өрнөж, монголчуудыг номхотгох үйлсээ XXI зуунд ч бадраахаар шамдан ажиллаж байна.
Өнөө үед Монгол Улсадманжийн түрэмгийлэл байхгүй ч гэсэн, бас төвдүүд ажиллаж амьдрахгүй байгаа ч гэсэн шарын шашинд оюун ухаан, зүрх сэтгэлээ өгсөн Монгол ламтнууд шарын шашны ёс жаягийг амилуулж байгаа.
Гэтэл шарын шашны горим, ёс, номнолын цаана манжийн оюуны далд колониализм нуугдаж байгааг ийм колоничлолыг хэрэгжүүлэхэд шарын шашин онцгой үүргээ биелүүлсэн хэвээр байгаа гэдгийг бид заавал ухаарч ойлгох ёстой. Монголчуудын гараар манай хойчис үрсийн оюун ухаанаар шарын шашны айхавтар мөлжлөг, манжийн хорлонт далд бодлого хэрэгжиж байгааг бид хэлэхгүй өнгөрч болохгүй.
Монголчуудыг монголчуудын гараар, монголчуудыг төрийн ивээлд орсон Жанрайсиг, Очирваань, Манзушир бурхдаар нь хүчийг нь сулруулж, оюун тархийг нь буруу зүг рүү хандуулж, залбирлаар, мөргөлөөр, элдэв өргөл барьцаар Монгол хүн бүрийг, өвөө эмээ нарыг, эцэг эхүүдийг, үр хүүхдүүдийг бүгдийг нь мунхагжуулах хорлонт бодлого хэрэгжин амилсаар байгааг бид хэлэх ёстой.
Өнөө үед зөвхөн эдийн засгийн хүрээнд, зөвхөн улс төрийн амьдралд хэн хэнийгээ тонилгох вэ гэсэн тэмцэл өрнөж байгаа төдийгүй бас оюун ухаан, зүрх сэтгэл, онолын сэтгэлгээнд дээрх тэмцэл улангасан ширүүсч байгааг дурьдах нь зөв байх.
Шарын шашинтнууд Монгол улсад хөдөлмөрчин ардыг 400 гаруй жил мөлжихдөө түмэн олны хөрөнгөөр баахан сүм хийд, суварга босгож асар их мөнгийг мөргөлд ном уншилгад, нигүүлсэхүйн үйлсэд нүглийг арилгаж буяныг бадраах явдалд ямар ч үр ашиггүй зарцуулсан.
Гэтэл энэ их хөрөнгөөр ганц ч үйлдвэр байгуулж үзээгүй, ганц ч хүүхдийн цэцэрлэг сүндэрлүүлсэнгүй, ганц ч соёлын ордон, хот тосгон барьж үзсэнгүй. Шарын шашин бол далд мөлжлөгийг амилуулдаг асар их үргүй зардлаар дөвчигнөдөг харийн хэлний утгагүй шашныг бадраадаг ийм л нүгэлт тавилан бидний үр хүүхдүүдэд, бидний хойч удмынханд өвлөн үлдэх гээд байна.
Хэрэв Монгол Улсаа аваръя гэж бодож байгаа юм бол жинхэнэ тусгаар тогтносон бие даасан улсаа сүндэрлүүлье гэж бодож байгаа бол хүн бүр, өрх бүр, сум, аймаг, хотууд бүгд шарын шашныг монголчуудыг мөхөөх аюулт дайсан хэмээн зарлаж, шарын шашныг эх нутгаасаа таягдаж хаях чиглэлийг, том бодлогыг явуулах ёстой.
Манай төрийн дээдчүүд үнэхээр улс төрийн өндөр итгэл үнэмшилтэй болъё гэвэл, шашны элдэв мунхруулгад өртөхгүй явъя гэж бодож байгаа бол өөрсдөө олж авсан орчин үеийн мэдлэг, дээд боловсролоо шашны сүсэг бишрэл рүү хандуулахгүй, улс төрийн гүн ухаан руу, улс төрийн том бодлого руу чиглүүлж ажиллуулах шаардлагатай. Ингэхгүйгээс болж нэг үе манай бүх лийдрүүд шарын шашныг биширч юуг нь ч ойлгохгүйгээр, далд хорлонт бодлого хэрэгжиж байгаа гэдгийг ч ойлгохгүй лам нар руу гүйж, гадныхны элэг доог болж явснаа эргэн нэг санахад юу нь буруудхав.
Цагаан сарын шинийн нэгний өглөө айл өрхийн тэргүүнүүд мөрөө гаргана гэж мангартдаг болчихоод байгаа. Мөр гаргана гэдэг нь эрт өглөө хүн амьтнаас нуугдаж, үнсэн дээр ч юм уу, хогон дээр ч юм уу, аль эсвэл элсэн дээр ч юм уу, бас цасан дээр ч магадгүй хөрвөөж нүглээ арилгаж цэвэршиж байгаа гэсэн хачин балай ойлголт буй болчихсон байна.
Монголчууд бид их Чингис ухаанд чармайн суралцах асар их боломж нээгдэж буйг харах ёстой. АНУын ерөнхийлөгч асан Билл Клинтон 2008 онд Хонг Конгод очиж нэгэн гайхамшигтай үгийг хэлснийг З.Бат-Отгоны туурвисан Монголчуудын гэгээрэл хэмээх номын 607-р хуудсанд бичигдсэн нэгэн том өгүүлбэрийг дурьдая.
“Саяхан 2008 оны 12р сарын эхээр АНУын ерөнхийлөгч асан Билл Клинтоны санаачилгаар Хонг Конгод зохион байгуулагдсан дэлхийн улс орнуудын удирдагчдын чуулга уулзалтан дээр Билл Клинтон “Өнөөдрийн хүн төрөлхтний хөгжил зогсонги байдалд орлоо. Энэ нь өнөөдөр дэлхийд улс төрийн сайн удирдагч байхгүй байгаагийн илрэл. Ер нь хүн төрөлхтний түүхэнд ганцхан улс төрийн удирдагч байсан нь Монголын их эзэн Чингис хаан байжээ. Тиймээс одоо дэлхий нийтээрээ монголчуудаас болон Чингис хаанаас суралцах цаг нэгэнт болжээ” гэж хэлээд манай улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр гуайд тусгайлан баяр хүргэснийг дэлхий нийт харсан.
Доктор П.Нэргүй
Хөх толбо
URL: