Манайхан маяглаж, чамирхаад Монгол үгийг гадаадаар хэлдэг
“Эх хэлээ эрхэмлэх” нийгэмлэгийн тэргүүн Д.Цэрэнсодномтой ярилцлаа.
-Хэсэг эрдэмтэд нийгэмлэг байгуулсан гэж сонслоо. Зорилго нь юу бол?
-Манай хэл бичгийн хэсэг эрдэмтэд санал нэгдэж “Эх хэлээ эрхэмлэх” нийгэмлэг байгуулсан. Өмнөө барих гайгүй эрдэмтэд хүчин зүтгэж оролцож байгаа. Тухайлбал МУИС, боловсролын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Улаанбаатар их сургуулийн хэлний мэргэжилтэй төлөөлөгч нар бүгд хамрагдсан. Манай нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч гишүүд дээрхи сургуулиудаас хамрагдан ажиллаж байна. Үйл ажиллагаагаа албан ёсоор нээгээд cap гаруй болж байгаа. Эх хэлээрээ зөв ярьж, бичиж сургах зорилготой. Эх хэл маань зайлшгүй манаачтай байх шаардлагатай байна.
-Эх хэлээ хамгаалахын тулд ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хэдэн ажил дээр тогтож ажлаа эхлэх бодолтой байгаа. Тухайлбал эх хэлний хууль санаачилж боловсруулаад, хууль санаачлах бүхий этгээдээр Улсын Их Хуралд өргөн бариулж улмаар батлуулж ажил хэрэг болгохыг зорьж байна. Их хуралд хандаж захидал бичсэн. Дэмжих болов уу гэж найдаж байгаа. Эх хэлний хуульгүй болохоор ажил явахгүй байна. Гудамжинд буруу бичсэн хаягийг авах гэхээр чи битгий дэмий юм ярь гэнэ. Хуультай бол хүчний байгууллагад хандаад л хураах, хумих, солиулах эрх нээгдэнэ.
-Монгол хэлний үлэмж муу байна гэдэгтэй санал нийлэх үү. Түүнийг дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Монгол хэлний үлэмжийг дээшлүүлэх талаар бас юм санаж сэрэх хэрэгтэй байна. Төрийн албан хаагч болохын тулд үндэсний бичиг, үсэг ямар нэгэн хэмжээгээр мэддэг баймаар байна. Монгол хэлний шалгалт заавал өгдөг байх. Яагаад эхээр хэл найруулгын өндөр боловсролтой байх нь нэн чухал. Өнөөдөр монголоор бараг өргөдөл бичиж чадахгүй хүн ажилд орж байна шүү. Албан бичиг төлөвлөж чадахгүй. Ар өврийн хаалгаар ажилд орсон хүмүүс төрийн албанд олон болсон байна. Төрийн байгууллагад шахалт үзүүлж ажиллана. Үүнээс гадна сонин хэвлэл, радио, телевизийн хэл ярианы соёл, хүүхдийн сурах бичгийн хэл найруулга их муу байна. Сурах бичгийн хэл найруулга нь ойлгомжгүй болохоор хүүхэд байтугай эх эцэг нь ойлгохгүй тохиолдол гардаг. Гэрийн даалгавараа хийхэд нь тусалж чадахгүй байна гэсэн яриа гардаг. Бид яриад л байдаг. Одоо бодитой тулж ажил болгох цаг нь нэгэнт болжээ. Юуны өмнө их сургуулийн туршлагатай багш нарын зөвлөл байгуулаад, сурах бичгийн хэл найруулгад хяналт тавих ажил эхэлнэ. Ажлын хэсэг байгуулагдсан. Хичээл жигдрээд эхлэхээр ажилдаа орно.
-Хотын гудамжинд байгаа хаягийн талаар ямар бодолтой байна бэ?
-Хотын хаяг их хэцүү асуудалтай. Алиалагчийн хувцас шиг юм өлгөжээ. Хөдөөнөөс ирсэн монгол хүн очих газраа яаж олох вэ. Бид нар ч толгой эргэхээр болчихоод байна. Хотын Засаг дарга Э.Бат-Үүлд албан бичиг явуулсан. Хариу ирүүлэх байх.
-Эх хэлээрээ зөв ярьж, бичихийн тулд яах ёстой бэ?
-Юуны өмнө хэвлэл мэдээлэл сонин, ном, сурах бичиг, хувиараа хэвлүүлж байгаа роман, шүлэг найраглал, орчуулгын зохиол уншигчдын хэрэгцээ шаардлага хангаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл тэр бүтээл гарахад ажиллах горим алдагдсан гэж бодож байна. Ном зохиол гарахад зөв ойлгомжтой нийтлэхийн тулд олон шат дамжлагатай байсан. Олон хүний гар дамжуулан шүүн уншиж алдаа оноогүй гаргадаг байсан. Үсэг хулгайч гэдэг. Нүднээс бултаад л үлдчихдэг. Үүнээс гадна монгол шинэ үсгийн дүрэм жигдрээгүй нэг үгийг хоёр янзаар бичихэд хоёулаа зөв болдог ийм дутагдал бий л дээ. Энэ нь цөөхөн. Дамдинсүрэн багшийн зохиосон шинэ үсгийн дүрэм өөрчлөгдөөгүй байгаа. Үүнийг баримтлах хэрэгтэй. Зарим хүн баримтлахгүй байна. Энэ чинь хууль зөрчиж байгаа хэрэг. Ногоон гэрлээр гарах ёстой байтал улаан гэрлээр гарч байгаатай яг адилхан. Хууль гэхээр нэг том юм бодоод байдаг. Хууль дүрэм чинь хамгийн багаас эхлээд л сахих хэрэгтэй.
-Орчуулгын ном ойлгомж муутай байдаг. Үүний гол шалтгаан нь юу бол?
-Орчуулагч нь ядуухан байгаагаас болж байгаа хэрэг. Хуучин сайн орчуулга хийдэг байсан. Тэр нь хэд хэдэн хүний гар дамжин хянагддаг. Тэр үед хэвлэлийн нэгдсэн редакцид Цэрэнрагчаа, Амар, Шүгэр нар алдааг засдаг. Тэд алдааны ангуучид байлаа. Гэтэл одоо ангууч байхгүй болсон болохоор алдаа дураараа чөлөөтэй сэлж явах болсон. Зохиогчийн мөрөн дээр бүх ачаа ирсэн байна.
Хүн бичсэн материалаа өөрөө уншихаар тааж уншаад байдаг юм. Тааруулж уншаад байдаг байхгүй. Өөр хун уншихад соргог нүдээр хардаг л даа. Тийм учир мэргэжлийн редактор, хянагч буй болгох хэрэгтэй байна. Энэ их дутагдалтай байна.
-Харь хэлнээс үг авч хэрэглэдэг. Энэ талаар таны бодол?
-Аль ч улсын хэлнээс үг авдаг үзэгдэл байдаг. Энэ бол хэл зүйн хэвийн үзэгдэл. Харин хэр хэмжээнээсээ хэтэрч болохгүй. Манайхан монголоор хэлж болох үгийг маяглаж, чамирхаад гадаадаар ярих гэдэг. Бичих гэдэг. Чангахан хэлбэл ёсны дэмийрэл гэмээр юм байна. Жишээ нь телевизүүдийн хэл дээр би яримаар байна. Улаанбаатар телевиз гэж хэлж болно доо. Гэтэл UBS телевиз гэдэг. Ингэж хэлэх ямар шаардлага байна. Хотын такси гэж хэлж болно биз дээ. City taxi гэдэг. Хот гэдэг үг монгол хэлний үгийн санд байж байгаа. Энэ чинь харийн соёлыг мухар сохроор шүтэж байгаа асуудал. Жинхэнэ дэмийрэл гэж хэлэх байна. Яагаад энэ тухай яриад байна бэ гэвэл Монгол Улс гэж байгаа л юм бол монгол хэл, бичгээр албан ёсны бичиг баримтууд хөтлөгдөх ёстой.
-Бичиг соёл, хэл яриагаа зөв хөгжүүлэхийн тулд яах хэрэгтэй байна?
-Сэтгүүлчид манай нэрт зохиолчдын ном зохиолыг унших хэрэгтэй. Өөрийнхөө монгол хэлний боловсролыг байнга дээшлүүлэх хэрэгтэй. Ард түмнийхээ хэрэглэж ирсэн үгсийн сангаас татгалзах учиргүй байгаа юм. Цас орлоо гэх хэлэхэд монголчууд олон янзаар хэлдэг. Тухайлбал морин тууриа цастай боллоо. Малын амны цастай боллоо гэм мэтээр ард түмэн цасны хэмжээг ярьдаг үг. Гэтэл одоо гадаад үгний орчуулгаар цасан бүрхүүл тогтоод гэсэн үг орж ирлээ. Тэгэхээр цасан бүрхүүл тогтоод сайхан өвөлжиж байна уу гэж ярих болж байна. Тэгвэл хөдөөний хүн гайхаж инээд нь хүрэх биз. “Мөнгө босгоно” гэж бичдэг ярьдаг болсон байна. Хуримтлал бий болгоно. Мөнгөний хуримтлал гэж ярьдаг шүү дээ. Хүний юмаар хүүдэгнэх нь нэг их онцгүй. Энэ,нь яваа яваандаа бидний соёл иргэншил, ёс заншил уусч устгахын эхлэл гэж бодож байна. Авах зохистой юмыг авч болно. Манай ёс заншил, хөрсөнд нийцэхээр зүйлийг авч болно. Бид бичгийн хүмүүстэй уулзалт ярив их хийнэ. Өөрсдийнхөө бичсэн материалаа үзүүлээд алдаа оноогоо сонсдог байсан. Рэнцэн гуай бол улаан эрээн болгоод өгдөг байсан. Хэлний мэргэжлийн хүнээр дотоод шүүмж сайн хийлгэж байх хэрэгтэй. Хуучин намын даалгавараар хийдэг байсан. Одоо яахав бүх амьдрал мөнгөн дээр тогтож байгаа болохоор төлбөрөө төлөөд л хөндлөнгийн хяналт хийлгэж байвал бичиж байгаа материал чинь сайжирна.
-Бичгийн болон хэл ярианы гажуудал хэдий үеэс үүсч эхэлсэн бэ?
-Социализмийн үед ч байсан л даа. Гэхдээ сүүлийн хорин жилд эрчимтэй даамжирч байна. Хавдраар ярих юм бол шат ахиад байна. Хэл мөхөхийн цондон. Харсаар байж эх хэлээ мөхөөж болохгүй. Эх хэлэндээ манаачтай боллоо гэж бодож байгаа. Зундуйн Дорж “Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй бэ. Монгол эмгэнэлтэй” гэсэн байдаг. Хил манаачтай. Мал манаачтай байна. Мал төрийн хамгаалтад авсан. Бид эх хэлээ хамгаалах манааныхаа ажилд хариуцлагатай хандана.
Үүнээс гадна нэр томъёо цэгц муутай байна. Замбараагүй байгаа. Сүүлийн үед гадаад хэлнээс инноваци, продакшн гэж байх шиг. Ер нь зөндөө олон үгийг монголоор хэлж болдог үгийг гадаадаар хэлээд байх юм. Хуучин улсын нэр томьёоны комисс гэж байлаа. Одоо албан ёсны эрх үүрэг бүхий хуулийн этгээд байхгүй учир нэр томьёог оновчтой хэрэглэж чадахгүй байна. Ийм учраас Ерөнхий сайдад албан бичиг явуулж, хүсэлт гаргаж байгаа. Ерөнхий сайдын дэргэд орон тооны бус улсын нэр томьёоны зөвлөл байгуулах хэрэгтэй байна. Шадар сайдаар ахлуулсан. Манай хэл зохиолын хүрээлэнгийн захирал, нарийн бичиг дарга мөн манай нийгэмлэгээс хүн орвол орно л биз. Тэгээд шинээр гарч байгаа нэр томьёог жигдлэх ийм ажил руу оръё гэсэн хүсэлт тавих бодолтой байна.
Үүнээс гадна “Эх хэл” гэдэг өөрсдийн дуу хоолойг олон түмэнд хүргэх сэтгүүл гаргахаар төлөвлөж байгаа. Сэтгүүл маань жижиг булантай байхаас гадна өнөөгийн монгол хэлний өнгө төрх гэсэн үндсэн булантай байна. Энэ буланд ямар бэрхшээл, зөрчил, дутагдал байгааг шүүмжилж, ажигласан туршлага дээрээ тулгуурлан гаргаж байх болно.
Э.АЛТАН
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: