Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Д.Туяа Хятадын компанид 90 сая төгрөгөөр газар өгчээ

Газрын наймаатай холбоотой хууль бус үйлдэл орон нутагт ч газар авсаар байгаа аж. Тодруулбал, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Туяа орон нутагтаа өөрийн вант улсаа хэдийнэ байгуулаад амжжээ. Энэ явдал олны анхаарлыг татсаар багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн гуравдугаар сард сумын иргэд түүнийг шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргаж байсан юм. Засаг дарга Б.Туяа албан тушаал, эрх мэдлээ ашиглан тус сумын «Байгаль хамгаалах сан»-д орж ирсэн хөрөнгийг дур мэдэн хувьдаа ашиглаж, ломбард ажиллуулдаг байсныг нь Аудитын газар тогтоосон тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Харин энэ удаа түүний тарьсан хэргийг нутгийнхан нь дуу нэгтэйгээр баталж байна. Тэрбээр Баянжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай, уул уурхайн компаниар бүх зардлаа даалгаж, гадаадад амарч, зугаалж байгаад иржээ. Үүнээс гадна өнгөрсөн жил Г.Туяа дарга айлын хашааны дэргэдээс жонш олборлож, хариуд нь их хэмжээний малын бэлчээр бэлгэнд өгсөн аж. Энэ мэтчилэн тус суманд ухаж, сэндийчээгүй газар бага үлджээ. Тэр ч бүү хэл 10 жилийн турш хайгуул олборлолт хийчхээд ганц удаа нөхөн сэргээлт хийгээгүй газар ч байна. Дээрх хууль бус үйлдлийг сурвалжлахаар бид Дундговь аймгийн Баянжаргалан сумыг зорьсон юм.

Говь-Угтаал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай «Шанжин орд» ХХК тус сумын нутаг дэвсгэрт орших Хараат уулын цайр төмрийн ордод олборлолт явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байв. Баянжаргалан сумын Засаг дарга Г.Туяа Н.Мандах гэдэг айлын бууцны хажууд тус компанид 121 га газрыг 90 сая төгрөгөөр өгчээ.

Гэтэл мөнөөх компанийн үйл ажиллагаа байгаль орчин, иргэдийн амьдралд ихээхэн хор уршиг тарьж эхэлсэн болохоор энэ тухай Г.Туяад удаа дараа уламжилсан байна. Харамсалтай нь, Засаг дарга тэдний үгийг нохой хуцсан чинээ ч тоож аваагүй байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь мань дарга өөр сумын газарт хог хаягдал боловсруулах цэг байгуулах газрын эрхийг
өгчихсөн байх юм. Энэ талаар тус сумын малчин Н.Мандахтай уулзахад «Засаг дарга Г.Туяа малчин бидний үгийг тоолгүй малын бэлчээрийг маань сүйтгэж байна. «Шанжин орд» ХХК-д 121 га газрыг өгсөн. Уг нь малчид мал аж ахуйд түшиглэж. амьдралаа залгуулдаг гэдгийг маш сайн мэдэх хүний нэг нь. Гэтэл мөнгөнөөс болж ийм хэмжээний газар өгсөнд бидний хувьд гомдолтой байна. Ер нь Г.Туяатай холбоотой олон таагүй баримт байгаа. Гадныхантай их сүжирч, дайлуулж цайлуулдаг гэдгийг манай сумынхан бүгд мэднэ.

Хамгийн асуудалтай нь энэ 121 га газар Баянжаргалан сумынх биш, Говь-Угтаалд харьяалагддаг. Гэтэл хүний юмнаас хумсалж, 90 сая төгрөгөөр их хэмжээний газар олгосон шийдвэрийн цаана их мөнгө байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Манай аймгийн газар нутаг уул уурхайгаас болж сүйдэж байгааг онцолж хэлмээр байна. Г.Туяаг эрх мэдлээ ашиглаж их хэмжээний мөнгө цохидог гэдгийг амтай болгон ярина.

Энэ хүний шуналыг хэзээ зогсох бол гэж бид дөрвөн жил харлаа. Аймаг, орон нутгийн удирдлагууд түүнийг ийм хэмжээний газар зарсныг мэдээгүй гэж байгаа. Үүнээс л энэ хүний ямархуу эрх мэдэлтэй нь харагдаж байгаа юм. Тэгэхээр төр засаг гэж байна уу гэдгийг асуумаар байна. Ямартай ч гурван үеэрээ нутаглаж байгаа энэ газраа тус компанид тийм амар өгөхгүй байх шүү» гэлээ.

Малчдын гомдол үүгээр дуусаагүй. Олон хүн Г.Туяагийн хууль бус үйлдлүүдийг баримттайгаар дурдан онцолж байсан. Мөн Говь-Угтаал сумын Засаг дарга В.Нямсүрэн гуай ч түүний хууль бус газар олголтыг буруушааж байсан юм. Тэрбээр «Угтаа бол тус компани надаас газар хүсэхэд нь би зөвшөөрөөгүй. Гэтэл Баянжаргалан сумын Засаг дарга Г.Туяа 121 га газар өгсөнд маш их гайхсан» гэв.

Харин хууль бус газар олголтын тухай албаны хүнээс асуухад «Аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байдаг. Гэтэл тус сумын Засаг дарга ИТХ-аараа шийдэж дээрх газрыг олгосон нь хууль бус» гэж байсан юм
Үүнээс харахад Баянжаргалан сумын Засаг дарга Б.Туяагийн эрх мэдэл аймгийн Засаг даргынхаас ч давсан аж. Гадныхантай нийлж сумынхаа газрыг наймаалж суудаг түүнийг Баянжаргаланг худалдсан гэж сонсвол гайхахааргүй юм байна. Тэр ч бүү хэл өөр сумын газарт лиценз олгодог түүний эрх мэдлийг хуулиар ч хязгаарлаж чадахгүй гэж үү.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих