АН-ын ”цахилгаан дайн”-ы төлөвлөгөө
УИХ-ын сонгууль болоод дөрвөн cap өнгөрч байна. Гэвч УИХ элэг бүтэн болж улс орныг удирдан чиглүүлэх үүргээ гүйцэд биелүүлж чадахгүй байгаа. 71 гишүүнийхээ эрх үүргийн хүрээнд ч ажил үүргээ явуулж дөнгөхгүй байгаа эл парламент дөрөвхөн сарын насжилтаар ард түмнийхээ итгэлийг алдчихав бололтой. Учир нь “Эд нэг л биш ээ” гэх эргэлзээ олны дунд тархах болж. Ямар ч сонгуулийн дараа маргаан байж л байдаг. Түүнийг нь зохих шатны байгууллага нь шийдээд явдаг. Харин тухайн парламентын дарга дааж авсан ангиа элэг бүтэн болгохын төлөө гэсэн чин хүсэлтэй байсаар, зүтгэсээр ирсэн. Үнэндээ ч Үндсэн хуулиараа баталгаажсан парламентын засаглалтай манай улсын тухайд УИХ-ын дарга болсон хүн намчирхаж элдэв бололгүй улс орны ирээдүй, өнөө маргаашийн өнгийг том харж ёстой л цол дагаж бяр гэх логикоор ажиллаж ирсэн түүхтэй. Гэвч энэ УИХ-ын өнгөнөөс тэр чиг хандлага огтоос харагдахгүй байна. Бүр хоёрдугаар ээлж хоолондоо оройтож орсон мэт авирлах нь ийнхүү “Эд ч дээ” гэх эргэлзээг ийм хурдан төрүүлээд байна л даа.
Голж ч байгаа учраас Монгол улсад ардчилал ялснаас хойш анх удаагаа орчин цагийн хэлмэгдүүлэлтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээр улайрч байна. Тэд 2.7 сая монголчуудын саналаар олонх болж чадаагүй ч хүний олон хүнээ барьж иддэг юм гэх зарчмаар УИХ-ын суудлын тоонд хүч хэрэглэн хуруу дүрж эхэллээ. Ардчилсан нам засгаа “Шударга ёс” эвсэлтэй нийлж байгуулсан. УИХ-ын байнгын хороо, дэд хороод, агентлаг гээд хувааж болох бүхнийг эрээ цээргүй хуваасаар байгаа. Гэвч хувь улстөрчдийн хувьсамтгай, урваач шарваач байдлаас болоод “Шударга ёс” эвслийн МАХН, МҮАН хоорондоо толхилцож энэ давлагаа нь Засгийн газрыг урсгачих гээд байгаа. Чухам энэ л байдлаас болоод Ардчилсан нам хэрхэн олонх болох, яаж “Шударга ёс” эвслийг жийн дангаараа ноёлох талаар толгой гашилгаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 31 гишүүнээ 39 болгох төлөвлөгөөг бодоод эхэлсэн гэсэн үг. Ингэхийн тулд баахан тойрогт маргаан үүсгэж тангаргаа өргөсөн гишүүдийг эргүүлэн татахаас өөр гарц байхгүй. Маргаан үүсгэх гэхээсээ илүүтэй хэрэг үүсгэнэ. Тэгээд хувийн бизнест нь заналхийлнэ. Энэ бол улстөрчдийн ч биш хувь хүний хамгийн эмзэг цэг. Яг энэ цэгийг онилно гэдгийг Ардчилсан намынхан хэдийнэ тооцоолчихсон эхнээс нь харлуулан нийгэмд сөрөг мэдээлэл цацах эхлэлээ хэдийнэ эхэлжээ.
УВСЫГ УВАЙГҮЙ АРГААР АВНА
Увс аймгийн хоёр тойрог орлоо. Тус аймгийн сонгогчид Ч.Хүрэлбаатар 21515 санал, Б.Чойжилсүрэнд 19533 санал өгсөн ч өнөөдөр эргүүлэн татах тухай яриад, хөрсийг нь бэлдээд эхэлчихсэн. Хэрвээ энэ хоёрыг, эргүүлэн татвал Д.Нямхүү, М.Мэндсайхан гэсэн Ардчилсан намын хоёр орж ирнэ. МАН-ын тангаргаа өргөсөн хоёрыг мөнгө төгрөг тараасан гэх хэл амаар ороогоод байгаа. Бүр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байгаа. Гэтэл үнэндээ Д.Нямхүүг ч яг ийм үйлдэл хийсэн гэх хүмүүс орон нутагт байдаг л юм билээ. Ингэхээр засгийн эрх барьж байгаа дээрээ хүч хэрэглэн хүчирхийлж л байгаа болохоос адилдаа адил годилдоо годил гэдгийн үлгэр л болоод байгаа юм шиг байна билээ л дээ.
ЗАВХАНЫГ ЗАВХРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Ингээд дараа нь МАН-ынхныг нэг нэгээр нь сугалах төлөвлөгөөтэй байгаа. Үүний эхний хохирогчоор Д.Оюунхорол гишүүн тодроод байна. Завханчууд уг нь Я.Санжмятавт 15970 санал Д.Оюунхоролд 15299 санал өгсөн. Тэд ч тангаргаа өргөөд ажлаа хийгээд явж байгаа. Гэвч Ардчилсан намын тоо нэмэх төлөвлөгөөнд Д.Оюунхорол зөөлөн зууш болж харагдаж. Иймээс мөн л хойш татах бүхий л арга замыг хайж эхэлсэн гэсэн. Эдний тойрогт нэр дэвшээд санал авсан байдлаар үзэхээр хэрвээ Д.Оюунхорол гишүүнийг эргүүлэн татвал санал авсан байдлаараа Д.Балдан-Очир яалт байхгүй орж ирэх ёстой. Д.Балдан- Очир 13586 санал авсан учраас. Гэвч Ардчилсан намынхан Д.Оюунхоролыг Д.Балдан-Очиртой нь хавсруулан татах гэх гаргалгааг олоод түүний ард байгаа Б.Шинэбаатарыг оруулахаар улайрч байгаа гэнэ. Хэрвээ энэ ажиллагаа бүтвэл 10597 санал авсан Б.Шинэбаатар өмнөх хоёроо намын хүчээр зад өшиглөн орж ирэх нь л дээ.
ДАРХАНЫГ ДАЙВАЛЗУУЛААД ЭХЭЛСЭН
Дархан-Уулаас С.Ганбаатар бие даан 22464 саналаар, Д.Хаянхярваа МАН-аас нэр дэвшин 12368 саналаар ялалт байгуулан УИХ-д суугаа. Харин эндээс Д.Хаянхярвааг Ардчилсан намынхан сугалахаар шийдэж. Хэвлэлээр энэ тухайгаа ч мэдэгдэж эхлээд байгаа. Хэрвээ эл төлөвлөгөөг хүчээр хийвэл араас нь “Шударга ёс” эвслийн Б.Тулга 6264 саналаар ороод ирэх байв. Гэвч алсын хараатай ардчилагчид маань бүхнийг тооцож Б.Тулгыг туслах ч үгүй дэд сайдын суудалд хүлж орхисон. Ингэхээр араас нь Б.Мөнхтуяа нөхрийнхөө цайг чанаж суухаа болиод УИХ-д орж ирэх нь л дээ. Гэхдээ юманд хачир, суманд гичир бий гэж нэг үг бий.
ДАХИН САНАЛ ХУРААЛГАЛГҮЙ МАН-ЫН ГУРВЫГ ЖИЙНЭ
Сонгуулийн хуулийнхаа босго оноонд хүрээгүй тул дахин санал хураалт явуулахаар үлдсэн Сонгинохайрхан болон Баянзүрхийн хоёр тойрог байгаа. Тангаргаа өргөснийг нь татуулахаар улайрч байгаа Ардчилсан намынхан дахин санал хураалтад оролцох МАН-ын гурвыг ямар нэгэн аргаар жийх ажиллагааг маргаашнаас нь л бодож эхэлсэн. Сонгууль л болсон хойно нэг ч гэсэн суудал авахаар зүтгэхийг буруутгах аргагүй. Гэхдээ бүх зүйл хууль ёсны л дагуу байх ёстой. Шударга үнэний дуу хоолой гэгдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөдөө аж ахуй хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяр гэхэд Сонгинохайрханы ахмадуудыг билетийн мөнгөөр нь даан хошин шог үзүүлж, хаа хамаагүй сургуулийн нээлт хэсэж тууз хайчилсаар яваа. Уг нь нэр дэвшиж байгаа хүн бүхэнд энэ бүхэн хориотой. Харин шударга үнэний дуу хоолой гэж өөрийгөө нэрлэсэн Ерөнхийлөгчийн зөвлөхөд Монгол Улсын эл хууль үйлчилдэггүй. Мөн хуурамч тогтоол гаргуулан автоматаар УИХ-д орох гэж зүтгээд шат шатны шүүхийн хаалга татан амжилт олохгүй яваа.
Мөн Баянзүрх дүүрэгт МАН-ын хоёр нөхөр хайнцаад байгаа. Гэвч Б.Батзориг, Д.Арвин хоёрыг ямар нэгэн хэрэгт орооцолдуулаад хаа хойно яваа И.Нарантуяаг өөд нь татахаар төлөвлөөд байгаа гэсэн.
Ийм байдлаар Ардчилсан нам төрийн эрхийг хүчээр авах төлөвлөгөөг боловсруулаад, ажиллаад эхэлчихсэн байна. Уг төлөвлөгөөгөөрөө нэмж есөн суудал аваад УИХ-д олонх болох гэсэн ганцхан зорилготой. Харин эл төлөвлөгөөг монголчууд дуугүй л харж суусаар биелүүлэх үү үгүй юу гэдэг том асуудал. Олонх болоод өшиглөвөл “Шударга ёс” эвслийнхэн ч дуугүй суух тэнэгүүд биш. 25 хүнээ төлөөлөн тангараг өргүүлээд байгаа МАН-ынхан ч пайнагтаад суухгүй.
Гитлер “Цахилгаан дайны төлөвлөгөө” гэж өөртөө л агуу төлөвлөгөө боловсруулан дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлээд 50 гаруй сая хүний алтан амь үгүй хийж, үй түмэн уй гашуу дагуулсан байдаг. Ардчилсан намын орчин цагийн хэлмэгдүүлэлтээр дэлхийн хэмжээний “дайн” эхэлчихгүй ч жижигхэн монголчуудаа хөлдөө чирчих чичиргээ үүсэх нь тодорхой. Төрийн эрхээ хүчээр булааж байгааг хараад монголчууд дуугүй суухгүй тул чичрэх нь тодорхой. Иймээс Ардчилсан намынхан “цахилгаан дайн”-ы төлөвлөгөөгөө эргээд нэг харчих нь нийт том эрх ашигтаа, Үндэсний аюулгүй байдалдаа хэрэгтэй болов уу.
М.Мөнхчимэг
ӨДРИЙН ШУУДАН
URL: