Таван тэрбум төгрөгийн бонд гаргах, арилжаалах журам баталлаа

-Инфляцийн дарамтыг үүрд мартъя гэвэл таван тэрбумын бондоос бүү ай-

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Сангийн сайд Ч.Улаан нар өчигдөр Засгийн газрын баталгаатай таван тэрбум төгрөгийн бондыг гаргах, арилжаалах журмыг хамтарсан тушаалаар баталлаа. Энэ журамд Засгийн газрын бондтой холбоотой асуудлууд, тэр тусмаа урт, дунд, богино хугацаатай бондын онцлогууд, түүнийг зуучлах, арилжаалах бүх механизмыг маш тодорхой болгон заажээ. Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журмын зорилго нь төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулах богино хугацаат болон зарим зорилтот төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, урт хугацаат үнэт цаасыг эрсдлийн боломжит түвшинд, хамгийн бага зардалтайгаар санхүүжүүлэх, ЗГҮЦ-ны зах зээлийг хөгжүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй юм. ЗГҮЦ-ны анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, тогтмол арилжааг явуулснаар Монгол Улсын Засгийн газрын жишиг хүүг тогтоох боломжтой.

Энэ нь санхүүгийн зах зээлд пүүс, компаниудын өрийн хэрэгсэл гаргах зах зээлийн жишиг хүү болж хөрөнгө оруулагчид болон санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаа дотоодын пүүс, компаниудад хөрөнгө босгоход дөхөм болох аж. Богино хугацаат ЗГҮЦ нь Төв банкны үнэт цаасны нэгэн адил мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд ашиглагддаг үндсэн хэрэгслүүд юм. Гэхдээ голчлон институциональ хөрөнгө оруулагчид болох даатгалын компаниуд, хамтын сангууд, хөрөнгө оруулалтын болон арилжааны банкууд гэх мэт томоохон хөрөнгө оруулалтын байгууллагуудад хуримтлагдсан чөлөөт эх үүсвэрийг зах зээлд дахин хуваарилах үйл ажиллагааг дэмждэг. Тиймээс Засгийн газрын бонд гаргах, арилжаалах журмыг баталснаар сангийн болон мөнгөний бодлогын уялдааг хангахад чухал алхам боллоо гэж үзэх учиртай.

Хамгийн гол нь Засгийн газар Монголбанк яагаад энэ цаг үед, ямар зорилгоор таван тэрбум төгрөгийн бонд гаргахаар болов гэдэгт гол учир байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дээр энэхүү бондын ач холбогдлыг тайлбарлахдаа “Засгийн газрын баталгаатай таван тэрбум төгрөгийн бонд нь дэлхийн эдийн засгийн хямрал болон улс орны ирээдүйд төлөвлөгдөж буй хөгжлийн гарцын тэнцвэрийг зөв хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн мэдэгдсэн. Мөн уг хуралдаанаар дунд хугацааны таван тэрбум төгрөгийн бондын эхний үе шат буюу 1.5 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас гаргаж их бүтээн байгуулалтын ажилд зориулахаар шийдвэрлэсэн билээ. Сангийн яам, Монголбанкныхан энэхүү шийдвэрийнхээ талаар “Өмнө нь гаргаж байсан Засгийн газрын баталгаатай бондуудыг халамж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулж байсан бол энэ удаад хувийн хэвшлийн секторт байгаа бэлэн төслүүдийг дэмжих, экспортыг дэмжих, арилжааны банкны зээлийн хүүг бууруулахад чиглэж байгаагаараа илүү алсын хараатай том зорилго дэвшүүлжээ. Мөн бондын зарцуулалтад хяналт тавих, хариуцлага тооцох механизмын хувьд ч томоохон ахиц дэвшил гаргана”  хэмээн амлаж байгаа.

Монголбанк одоогоор нийт 163 тэрбум төгрөгтэй тэнцэх Засгийн газрын бондыг эзэмшиж буй. Энэ нь нийт банкны систем дэх Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны 30,2 хувьтай тэнцэх юм. Түүнчлэн арилжааны банкуудын Засгийн газраас авах нийт авлагын 61,1 хувийг богино хугацаатай ЗГҮЦ, 37,1  хувийг дунд хугацаатай ЗГҮЦ эзэлж байгаа гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ удаагийн таван тэрбумын бондын тухайд инфляцийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг тодорхой саад бэрхшээлүүдийг онилж түүнийг арилгах тооцоо төлөвлөгөө нь тун тодорхой байгаа учраас зарцуулалт оновчтой үр дүнтэй байна гэдэгт итгэж болохоор байгаа юм. Тухайлбал өнгөрсөн даваа гарагт Засгийн газрыг төлөөлөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкийг төлөөлж тус банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Энэхүү санамж бичгээр дунд хугацаанд инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах үндсэн зорилтыг хангах зорилгоор гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт санхүүжилттэй тэнцэх дунд хугацааны үнэт цаасыг Засгийн газар ирэх оны эхний улиралд багтаан гаргахаар болжээ. Харин Монголбанк Засгийн газрын үнэт цаас гаргах хүртэлх хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх бөгөөд тухайн үнэт цаасны хүүгийн зардал бага байлгах нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн.

Өөрөөр хэлбэл дээрх санамж бичгийн хүрээнд Засгийн газар үүргээ хүлээж бондын баталгаа гаргах, Монголбанк санхүүжилтийг нь шийдэж буй эхний алхам нь Н.Золжаргал, Ч.Улаан нарын өчигдөр баталсан журам болж байгаа юм.  Энэ удаагийн таван тэрбум төгрөгийн бонд нь инфляцийг зөвхөн мөнгөний бодлогоо чангатгах аргаар л барьж болно гэх хуучинсаг арга барилыг халж хэвийн хэвшлийнхнээ дэмжиж маш нарийн тооцоо судалгаатайгаар зардлаа тэлэхээс айхгүй байж ашиг орлого олж болдгийг нотлон харуулна гэдэгт олон хүн итгэж байгаа.

Дэлхий нийтийн чиг хандлагаас харахад ч инфляциас айж эдийн засгийн өсөлтөө сааруулахын оронд тогтвортой өсөлтийг ашиглан хөгжих боломжтой, үүний тулд өөрийн орны онцлогт тохирсон загварыг сонгох нь чухал гэдгийг нэгэнт тунхаглаад байна. Тиймээс ч шинэчлэлийн Засгийн газар “Эдийн засгийн хувьсгал”-аа уриа бус бодит ажил хэрэг болгохын тулд “Зоригтой, зорилготой бодлогоор эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг онилох” гарцаа нэгэнт тодорхойлчихлоо. Мөн улс төрийн эр зоригоо нарийвчилсан судалгаатай хослуулан бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, эцэст нь хариуцлага хүлээх чадвартай, ажил хэрэгч, мэдлэг боловсролтой, туршлагатай кандидатуудаа зөв цэгт нь байршуулсан нь харагдаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал боломжийн, санхүүжилтийн эх үүсвэр нь цэвэр, зөв тооцоололтой байгаа болохоор Монгол Улсын ирээдүйн төлөө таван тэрбум төгрөгийн бонд гаргах энэ арга замыг сайшаах бүрэн үндэслэлтэй. Гагцхүү үүнийг улстөржүүлж, буруу сурталчлах нь улс орны нийтлэг эрх ашиг харшлахуйц сөрөг үр дагавартай гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.

Макро эдийн засаг гэхээр л мах, гурил, бензин шатахуун ярихаас татгалзаж арай том зургаар улс орны эдийн засгийг тольдон харах цаг нэгэнт болжээ. Үүнийг л Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Ган-Очир “Монгол Улсын эмзэг байдлын үнэлгээ” гэж хэлээд байгаа юм шүү дээ. Хамгийн зөөлнөөр хэлсэн нь тэр. Эмзэг эдийн засгийн эмгэгийг арилгахад улс төрийн зориг хэрэгтэй. Дээрх нь инфляцитай тэмцэх шинэ загвар, түүнийг хэрэгжүүлэх “шинэлэг тархи” л эдийн засгийг аврах болоод байна.

Тэгэхээр эмзэг бус эзэрхэг эдийн засгийн талаар юу хийхээ зөв тодорхойлцгооё. Гол нэрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтийн шалтгааныг зөв тодорхойлж, бүрмөсөн арилгах,  “Роснефть”-ийн дарамтаас түргэн ангижирах, Хятадаас импортлогчдыг бус дотоодын экспортлогчдоо дэмжих, Замын-Үүдийн төмөр замыг саадгүй болгохын тулд эн тэргүүнд юу хийх ёстой вэ. Энэ бүхнээс мөнгөө бүү харамла, өрөөс ч бүү ай. Дээрх бэрхшээлүүдийг үүрд мартъя гэвэл Засгийн газрын баталгаатай таван тэрбумын бондыг бүү улстөржүүл. Ийм л аргаар бид инфляцийн хувь онилоод суух бус түүнд хориг арга хэмжээ тавиад эдийн засгийн тогтвортой өсөлтийг онилж үсрэнгүй хөгжиж чадна. Хэрэв үүнийг хийж чадахгүй бол Засгийн газар, Монголбанк хэн нэгэн рүү буруугаа чихэхгүйгээр хариуцлагаа хүлээх ёстой.

У.Оргилмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих