Н.Алтанхуягийн алдартай утсан хүүхэлдэйнүүд
Ардчиллаар бамбай хийж, ард түмний “тархийг угааж” ирсэн Ерөнхийлөгч их замын эхэнд ганцаардаж эхлэв бололтой.
Ганцаардаагүй гэж тэр өөрөө бодож байж болох ч командад нь яваа Н.Алтанхуяг, З.Энхболд нар яах аргагүй түүний имиж рүү шавар шавхай цацах боллоо. Ардчилал гэх үгээр өөрийнхөө пиарыг хийсэн Д.Элбэгдорж ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшинэ.
Гэтэл түүний өмнөө барьдаг “ардчиллыг” намынхан нь уландаа гишгэж, дарангуйлал, хүч түрэмгийлэл болгож харагдуулаад байгаа. Энэ үйл ажиллагааг шинэ Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг гардаж өөрийн гар хөл бологсдоороо дамжуулан гүйцэлдүүлж байна. Өвөрхангайн тойргийн маргаантай холбоотой асуудлаар МАН томоохон жагсаал цуглаан зохион байгуулж, олонхийг сандаргасан. Харин энэ үеэр юу хийхээ мэдэхгүй Н.Алтанхуяг төдий л далайцтай арга хэмжээ авч чадаагүй ч чуулганы их танхимыг таглан суусан МАН-ынхан руу хэд хэдэн хүнийг бодлогоор илгээв. Ингэхдээ тодорхой үүрэг даалгавар өгч байжээ. Тухайлбал, тэрбээр эхлээд тэртээх он жилүүдэд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийн тулд чуулганы танхимд эсэргүүцлээ их л өвөрмөцөөр илэрхийлж явсан Л.Гүндалайг сонгожээ.
Хэрэндээ л хошин шогийн үзэгдэл болгох гэж хичээсэн нь тэр. Харин үүний дараа жагсаалын талаар багагүй туршлага хуримтлуулсан Г.Уянгаар цөөнгүй үг хэлүүлсэн. Тэр ч яахав хэзээнээсээ наймаачин хүн учраас хөөрхөн тохироо хийсний дүнд Н.Алтанхуяг ахынхаа загвараар АН-ыг өмөөрч, МАН-ыг буруутгаж, жагссан хүмүүсийг хууль сахь хэмээн загнаж байна. Зэрэгцээд Ж.Батзандан ч дуугүй байсангүй. Ийнхүү жагсаж, эсэргүүцэлд нэгдэж явсан туршлагатай хүмүүсээр хэд гурван үг дайсныхаа дараа хөгшдөөр хөл хийн шоудсаныхаа үр дүнд дулаан орон сууцанд тухалж аваад сураг алдарсан Г.Баасан хатагтайг яриулж эхлэв. Хурган дээлтэй цагдаа руу дайрсан зургаараа од болсон Г.Баасан ор сураггүй алга болоод одоо гэнэт “МАН-ынхныг яагаад барьж хорихгүй байгаа юм бэ” хэмээн барьцаж гарч ирсэн нь санаандгүй явдал огтоос биш. МАН-ынхныг барьж хорих санаархлынхаа хөрс суурийг бэлтгэж шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн ийм л холион бантан хийж яваа нь хэнд ч уншигдахаар байна. Улс төрөөс хөндийрч, ач гучаа тойруулан амар тайван суухаа илэрхийлээд байсан Г.Баасан эмээ яагаад, юуны тул ийнхүү АН-д үйлчлэн дуугарах болов гэж гайхаж байтал улс төрийн хүрээнд З.Энхболд, Н.Алтанхуяг нарын захиалга гэцгээж байна.
Ингэхээр өнгөрсөн хэд хоногт Н.Алтанхуягийн захиасаар Ж.Батзандан, Г.Уянга, Л.Гүндалай, Г.Баасан нар тайзан дээр гарсан байх нь. Гэхдээ утсан хүүхэлдэйнүүдээ нэгэн цагт өөрсдийнх нь толгойг ч тасдах ухааны юм ярин шоудаж явсныг Н.Алтанхуяг, З.Энхболд нар мартаагүй байгаа. Харин яг энэ цаг мөчид тэдэнд эдгээр утсан хүүхэлдэйнүүд намынх нь нэр хүнд, чиг хандлагаас илүү үнэтэй байлаа. Мөн энэ байдал даамжирвал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдоржийн ч нэр хүндийг шороонд хутгаж мэдэх аюултайг тэд тооцож л суугаа.
ЕРӨНХИЙЛӨГЧ УЛС ТӨРИЙГ ГАЦААНААС ГАРГАНА
Ийнхүү төрийн үйл хэргийг хоёр үзүүр, хэд хэдэн сумтай Н.Алтанхуяг хэрхэн үргэлжлүүлж байгааг Ерөнхийлөгч харсаар байгаад бантан болгож тэвчсэнгүй бололтой. УИХ-ын даргаа сонгох анхдугаар чуулганаас эхлээд л олон асуудал шийдлээ олохгүй гацаанд орж, улмаар улс төрийн үйл явц хурцдаж эхэлснийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт Сүхбаатарын талбайд болсон эсэргүүцлийн цуглаан харуулсан. Хуулиа мөрдөхийг шаардсан нэг намын шаардлагад нөгөөх нь гэдийсэн улс төрийн амаргүй нөхцөл байдлыг зохицуулахад Ерөнхийлөгчийн зангараг хэрэгтэй байгааг олж харсан Ц.Элбэгдорж сөрөг хүчинд үүдээ нээв. Тэрбээр, маргаантай тойргийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдтэл оролдохгүй байх, ирэх оныхоо төсвийг хугацаанд нь багтааж батлах, УИХ-д сонгогдсон улс төрийн намын төлөөлөл бүрэн эрхээ эдэлдэг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гар бие оролцохоо мэдэгдсэн нь ёстой л мэргэн буудагч байгаа онох мэт олны чихэнд онцгой туссан. Ерөнхийлөгч “Нээлттэй сонсголын тухай” хуулийн төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Энэ хуулийн төсөл нь парламент цөөнхөө сонсдог зарчмыг хуульчлахад чиглэж хойшид төрийг өмчлөн түгжих ажиллагааг зогсоох зорилготой ажээ.
М.Лосол
URL: