ХУНТАЙЖ ЧАРЛЬЗ ЖЕЙМС БОНДТОЙ ДАХИН “УУЛЗАВ”

Жеймс Бондын тухай “007: Скайфолл- солбицол” гэдэг нэртэй шинэ киноны нээлт Лондон хотын Альберт-Холл дахь Эзэн хааны урлагийн танхимд өчигдөр болж, түүнд Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Чарльз оролцлоо.
Найруулагч Сэм Мендесийн бүтээсэн энэхүү киноны гол дүрийг өмнөх хоёр кинонд /”Рояль казино”, “Энэрэнгүй сэтгэлийн квант”/ тоглосон Дэниэл Крейг бүтээсэн бол Бондын босс болох М-ийн дүрд Жуди Денч, Муу санаатанд Хавьер Бардем, Бондын охидод Беренис Марло, Наоми Харрис нар тоглосон байна. Киноны дууг дуучин Адель дуулжээ.
“007: Скайфолл- солбицол” кино нь домогт тагнуулчийн талаар өгүүлсэн албан ёсны 23 дахь кино бөгөөд Оросын кинотеатруудын дэлгэцнээ энэ сарын 26-наас гарч эхлэх гэнэ. Сэм Мендесийн энэхүү кино нь Бондын тухай цуврал кинонуудын анхных болох “Доктор Ноу” кино 1962 оны 10 дугаар сард гарч эхэлснээс хойш 50 жилийн дараа үзэгчдийн хүртээл болж байна.
Жеймс Бондын бүх дэлхийн өдрийг энэ сарын 5-нд тэмдэглэсэн билээ. Энэ өдөр алдарт Christie’s дуудлага худалдааны газарт Бондод зориулсан дуудлага худалдаа болж, Нью-Йорк хот дахь Орчин үеийн урлагийн музейд 007 тагнуулчийн тухай үзэсгэлэн нээгдэж, Бондын тухай бүх киногоор хийсэн цуглуулгыг үзүүлжээ.
С.Амар

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих