ЯПОНЫ ХУУЛЬЗҮЙН САЙД ОГЦОРЛОО
Японы Хуульзүйн сайд Кэйшю Танака албан тушаалаасаа огцорлоо. Түүний огцрох болсон шалтгаан нь зохион байгуулалтай гэмт хэргийн якуза бүлэглэлийнхтэй холбоотой байсан явдал юм. Тэрбээр мөн гадаадынхны мэдэлд байдаг компаниудаас хууль бусаар улс төрийн хандив авч байсан нь илэрчээ.
Японы сайд нарын танхимын хамгийн өндөр настай гишүүн болох өдгөө 74 настай Танака 30 жилийн өмнө якуза нартай холбоотой байснаа хүлээсэн тухай өнгөрсөн сард мэдээлж байсан юм. Тухайн үед тэрбээр мафийн гишүүдийн нэгнийх нь хуримд зуучаар оролцож байсан тухайгаа ярьжээ.
Гэхдээ урьсан хүмүүс нь якуза бүлгийн гишүүд байсныг тухайн үед мэдээгүй байсан бөгөөд түүнээс хойш дахин тэдэнтэй холбогдоогүй байна.
Мафийнхантай холбоо сүлбээтэй байсан гэх дуулиан дэгдсэний дараа сайдын нэр хүнд асар ихээр унажээ. Тэрбээр цаг хугацаа хожихын тулд хэсэг хугацаанд эмнэлэгт хэвсэн боловч энэ нь түүнийг аварсангүй. Сөрөг хүчнийхэн Танакатай холбоотой дуулианыг Засгийн газарт “халдах зэвсэг болгон ашиглажээ”. Өмнө нь тус улсын сайд нарын танхимын гишүүдтэй холбоотой иймэрхүү дуулиан нэг бус удаа гарч байсан юм. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд нь цэргийн нэр томьёо мэддэггүйгээсээ болж огцорсон ажээ.
“Асахи” сониноос олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Ёшихико Нода тэргүүтэй Японы сайд нарын танхимыг одоогийн байдлаар санал асуулгад оролцогчдын 18 хувь нь дэмжсэн байна. Үүнээс харахад ойрын саруудад болж магадгүй байгаа хугацаанаас өмнөх парламентын сонгуульд эрх баригч Ардчилсан нам ялагдаж магадгүй юм.
Д.Жаргал
URL: