Сэтгүүл зүй бол мөнгө олох хэрэгсэл биш
Mиний бие сэтгүүл зүйн салбарт бараг долоон жил ажиллаж байна. Энэ хугацаанд олон ч ажил сольжээ. Аль ч салбарт ажил олон солих нь таатай биш. Гэвч сэтгүүлчид нүүсээр л байна. Шалтгаан нь тун энгийн. Цалин бага. Хэн ч ажил хийснийхээ төлөө цалин авч, амьдралаа залгуулах ёстой.
Гэхдээ сэтгүүлчийн ажил бол арай өөр гэдгийг одооноос л ойлгож, аль нэг редакцид цалин харж ажиллахаас залхаж байна. Чухамдаа сэтгүүл зүй бол мөнгө олох хэрэгсэл биш ажээ. Сэтгүүл зүй хийгээд нийгмийн бусад салбар өндөр хөгжсөн оронд бол сэтгүүлчид нь баян байдаг. Учир нь мэргэжлийн ажлаа сайн хийсийх нь төлөө тэдэнд хангалттай цалин өгдөг гэсэн үг. Харин Монголд мэргэжлийн байх тусам цалин бага, ад үзэгдсэн нэгэн болж хувирдаг. Нэр хүндтэй томоохон сониноос аваад сураггүй жижигхэн сайтад ч адилхан. Мэргэжлийн бус аргаар явж байгаа нь, эзнийхээ төлөө, редакцийнхаа бизнесийн эрх ашгийн төлөө юу ч хамаагүй сараачсан нь илүү цалин авч, илүү мөнгө олж, харин олон нийтийн өмнөөс дуугарсан нь, мэргэжлийн сэтгүүл зүйг өмөөрсөн нь хэн ч биш болдог. Тийм учраас эрх ашгийн зөрчилтэй ХМХ-д ажиллаад сайн сэтгүүлч болно гэж байхгүй. Өдгөө бидний уншдаг сэтгүүлчид дунд ч сайн сэтгүүлч гэж байхгүй. Сайн гэдэгт би мэргэжлийн чадварыг хамруулж байна. Ясны авьяас чадалтай нь жаахан алдартай болонгуутаа янхан болчихож байна шүү дээ.
Заавал нэр цохолтгүй заваарсан юмнуудыг бүгд л мэдэж байгаа. Бүх редакци өнгөн дээрээ “Олон нийтийн төлөө…” гэсэн лоозон барьдаг ч нидэр дээрээ шал худлаа. Басхүү сайн сэтгүүлчдэд өндөр цалин амлаж, ажилд авдаг ч амьдрал дээр бүгд зальхай, заваан зан гаргадаг. Хууль дүрмийг үл тоодог.
Гэрээгээ зөрчдөг. Тийм ч учраас сэтгүүлчид тогтвортой ажиллах боломжгүй болж, нүүдлийн шувууны амьдралаар амьдарч байгаа юм. Мөн мэргэжилдээ үнэнч байх тухай ойлголт нь хүссэн хүсээгүй алга болж, бусдыг муулах, харлуулах, эсвэл магтаж, долдойлох гэх мэт бохир аргаар мөнгө олох зам руу орж байгаа нь үнэн. Иймийн тул миний бие өнөөдрөөс эхлээд аль нэг редакцид сэтгүүлч гэсэн сайхан нэрээ бузарлан яг л “хөлсний алуурчин” шиг ажиллахаас татгалзаж байна. Яагаад гэвэл би мэргэжилдээ хайртай. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/ нэг агуулгаараа мөнгө олох хэрэгсэл мөн боловч сэтгүүл зүйг мөнгө олох хэрэгсэл болгохыг би хэзээ ч тэвчихгүй. Товчхондоо, Монголын ХМХ-үүд мэдээллийн алба, реклам сурталчилгааны албаны ажлаа хольж хутгаж, жонхууруулсан учраас сэтгүүл зүй хэмээх сайхан зүйл ингэж бузартсан юм. Угаасаа өнөөдөр Монголд сэтгүүлчид цалингаараа амьдрах ямар ч боломж алга. Ийм байхад ингэж үнэт зүйлээ арилжин, бусад шиг салбаганаж гүйгээд яах вэ? Бичих зүйлээ блогтоо бичээд, өөр ажил хийе. Ямар сэтгүүлчээс өөр ажил хийж чадахгүйн зовлон байх биш.
Сэтгүүл зүйг булшлах ажилд хүсээгүй хэрнээ оролцоод байна гэдэг чинь гутамшиг шүү дээ. Чадал хүрвэл зөвхөн мэргэжлийн сэтгүүл зүй хийдэг ХМХ бий болгоно гэж боддог. Гэвч чөмөг хүрэхгүй л байна. Хүмүүс “Хөрөнгө оруулагч олооч” гэж зөвлөдөг. Тэрэн шиг амархан юм байхгүй л дээ. Гэхдээ тэгэхийн тулд ингэж өвчөгнөх ямар хэрэг байна аа. Мэргэжлийн сэтгүүл зүйд уншигч, үзэгч, захиалагчаас өөр хөрөнгө оруулагч байх ёсгүй. Яг тийм ХМХ-тэй болохын тулд би өөр бизнес хийх болно. Хэний ч гар харахгүй, хэнд ч худалдагдахгүй, ажилчдаа цалинжуулах чадалтай болоод сэтгүүл зүйдээ эргэн ирнэ. Сэтгүүл зүйд өөрийн мөрөө цоо шинээр гаргана. Энэ салбарт бага ч гэсэн мэргэжлийн үнэр оруулна. Би чадна…
Ч.Дашдэлэг
URL: