Хүнийрхүү сэтгэлээр Дорнодын талыг “тамлах” “Петрочайна”-гийн хоёр нүүр
..Хятадын Хөлөнбуйр аймгийн хөгжил, Монголын Дорнод аймгийн хөгжил, дэвшлээс эрс ялгаатай байдаг юм билээ. Уг нь энэ хоёр аймагт явагдаж байгаа газрын тос олборлох үйл явц хөлдсөн нуурын мөсийг хоёр талаас нь цоолж, ус хутган авч байгаатай л адил.
Харамсалтай нь, Хөлөнбуйр аймагт хөгжил, бүтээн байгуулалт ид өрнөж байхад Дорнод аймаг ямар байгаа билээ. Нийслэлтэйгээ холбосон авто зам ч үгүй. Тэр дундаа өнөөх газрын тосны эх булаг дээр орших Матад сумын хөгжил даанч яав даа гэмээр түвшинд байгаа…
Дорнод аймаг бол Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн сав газартай биологийн тогтоцын хувьд газрын тосны нэг бассейн оршдог. Хоёр улсын хилээр зааглагдсан ч хөрсөн доогуур газрын тосны сувгаар холбогддог гэсэн үг. Иймээс Хөлөнбуйрын талаас гарч байгаа тос, Дорнодын талаас гарч байгаа тостой чанар, найрлагын хувьд яг адилхан байдаг аж. Гарц, нөөц болон газрын тос олборлож эхэлсэн цаг хугацааны мөн л хол зөрүүгүй гэсэн.
Гэхдээ Хятадын Хөлөнбуйр аймгийн хөгжил, Монголын Дорнод аймгийн хөгжил, дэвшлээс эрс ялгаатай байдаг юм билээ. Уг нь энэ хоёр аймагт явагдаж байгаа газрын тос олборлох үйл явц хөлдсөн нуурын мөсийг хоёр талаас нь цоолж, ус хутган авч байгаатай л адил.
Харамсалтай нь, Хөлөнбуйр аймагт хөгжил, бүтээн байгуулалт ид өрнөж байхад Дорнод аймаг ямар байгаа билээ. Нийслэлтэйгээ холбосон авто зам ч үгүй. Тэр дундаа өнөөх газрын тосны эх булаг дээр орших Матад сумын хөгжил даанч яав даа гэмээр түвшинд байгаа.
Хөлөнбуйр аймгийн нутаг дахь газрын тосны төв цэг нь Хайлар, Дачин хотууд. Манайхаар бол Хайлар нь аймгийн төв буюу Чойбалсан хот, Дачин нь Матад сум гэсэн үг л дээ. Тэгэхээр Дорнод аймгийн Хөлөнбуйр аймагтай, Матад сумыг, Дачинтай харьцуулаад үзье. Хоёулаа захын аймаг, газрын тос олборлодог цэг нь хил залгаа захын сумд.
Хоёулаа улс орныхоо газрын тосны нөөцийн сангийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Биологийн зүй тогтол, газар зүйн бүтцийн хувьд ч ижил. Хөлөнбуйрт ургадаг ургамал, чулуу, тэнд урсдаг ус Дорнод аймагт бий. Ерөөсөө л нэг том тал газрыг хоёр хуваагаад хилээр зааглачихсан хэрэг.
Гэсэн ч орон нутгийн хөгжил, газрын хэвлийн баялаг ашиглалт, иргэдийнх нь аж амьдрал, амьжиргаа тэнгэр, газар шиг ялгаатай юм билээ. Мэдээж Монгол Улсын хөгжлийг БНХАУ-тай, Улаанбаатарын хөгжлийг Бээжинтэй харьцуулах нь утгагүй. Харин газрын тос ид ундарч, байгалийн баялгаараа эн тэнцүүхэн хоёр аймгийг харьцуулахад буруудах зүйлгүй.
Хойд эцгийн хүүхэд шиг хаягдмал Дорнод
Саяхныг хүртэл Хөлөнбуйр аймаг үндсэндээ орхигдсон зах хязгаар бүс нутаг байж. БНХАУ-ын Засгийн газар Өвөрмонголын өөртөө засах орны энэ бүс нутгийг алдчихгүй гэж л хяналтдаа байлгаж байснаас хөгжил, дэвшилд нь анхаарч, гоц гойд хөрөнгө оруулалт хийдэггүй байсан гэх. Үндэсний цөөнх оршин суудаг гэдэг утгаараа ч тэр үү, ямар ч байсан Хятадын төр, засгийн улс орноо гэсэн бодлогоос хол хөндий байжээ.
Азаар энэ бүс нутаг нефтийн асар баялаг нөөцтэй байв. Нефтийн хэрэгцээ ямар чухал, түүнээс хэрхэн ашиг олж болдгийг хятадууд мэддэг болохоор Хөлөнбуйрын Хайлар, Дачин хотууд засаг, төрийнхөө анхаарлыг өөрийн эрхгүй татжээ.
Хайлар, Дачин хотууд анхандаа хаягдсан аймгийн мартагдсан бүс нутаг болох Матад сум шиг л байж. Харин өнөөдөр Дачин хот газрын тосны олборлолтын 20 мянган цооногтой. Эндээс жилд 40 сая тонн түүхий тос олборлож, улсынхаа нефтийн хэрэгцээний нэлээд их хувийг хангаж байна. Энд их нефть олборлох тусам ашиг нь орон нутагт нь үлдэж байдаг.
Харин аймгийн төв нь буюу Хайлар хотын газрын тосны нөөц Дачингаас сүүлд нээгдсэн ч өдгөө олборлолтын дөрвөн талбайд 100 гаруй цооногтой. Эдгээрээс өдөрт 65 тонн, жилд 23 мянган тонн түүхий тос олборлодог гэсэн. Хамгийн гол нь, Хайлар хотдоо газрын тос боловсруулах үйлдвэртэй юм билээ. Энэ бол сум, орон нутгийн хөгжил дэвшлийг бодолцсон засаг төрийнх нь бодлого.
Хайлар хотод олборлолт бага учраас Дачинд газрын тос боловсруулах үйлдвэр барьж болох л байсан. Гэвч хятадууд нарийн арга ухаан гаргаж, үйлдвэрээ аймгийн төвд нь барьчихаж.
Үйлдвэрээ дагаад орон нутгийн төсөвт суух хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, иргэд нь ажлын байртай болж, амьдрал ахуй нь дээшилжээ. Иймээс ч өнөөдөр Хайлар, Дачин хотуудын хөгжил эн тэнцүүхэн цэцэглэж, аль нь сум, аль нь аймаг гэж ялгагдахааргүй болчихсон. Манайхаар бол аймаг, сумын зэрэглэлтэй энэ хотууд газрын тос, байгалийн баялгийнхаа ид шидээр хөгжиж, Улаанбаатар хот шиг түм түжигнэж, бум бужигнасан газар болжээ.
Гэтэл Матад сум газрын тосны арвин баялаг нөөцтэй нь тогтоогдож, анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааснаас хойш 20 жил өнгөрсөн ч бахь байдгаараа л байна. Саяхнаас газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах үйл ажиллагаа бага зэрэг идэвхжсэн. Гэхдээ Матад суманд биш л дээ.
Өнгөрсөн жил гадаадын 14 компани манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах саналаа ирүүлснээс Дорнод, Дорноговь, Дархан-Уул гэсэн гурван аймагт боловсруулах үйлдвэрийн шав тавих тухай яриа гарсан. Эхний ээлжинд Дорноговь, Дархан-Уул аймгуудад үйлдвэрийн шан тавьж байгаа сураг дуулдсан боловч энэ нь УИХ-ын сонгуулийн шоу байсан уу, бодит ажил байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй.
Харин Дорнод аймагт үйлдвэрийн шан тавих асуудал сураг ч алга. Мэдээж “Петрочайна дачин Тамсаг” ХХК Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын эсрэг л байна. Монголд, тэр тусмаа Дорнод аймгийн хаа нэгтээ газрын тосны үйлдвэр барьчихвал өдөр шөнөгүй Бичигтийн боомтоор урсгаж, зөөж байдаг өнөөх түүхий тосны хэмжээ багасч таарна.
Магадгүй манайхан үйлдвэртэй болчихлоо гээд түүхий тос экспортлохыг хориглочих ч юм бил үү, хэн мэдлээ. Гэтэл цаана нь Тамсагийн ордоос зөөж бараагүй 100 сая тонн нефтийн нөөц үлдчих гээд байдаг. Энэ бүхнийг бодохоор “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагууд, цаашлаад Хятадын газрын тосны үндэсний корпорацийн дарга нарынх нь дотор муухай оргиж байгаа биз.
Хамгийн гол нь, “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийнхан Дорнод аймагт, Матад сумынханд хойд эцэг шиг аашилсаар өдий хүрлээ. Хятадын үндэсний хэмжээний энэ компани Дорнод, Хөлөнбуйрын нутагтаа адилхан л газрын тос олборлодог. Гэтэл Хөлөнбуйрт хийсэн шигээ жинтэй хөрөнгө оруулалтыг Дорнод аймагт хийгээгүй л байна.
Хайлар, Дачин хотууд байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэж байхад Дорнод аймаг, Матад сум байгаль экологиороо хохирч, ус тос холилдож намаг шиг болсон хэдэн цооногийн суурь, хүнд даацын ачааны машинд талхлуулсан тал нутагтайгаа л үлдэж байна. “Петрочайна дачин Тамсаг” ХХК-иас Матад сумын иргэдэд гээд зориулаад бариад өгчихсөн ганц цэцэрлэг ч алга л байна шүү дээ. Арга ч үгүй биз. Хятадууд л болсон хойно хүний нутаг хэмээн тохуурхаж, сэтгэл нь дутдаг байлгүй.
Манайхан “Петрочайна”-гийнхаа тайланг сонсохын тулд Хятадад очдог
Хятадын төрийн мэдлийн компани болоод ч тэр үү “Петрочайна дачин Тамсаг” ХХК Монголд дэндүү дээрэлхүү ханддаг. Ямар ч том сайд, дарга нар Дорнод аймагт ажиллахдаа заавал “Петрочайна дачин Тамсаг” ХХК руу очно. Сүр дуулиан болгож, маяакаа дуугарган очдог ч юу ч шийдэж чадалгүй, кемп дотор нь бүлтийтэл тэнэж байгаад л эргээд давхилдана.
Ингэж явах замдаа Матад суманд саатна гэж үгүй. Уг нь “Петрочайна дачин Тамсаг” ХХК руу очихын тулд заавал Матад сумын төвөөр дайрч гардаг юм билээ. Улсынхаа зүүн аймагт ажиллаж яваа дарга нар маань Матад суманд хөл тавилгүй Хятадын эзэмшил болчихсон Тамсагийн орд руу яарахын учир юу вэ.
Бас нэгэн сонирхолтой, цочмоор мэдээлэл бий. Монгол талын газрын тос, эрдэс баялгийн чиглэлийн дарга нар “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн Хятад дахь төв оффист нь очиж, тайлангаа тавьж, компанийн мэдээллийг сонсдог гээд бод л доо. Энэ үнэн шүү. Арай л манай Засгийн газрын нэр бүхий сайд нар компанийн удирдлагуудтай уулзахын тулд өөрсдөө Хятадын төв оффис дээр нь очсон гээгүй байгаа даа.
Лав л энэ компани Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн захирлууд Улаанбаатар хотод ирж, үе үеийн салбарын сайдад тайлангаа танилцууллаа гэдэг мэдээлэл дуулдаагүй. Тэгэхээр манай сайдууд компанийн дарга нартай уулзах гэж Хятадыг зорьдог гэх мэдээлэл үнэний ортой байж болох юм. Харин газрын дарга, энэ салбарыг хариуцсан мэргэжилтнүүд Хятадад очиж, компанийн дарга нарт загнуулдаг гэдэг бол бодитой мэдээлэл шүү.
Монголчууд Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гадаадын компанийн захирлуудад ингэж дарамтлуулж, загнуулж байж тайланг нь сонсдог гэхээр ямар л олигтой юм болоо аж.
Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй байх. Хятад том гүрэн учраас захын сумд нь ч гэсэн түүнийгээ дагаад хөгжилгүй яадаг юм гэх бодолтой хүн байх вий. Тэгвэл том гүрэн байлаа гээд бүх нутаг нь өндөр хөгжилтэй болчихоогүй. Шинжаан Уйгар, Төвдийг хар л даа. Энэ бүс нутгийн хувьд яг л Хөлөнбуйр шиг алслагдсан зах, хязгаар газар.
Гэхдээ энд ашигт малтмалын нөөц, байгалийн баялаг хомс учраас Хөлөнбуйр аймаг шиг хөгжиж чадаагүй. Тиймээс Шинжаан, Уйгарууд Хөлөнбуйр аймагт ирж ажиллаж, амьдарч байна. Манай хөдөөнийхөн хот руугаа “нүүдэг” шиг тэд ч гэсэн төв суурин газраа бараадаж байгаа нь энэ.
Ямартай ч олон улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын төрийн мэдлийн газрын тосны корпорацийн Дорнодын тал нутагт хүнийрхүү сэтгэлээр хандаж байгаа энэ үйл явц өнөө цагт ичгэвтэр явдал. “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн хүнийрхүү сэтгэлээр хандаж буй энэ үйлдэл үндэсний корпорацийн олон улс дахь нэр хүндэд маш том сэв суулгачихаад байна.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: