НЛувсанжав, Г.Батхүү, Д.Зоригт нараас болж огцорчээ

Ингэж дүгнэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй байх. Учир нь АН анхнаасаа Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-д хүчээр татаж тангаргийг нь өргүүлэхээр зэхэж байж Харин энэхүү шаардлагыг СЕХ-ны дарга асан Н.Лувсанжав хүлээж аваагүй хэрэг. Тиймээс Н.Лувсанжавыг жийж, АН-ын “Алтангадас” фракцын гишүүн, хуучин соцдек Ч.Содномцэрэнг энэ гайхалтай газрын дарга болгож, хүслээ биелүүлсэн гэж хардах үндэс байна.

 

Яагаад гэвэл одооноос нэг сарын өмнө Г.Батхүү итгэлтэй нь аргагүй “Би УИХ-д сууна. Үүнийхээ хажуугаар бизнесээ ч хийнэ” гэж нэгэн эх сурвалжид ярьжээ. Хачирхалтай байна уу. Г.Батхүү өмнө нь УИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн ч тойрогт гарсан маргаанаа нийслэлийн Хан-Уул дүургийн шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг.

 

Үүнийг Хан-Уул дүүргийн шүүх Г.Батхүүгийн талд шийдвэрлэсэн ч хариуцагч тал болох С.Чинзориг, Н.Төмөрхүү нар эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдаад байсан юм. Нийслэлийн шүүх тус маргааныг хэлэлцээд, маргааныг Хан-Уул дүүргийн шүүх биш Өвөрхангай аймгийн сум дундын шүүх шалган тогтоох ёстой гэж шийдвэрлэсний дагуу Өвөрхангай аймгийн шүүхээс эцсийн шийдвэр гаргаад байгаа юм.

 

Түүнчлэн Өвөрхангай аймгийн сум дундын шүүх МАН-аас УИХ-д нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт сонгуулийн сурталчилгааны үеэр насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон гэнэ.
Ингээд СЕХ-ноос УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас өрсөлдсөн МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хураан авч, оронд нь АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тоодож, тангараг өргүүлэхээр болоод байгаа билээ. Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-д суух болсон түүх бол энэ.

 
Дээрх урт гэгчийн түүхээс харахад анхнаасаа л зохион байгуулалттай хийсэн тоглоом болох нь илт харагдаж байгаа биз. Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөх эрх С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт бий. Гэтэл үүнийг үл харгалзан Ч.Содномцэрэн СЕХ- ны дарга болоод найм дахь хоног дээрээ Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлэхээр болсон нь улс оронд эмх замбараагүй, хөл толгой нь мэдэгдэхгүй асуудлыг үүсгэж орхилоо.

 

Ч.Содномцэрэнг бөөрөнхий бөгөөд хэн нэгэн том албан тушаалтны харцаар хөдөлдөг аймхай гэмээр хүн хэмээн улстөрчид ярьдаг юм билээ. Н.Лувсанжав нь ч мөн ялгаагүй. Гэхдээ яалт ч үгүй МАН-ын хүн учраас АН-ынхны өгсөн тулгалт шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй хэрэг. Тэрбээр “СЕХ-ны даргын ажил дэндүү хүнд. Хөнгөхөн ажил өгөөч” гэсэн өргөдөл бичсэн юм.

 

СЕХ-ны дарга Н.Лувсанжавыг огцруулж, Ч.Содномцэрэнг томилох Төрийн’” байгуулалтын байнгын хорооны хурал дээр Н.Лувсанжав нь ирээгүй. Гэтэл Ч.Содномцэрэн Н.Лувсанжаваа хамгаалж “Тариа тариулж байгаа учраас ирж чадахгүй” гэсэн тайлбарыг хэлж байв.

Энэ хурлын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Н.Лувсанжавыг тэнгэрт тултал нь магтаж, Д Эрдэнэбат, Р.Бурмаа гишүүн нар хариуцлагагүйг нь гайхан толгойгоо сэгсэрч байв. Сонирхолтой юм шүү. Н.Лувсанжав юуны учир тэрхүү хуралд ирсэнгүй вэ. Энд л жинхэнэ Н.Лувсанжав Г.Батхүү, Д.Зоригт нараас болж огцорчээ гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих