“Зарагдсан бараа буцаахгүй” гэдэг зар иргэдий эрхийг зөрчдөг

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хэрэглэгчийн байгууллага хамтран Баянзүрх дүүргийн хороодын дарга нар болон иргэдтэй уулзаж хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж буй олон асуудлыг өчигдөр хөндөж ярилцлаа. Нийслэлийн иргэд бид талх худалдан авах, утсаар ярих, автобусанд суух гээд өдөр тутам үйлддэг хамгийн энгийн зүйлүүддээ ч хэрэглэгчийн эрх эдлэх ёстой гэдгээ тэр бүр мэддэггүй.

Тиймээс эрх зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандаж гомдол гаргахаа ч мэдэхгүй. Тэгвэл дээрх байгууллагууд үүнд хариулт өгч, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ сард нийслэлийн хэмжээнд аян зохион байгуулж байгаа ажээ. Иргэдийн эрх зөрчигдөөгүй салбар гэж байхгүй. Тухайлбал, худалдаа үйлчилгээ, барилга, эрүүл мэндийн салбарт илүү зөрчигдөж байгаа нь иргэдийн ярианаас илт байлаа.

“ДА ХYРЭЭ”, “БАЯНЗYРХ”, “САРУУЛ ТЭНГЭР” Хотхонуудын зөрчил
“Да хүрээ” хотхонд өнгөрсөн онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч шалгалт хийжээ. Гэтэл тухайн барилга нь зөвшөөрөлгүй баригдсанаас гадна барилга барих явцад урьдчилгаа мөнгө аваад оршин суугчдыг оруулсан зөрчил илэрчээ. Үүнээс гадна барилга барих стандарт, чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон байна.

 

Уг барилга өнөөдрийн байдлаар хуулийн хүрээнд шалгагдаж байна. Мөн “Баянзүрх хотхонд” “Эко констракшн”-ы барьсан барилгын талбайн хэмжээ зөрүүтэй нь тогтоогджээ. Анх баригдах үедээ 100 метр квадрат гэж гэрээ хийсэн. Гэтэл оршин суугчдын ашиглаж байгаа өрөө нь 95 метр квадрат байна. “Саруул тэнгэр” нэртэй хоёр том хороолол Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа.

 

Уг хороолол автомашины зогсоолын асуудлаа шийдээгүй учир 19.00 цагаас хойш оршин суугчид нь Шархадны төв зам дагуу автомашинаа тавьдаг. Үүнээс үүдээд автомашины хулгай, хүний өмчид халдах, замын аюулгүй байдал зэрэг сөрөг үр дагавар гарч байна. Сүүлийн үед баригдаж байгаа орон сууцнуудын хамгийн хүндрэлтэй асуудал хогийн сав.

 

Шинэ хотхон ашиглалтад орох бүрт эл асуудал яригдаж эхэлдэг. Ялангуяа Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд баригдсан н.Чинбат захиралтай барилгын компанийн барьсан гурван ч орон сууц хогийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс иргэд нь байрныхаа гадаа хогоо гаргаж ил овоолсоор байгаа аж.

СӨХ ажлаа хийж чаддаггүй

“Отгонтэнгэр” дээд сургуулийн ард байрлах 23,25 дугаар байрууд өнгөрсөн зургаан сарын турш халуун усгүй байгаа аж. Энэ нь СӨХ-ны үйл ажиллагаатай шууд холбоотой. Оршин суугчдын аюулгүй орчин, амьдрах нөхцөл бололцоог хангах анхан шатны байгууллага бол СӨХ. Гэтэл нийслэлийн дүүргүүдийн зарим СӨХ үүрэг хариуцлагаа мэддэггүйн зарим жишээ Баянзүрх дүүрэгт илэрч байна.

 

Тухайлбал, 16 дугаар хорооны “Булга” хэмээх СӨХ сар бүр СӨХ-ны 10.600, даатгалын 500 төгрөгийн хураамж, орцны жижүүрийн мөнгө гэж авдаг. Гэвч орцны жижүүргүй гурван жил болж байгаа гэнэ. Тус хорооны 25 дугаар байрны хоёрдугаар орцны үүдэнд муу ус халиад хөлдчихсөн байгаа ажээ. Харамсалтай нь түүнийг хариуцсан эзэн байхгүй болохоор өнөөг хүртэл хэн ч анхаарал тавихгүй байгаа гэнэ. Уг нь “Булга” СӨХ хариуцах ёстой. Мөн сууц өмчлөлийн хуульд зөрчилтэй зүйлүүд байгааг өөрчлөх хэрэгтэйг ч иргэд хэлж байлаа.

Хятад худалдааны төвийн хулхи бараа
Энэ тухай Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ж.Баяраа ярьсан. Хятад худалдааны төвөөс худалдан авсан зарим бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангадаггүй аж. Тухайлбал, шинээр худалдан авсан хөргөгч нь ажилладаггүй, гэрэл авч хийнгүүт хэдхэн минут болоод унтарчихдаг, тоглоомууд нь бага насны хүүхдэд харшил өгдөг гэх зэрэг гомдлууд гарч байлаа.

 

Тус худалдааны төвийг түрээслэгчдэд ажиллахгүй барааг нь буцаагаад өгөх гэхээр “Зарагдсан бараа буцаахгүй” гэсэн гуравхан үг л хэлдэг гэнэ. Ер нь манай аль ч худалдааны төв, бараны зах, хүнсний дэлгүүр гээд бүх үйлчилгээний газрууд чанаргүй бүтээгдэхүүн борлуулдаг гэдгээ илтгэх мэт “Зарагдсан бараа буцаахгүй” гэх үг лангуун дээрээ наасан байдаг нь иргэдийн эрх ашгийг хөндсөн анхны зөрчил гэж мэргэжилтнүүд хэлсэн.

Шуудайг нь томсгож чадахгүй бол үнийг нь буулга
Сүүлийн гурван жил дараалан түлээ, нүүрсний шуудай арав, арван см-ээр хасагдсан. Харин түлшнийх нь үнэ 300-800 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнд гэр хорооллын иргэд бухимддаг. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг гэр хороолол эзэлдэг. Тиймээс өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг нарт хоёрдугаар хорооны иргэн Г.Норов шуудайг үзүүлж асуудлыг шийдэж өгөхийг хүсч байжээ.

 

Гэтэл энэ жил шуудай нь улам багасч, түлшнийх нь үнэ нэг дахин нэмэгджээ. Өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхэд нэг шуудай нүүрсийг дэлгүүрийн гаднаас тэврээд амрах ч үгүй 50 метр явж чадаж байна. Тэгэхээр нийслэлийн гэр хорооллынхон хоногт ямар хэмжээтэй түлш хэрэглэж өвлийг угтаж байгаа нь тодорхой. Иймд иргэдийн эрх ашгийг үнэхээр хамгаалдаг л юм бол шуудайг нь томсгох, чаддаггүй юм бол үнийг нь хэд дахин буулгаж өг хэмээн хоёрдугаар хорооны дарга С. Даваахүү хэлэв.

В.Нэргүй
Эх сурвалж: “Монголын Үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих