Ж.Сүхбаатар: Ман-д л үйлчилдэг ийм л алагчилсан хууль

МАН-ын уламжлалт мэдээллийн цагийг чихэнд чимэгтэй мэдээллээр эхэллээ. Олон жил ажилласан багш нар нэг удаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг авах хуулийн төсөл өмнөх парламентаар батлагдсан. Харамсалтай нь, 2013 төсвийн төсөлд энэхүү хөрөнгийг танасан байдпаар оруулж ирсэн билээ. Иймд багш нар МАН-д гомдоллож, асуудал тавьсан гэнэ.

 

Энэ асуудлаар тус нам байр суурь илэрхийлж, үйл ажиллагаа явуулсны үр дүнд АН болон боловсролын сайд бүлгийнхээ хурлын дараахан хийсэн мэдэгдэлдээ дээрх тэтгэмжийг өгөхөөр болсон гэдгээ илэрхийлсэн нь багш нарт дуулгах сайн мэдээ хэмээн МАН-ын нарийн бичгийн дарга Д. Сарангэрэл онцоллоо.
Энэ үеэр намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

 
-МАН цуглаан хийсэн нь аргаа барсан үйлдэл боллоо хэмээн зарим хүн дүгнэж байна. Тэмцлийн хэлбэр сонгохгүйгээр асуудлыг шийдвэрлэх гарц байгаагүй юм уу?

-Бид удаа дараа мэдэгдэл гаргаж, байр сууриа илэрхийлж байсан. Монгол оронд парламентын ардчилал эрсдэлд орж, аюулд учирлаа. Сонгуулийн ардчилал алга болж байна гэж. Амаараа ардчилал гэж ярих өөр хэрэг. Харин амьдрал дээр ардчилал байна уу гэдэг бас л асуудал шүү. Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдалтай холбогдуулан хэлэхэд МАН эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан.

 

Ингэхдээ юун түрүүнд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн болох С.Чинзориг, Н.Төмөрхүү нартай холбоотой СЕХ хууль бус шийдвэр гаргаж УИХ-д өргөн барьсан. Энэ үйл ажиллагаа Өвөрхангай аймагт байгаа сонгогчид болон манай намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ- ын гишүүдийн дэмжигчдийн санаа сэтгэлийг нэлээд зовоосон. Иймээс олон зуугаараа ирж МАН-д хандсан юм.

 

Сонгогчдыг бид дэмжиж, санаа бодлыг нь олон түмэнд илэрхийлэхээр шийдвэрлэсэн. Улмаар Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулж, Төрийн ордны гадаа тодорхой санал бодлоо илэрхийлсэн. Үүний дараа МАН энэ асуудал дээр шийдвэртэй, шийдэмгий арга хэмжээ авах ёстой гэж үзсэн.

-Таны бодлоор Монголд ардчилал гэж байна уу. Та бүхний хэлсэнчлэн хэдийнэ байхгүй болсон зүйл гэж үү?

-Монголд ардчилал бий гэж зарим хүн ярьдаг. Байгаа. Гэвч байгаа тэр ардчилал хязгаарлагдаж, хумигдаад эхэллээ. Энэ нь СЕХ-ны шинээр томилогдсон дарга, шүүхийн болон УИХ-ын үйл ажиллагаанаас харагдаж байна. Бүгд зохион байгуулалттай улс төрийн шинжтэй. Бид 2005 онд Сонгуулийн хуулийг шинэчлэхэд бидэнд “Өмнө нь ардчилсан байж чадсан уу” гэдэг асуудал тавьж байсан.Бид хэлнэ.

 

Сүүлийн жилүүдэд МАН цоо шинэ шинэчлэлийн замаар замнаж, намын дотоод ардчиллаа хөгжүүлэх хүрээнд нөгөө намтайгаа хамтран ажиллах стратеги тактик, томоохон өөрчлөлт хийсэн. Тэр нь АН-тай хамтран ажиллах, АН-ын нөхдүүдийг төрийн бодлого, үйл ажиллагаанд нэлээд хүчтэй татан оролцуулахад харилцан ажиллах явдал гэж томьёолсон. Тухайн үед СЕХ-г нэг намын гэж ярьж байсан тул бид 2005 онд Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, улс төрийн тодорхой ойлголцол зөвшилцлийн хүрээнд СЕХ-ны даргыг МАН, нарийн бичгийн даргыг нь АН УИХ дахь бүтцээрээ дамжуулан дэмжиж, томилж байлаа.

 

Энэ бол нууц биш. Ингэснээр цаашдаа Монголбанк гэхчлэн төрийн олон байгууллагууд дээр манай нам эвслийн Засгийн газар байгуулсан болон дангаараа эрх барьж байхдаа АН-ын төлөөллийн оролцоог УИХ болон төрийн дээд байгууллагуудын түвшинд ихээхэн хэмжээгээр хангаж, ажиллаж ирсэн. Энэ бол улс төрийн шинэ соёл, төлөвшлийг МАН өөрөөсөө эхлүүлсний илэрхийлэл. Хэдийгээр манай нам эрх барьж байсан ч АН-ын дуу хоолой төрийн түвшинд хангалттай оролцоотой байх нь Монголын төрийг хүчтэй байлгах үндэс гэж үзсэн юм. Иймд үүнийг дахин сануулж хэлмээр байна. Ардчилал гэдэг төгс төгөлдөр зүйл биш.

-Гэвч энэ удаад дарга нь ч нарийн бичгийн дарга нь ч нэг намын удирдлагад орлоо?

-СЕХ-ны даргыг томилохдоо бидний зөвшилцлийн нэгэнт тогтсон соёл болох дарга, нарийн бичгийн даргыг гол намуудаас ойлголцож тавьж байсан тэр ойлголцлыг үгүй хийсэн. Олон жил ярьж байж тэр зөвшилцлийг бий болгосон. Гэтэл АН ганц далайлтаар үгүй хийчихлээ.

-Энэ удаагийн тэмцэл ганц Өвөрхангайн асуудлаас болоогүй хэмээн намын удирдлагууд тань мэдэгдэж байсан. Тэгэхээр бугшсан олон асуудал байснаа одоо л ил гаргаж ирэх нь гэж ойлгож болох уу?

-Энэ үйл явдал ганц Өвөрхангайн хоёр гишүүнтэй холбоотой маргаан биш. Цаашдаа сонгуулийн үр дүн зам зуураа өөрчлөгдөхгүйгээр сонгогдсон эрхмүүд нь УИХ-д ордог байх уу, үгүй юү гэдэг асуудал.

-Гэвч энэ сонгуулийн хуулийг та нөхөд өөрсдийн гараар баталсан хэмээн АН байр сууриа илэрхийлдэг. Иймд гаргасан хуулиа МАН мөрдөх учиртай гэж?

-Тийм ээ. “Та нар ийм сонгуулийн хууль гаргасан шүү дээ. Ийм хууль гаргасан учраас тэр хуулийг чинь даган мөрдүүлэх ажлыг хийж байна” гэж. Энэ тохиолдолд Өвөрхангай аймагт 168 сая төгрөг тараасан асуудал сонгуулийн үеэр яригдсан. Тухайн үед Өвөрхангай иймгийн АН-ын даргаар ажиллаж байсан Т.Хасбаатар энэ асуудлыг олонд дэлгэж тавьсан юм.

 

Хэрэв тэр мэдээлэл худал байсан бол хүн гүтгэсэн хэргээр Т.Хасбаатар хуулийн хариуцлага хүлээх учиртай. Гэтэл тэр хүн ямар ч хариуцлага хүлээгээгүй. Мөн 168 сая төгрөгтэй холбоотой мөнгө тараасан асуудлыг ч шалгаж, тогтоогоогүй байдаг.

 
-Тэгэхээр МАН барьцаж байгаа юм шүү?

-Гол нь МАН-д л үйлчилдэг ийм алагчилсан хууль өнөөдрийн бодит амьдрал дээр байна. Хууль зөрчсөн эд хөрөнгө бараа тараасан. Энэ нь нотлогдсон гэж байгаа. Сонгуулийн хуулийг уншвал 35 дугаар зүйлд заасныг зөрчиж, эд хөрөнгө бараа тараасан нь нэр дэвшигч УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авснаас хойш тогтоогдвол тэр хүн тойргийн хороонд бүртгэлтэй бол тойргийн хороо хүчингүй болгоно. СЕХ- нд бүртгэлтэй бол СЕХ хүчингүй болгоно гэсэн заалттай. Гэтэл СЕХ тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгонгуутаа өөрөө түр үнэмлэх гардуулж УИХ-ын гишүүнд сонгогдсон асуудлыг өргөн барьчихсан.

-Гэхдээ СЕХ-нд ийм эрх бий шүү дээ. Тийм биш гэж үү?

-Сонгуулийн хуульд СЕХ тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй болохоос биш УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэдгийг нь тогтоож, түр үнэмлэх гардуулах субькт нь биш юм. Сонгуулийн хуулийг боловсруулж байсан хүний хувьд хэлэхэд, энэ нь сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл.

-Цаг цагаараа байдаггүй гэж. Энэ үг МАН-д хамгийн их хамааралтай болж байна..?

-Өнгөрсөн долоо хоногт хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоох шаардлагыг СЕХ, хууль бусаар сонгогдсон УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хандаж тавьсан. Үүнтэй холбогдуулан зарим хүн байр сууриа илэрхийлж байна. Тэр дундаа АН-ын нөлөө бүхий фракцийн ахлагч, Засгийн газарт тодорхой албан тушаал хашиж байгаа хүмүүсийн мэдэгдлүүдийг харвал “Бид өмнө нь жагсаж, бас өлсөж үзсэн.

 

Дарлуулж ч үзсэн. Одоо энэ хэд дарлуулж үз л дээ. Жагсч үз” гэж шулуухан хэлсэн байна лээ. Энэ бол ардчиллын зарчим мөн үү гэвэл биш юм. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд МАН эвслээр болон дангаар ажиллаж байхдаа идэвхтэй хамтрах зарчмыг сонгож, зөвшилцлийн аргаар ажиллаж ирсэн юм шүү.

 
-Чуулганы танхимын үүдэнд буйдан тавьж сууснаараа УИХ- ын үйл ажиллагааг гацааж байна гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Гэвч та бүхэн өөр хариулт хэлдэг?

-Хоёр хоног гацааснаас болж, улсын төсөв сүйд боллоо гэж. Бид УИХ-ын үйл ажиллагааг саатуулаагүй. УИХ-ын зохион байгуулалтын хэлбэр нь намын бүлгийн болон байнгын хорооны хуралдаан, мөн чуулганы нэгдсэн хуралдаан байдаг. Байнгын хороо болон намын бүлгүүдийн хуралдаан хэвийн явагдаж байгаа. Нэгдсэн хуралдааны тухайд Өвөрхангайн тойргоос сонгогдсон гишүүдийн үр дүнгийг нь өөрчилж оруулж ирж байгаагаас бусад асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ ипэрхийлсэн.

 

Тухайлбал, улсын төсвийн асуудлаар хэлэлцэхэд бэлэн байна. Чухамдаа өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй хясан боогдуулах замаар хяналтгүй парламентын үйл ажиллагааг явуулж буй. Үүнийхээ үр дүнд АН дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн. Жишээ нь, таван миллярд ам.долларын бонд дураараа гаргах гэж байна.

 

Нэг жилийн улсын төсвийн зарлагатай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг юунд зарцуулагдах нь тодорхойгүйгээр оруулж ирлээ. Ирэх оны төсвийн төсөлд л гэхэд олон асуудал бий. Шинэчлэлийн Засгийн газар ямар шинэчлэл хаана явуулах гэж байгаа нь энэ төсөв дээр харагдахгүй байна. Ерөнхий дүнгээр нь шинэчлэлийн төсөв гээд л байгаа. Үүн дээр дуугарч болохгүй байна.

 

МАН эрх барьж байхдаа санаачлан боловсруулж батлуулсан багш нарын ганц удаагийн тэтгэмжийн асуудпыг өөрчлөх гэж байна. Ингэснээр багш нарын эрх ашгийг хохироох нь. Нэгэнт байгуулагдсан намын бүлгийг ажилд нь оруулахгүй, хясан боогдуулах замаар үүнийг хийх гэж байна. Тангараг өргүүлэх асуудлаа хойшлуулж, шүүхийн процесс дуусахыг л хүлээхийг хүссэн.

Түүнээс бусад асуудлыг хэлэлцээд явах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, төрийн ажлыг гацаасан зүйл байхгүй. Тодорхой асуудал дээр бид тодорхой шаардлага тавьж, тодорхой хариулт авахыг л хүссэн.

 
-АН ч гэсэн төрийн ажлыг олон өдрөөр гацаах үе өмнө их байсан байх аа?

-Өмнөх парламентад намайг Төрийн байгуулалтын байнгын хороонд ажиллаж байхад зарим асуудлыг нэг бүр хоёр, гурван сараар гацааж байсан тохиолдол бий. Төсвийн хэлэлцүүлгийг ч мөн ялгаагүй олон хоногоор гацааж байсан. Гэхдээ үүний хариу болгож байгаа юм биш. Бид төсвийг гацаагаагүй гэдгийг хэлье. Чанарын биш соёлын ялгаа энд харагдаж байна.

 
-МАН хууль зөрчиж байгаа талаар УИХ-ын Тамгын газраас мэдэгдэж байна. Хуульч хүний хувьд тайлбар хийхгүй юу?

-Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай хийсэн уулзалтын үр дүнд бид хуулийн хүрээнд асуудлаа шийдсэн.

-Гэвч өмнө нь Төрийн ордны ойролцоо жагсаал цуглаан хийхээр баривчилж, хорьдог байсан гэх шүүмжлэл зарим хүний амнаас цухалзаж байна шүү дээ?

-Баривчлагдлаа гээд байгаа хүмүүсийг жагсаж байхад Төрийн ордны гадна талын хашаа байгаагүй. Тэд Төрийн ордны хаалгыг эвдэж, хэмхчих, эд хөрөнгө рүү нь дайрах, цагдаагийн болон тусгай албан хаагчдын мөрдэс, бие эрх чөлөөнд нь халдсан гэх байдлаар баривчлагдаж байсан тохиолдлууд байдаг. Түүнээс биш Төрийн ордны хашааны гадна цуглаан хийсэн хэнийг ч зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж байгаагүй.

-Ерөнхий сайдыг шүүхэд өгөх тухай мэдээлж байна. Намын удирдлагууд ч гэсэн үүнтэй санал нэг байгаа гэж дуулсан?

-МАН мөнгө тарааж жагсаалыг зохион байгуулсан гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Хариуцлагатай хүний хариуцлагатай үг. Тэр ч байтугай манай намын байранд 40 мянган төгрөг тарааж байна гэх мэдээллийг тодорхой байгууллагын захиалгаар хэвлэл мэдээллийнхэнд тарааж байсныг бид мэдэж байгаа. Ерөнхий сайд гэдэг зохих хууль журмынхаа дагуу мэдээлэлтэй хүн.

Иймээс Ерөнхий сайд МАН мөнгө тарааж, цуглуулсан гэх баримтаа ил болгохыг хүссэн. Эс бөгөөс МАН-ын цуглааныг гүтгэн доромжилсон үндэслэлээр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг хуулийн байгууллагад өгнө. МАН-ын эсэргүүцлийн үйл ажиллагааг харлуулан гутаах оролдлого хийснийх нь төлөө.

 
-Нэг зүйлийг тодруулья. Хууль биелүүлдэг болоод ирэхээр МАН тийжигнэж байгаа энэ гэх. Энэ үнэн үү?

-Хууль зүйн сайд хууль биелүүлдэг болоод ирэхээр эсэргүүцэж байгаа энэ гэж хэлж байна лээ. Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн хууль биелүүлээгүй. Төрийн албаны хуульд заагдсан бүх хуулийг үйлчлүүлэхгүй болгосон. Дараа нь, удахгүй хууль батална гэж. Иймээс халаа сэлгээг хийхэд асуудал байхгүй гэсэн гэдэг. Ганц жишээ татахад, Төрийн нарийн бичгийн дарга нар бүгд хууль бус.

 

Үүнийг хэн ч няцааж чадахгүй. Төрийн албаны тухай хуульд түр орлон гүйцэтгэгч гэдэг төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаа хийж байхдаа эзгүй албан тушаал дээр ажлынхаа хажуугаар ажиллах тухай ойлголт. Гэтэл үүнийг Засгийн газраар оруулаад шийдвэрлүүлчихсэн. Шуудхан хэлэхэд, Засгийн газар, Ерөнхий сайд Төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Үндсэн хуульд Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэсэн заалттай. Харамсалтай нь, энэ заалт алдагдчихсан.

-Гэхдээ асуудлын гол нь та бүхэнд байгаа юм биш үү. Сүүлийн үед МАН-д л хууль үйлчлүүлэх тухай ярьж байна?

-Ингэж таарахгүй. Засгийн газар, УИХ нэг нам руу ханддаг хууль үйлчлүүлж, алагчилс байдлаар ханддаг байж таарахгүй. Авлига, албан тушаалын хэргээр манай намын олон гишүүн хуулиийн байгууллагад шалгагдаж, шийтгэл авсан. МАН-ын хүмүүс энэ нь үйлчилдэг атлаа AН-ынханд өнөөдрийг хүртэл үйлчлээгүй. Өөрөөр хэлбэл, чиглүүлээд байна

-Түүнчлэн Өвөрхангайгаар тогтохгүй Увсаас сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах асуудал хөндөгдөх боллоо?

-Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд юу гэж ярьж байна гэхээр УИХ-ын гишүүд дотор удахгүй огцрох, эргүүлэн татагдах хэд хэдэн хүн бий мэтээр шууд ярьж байгаа. Магадгүй иргэн хүн, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ингэж хардаж, ярьж болох юм. Ардчилсан нийгэмд байдаг л зүйл. Харин төрийн өндөр албан тушаалтны, тэр дундаа УИХ-ын удирдлага, Засгийн газарт томоохон албан тушаал хашиж байгаа хүмүүсийн мэдэгдэж байгаа мэдэгдэл нь заналхийлэл, бас айлган сүрдүүлэлт. Энэ бол хууль ёсны үйл ажиллагаа биш. Өөрөөр хэлбэл, чиглүүлээд байна Дараагийн тийм тийм хүмүүс би гэхчлэн.

-МАН-ын удирдлагууд Төрийн тэргүүнтэй уулзаж, тодорхой шийдэлд хүрсэн гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-МАН-ын удирдлага Ерөнхийлөгчтэй уулзаж, тодорхой асуудал дээр ойлголцсон. Үр дүн, хүрсний дараа жич мэдээлэх ёстой байх.

-Хэтэрхий хуучинсаг арга барил сонгосон гэх үгийг зарим хүн та бүхэнд хэлж байсан.  Жагсаал, цуглаан бол хоцрогдсон арга барил ч гэдэг юм уу?

-Дэлхийн аль ч оронд, эрх нь зөрчигдсөн асуудал гарвал жaгcaaл цуглаан зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, ардчилсан оронд жагсаал цуглаан хэзээ ч хоцрогдож моодноос гардаггүй зүйл. Аль Афины үеийн ардчилал байхаас эхлэн иргэд цугладаг ёс нь шууд ардчиллын буюу ардчиллын амин сүнс нь байсан. Шууд ардчиллын анхны алхам нь цуглаан.Гагцхүү арга хэлбэрт нь анхаарах тухай ойлголт байхаас биш хуучирсан арга барил биш юм. МАН маш соёлтойгоор оролцож байгаа.

 
-АН олонх болж гишүүдийнхээ тоог 39 болгох гэж улайрч байна гэх мессеж явж байна. Ийм боломж бий гэж үү?

-31 суудалтай байгаа АН ямар нэгэн аргаар суудлынхаа тоог 39 рүү дөхүүлэх энэ оролдлогыг улс төр, хуулийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр явуулж байна. Шүүх үнэнийг тогтоодог. Энэ үнэн. Би хууль ч хүн. Гэхдээ шударга шүүхээр шүүлгэх гэж Үндсэн хуульд бий. Шүүх үнэнийг тогтоох боловч шударга шүүхээр шүүлгэх эрх иргэнд байдаг.

 

Шүүх шударга байна уу, үгүй юү гэдэг асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрх нь ч Үндсэн хуулиар олгогдсон. Үнэндээ давраад байгаа тал нь МАН биш. Хоёр хоног чуулганы үүдийг л таглаж суусан байх. Өөр юунд даварсан юм. Эрх баригчид л давардаг. Эрх баригчдад даруулга хэрэгтэй байдаг учраас цөөнх хүчин гэж байдаг. Гэтэл бидний дуу хоолойг саармагжуулах гэж оролдож байна.

 

Бид олон зүйл шаардаагүй. Өнөөдрийг хүртэл сонгогчдын 1/3 саналыг авсан атлаа намын бүлгийн зохион байгуулалтаа хийж чадсангүй. Үүнээс улбаалаад байнгын хороонд бид хуваарилагдаж ч чадаагүй байна.
-Цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Бид тавьсан шаардлагынхаа хүрээнд ажиллана.

-Энэ бүхний эцэст ганц зүйл асууя. МАН сонгуулийн үр дүнтэй эвлэрч чадахгүй АН-тай ана мана үзэлцэж байна гэх ярианд та ямар тайлбар хийх вэ?

-Бид аль нэг намтай өрсөлдөөд байгаа юм биш. АН-ын буруу бодлого, шийдвэрийг эрс буруушааж байна.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих