Facebook, Twitter-т зөв зүйлийн төлөө нэгдэжгээе, залуус аа

Цахим ертөнцөд хэл амаа амархан ололцож, мэдээлэл солилцоход шуурхай болохоор залуус Facebook, Twitter бичил блогийг сонгох нь элбэг.
Төр, засгийн удирдлагуудаас эхлээд энгийн иргэдтэй санал бодлоо хуваалцах боломж олгодог Twitter-т сүүлийн үед таагүй мэдээлэл эзэгнэх болов. “Эрх чөлөөний талбайд эрх чөлөө, шударга ёсны төлөө өргөн хэмжээний жагсаал болно, нэгдээрэй, ирээрэй” гэсэн уриалгын дор тун олон сэтгэгдэл хөвөрчээ. “Хэн ч энэ жагсаалыг зохион байгуулахгүй бөгөөд интернэтийн тусламжтайгаар нэгдэж байгаа” гэх сэтгэгдлүүдийг уншаад үнэндээ сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй.
Ингэхдээ хэрэглэгчдийн дийлэнх нь Тунис, Египетийг жишээлж, эдгээр улсад болсон шиг цахим хувьсгал өрнүүлье хэмээн уриалсан байх юм. Даяаршиж буй ертөнцөд мэдээлэл гэрлийн хурдаар тархаж, мэдээллийн хамгийн хүчтэй, нөлөөтэй хэрэгсэл нь цахим ертөнц болсны нэг илрэл энэ. Цахим ертөнцийн ачаар өнөөдөр бүх зүйл хялбарчлагдаж, цагхугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж байна. Олон нийтэд зар тарааж нэгдэн нийлэх үйл явц нүд ирмэхийн зуур өрнөхөд цахим ертөнц тусалж байна. Гэтэл техник технологийн энэхүү дэвшлийг өөрт ашигтай, буруу зорилгод хэрэглэх хандлага сүүлийн үед гарах болсон нь нууц биш. Ялангуяа монголчууд бид ийм зүйлд татагдан орж яагаад ч болохгүй. Facebook, Twitter-ийг үймээн самуунд уриалан дуудахад биш нэн тэргүүнд хийх ёстой тулгамдсан асуудал уруу төр засгийг хандуулахад зориулж болно. Зорилго нэгтэй зүтгэвэл хэрэгжүүлж болмоор санал санаачлагууд олон.
Харамсалтай нь нийтийн харилцааны сайтын зарим хэрэглэгч эх орноо олон улсын анхаарлын төвд байгаа халуун цэгийн улсуудтай харьцуулсан нь ардчиллаар олж авсан амжилт ололтоо дутуу үнэлснийх биз. Тунисаас эхэлсэн цахим бослого Египет, Иемен, Бахрейнийг хамарч, эдүгээ Ливид төвлөрөөд байна. Нэг хүний засаглал дор олон жил болсон улсын ард иргэдийн бухимдал тэсрэхээрээ юунд хүргэдгийг эдгээр улсад өрнөсөн үйл явдал хангалттай харуулсан. Ливийн Ерөнхийлөгч М.Каддафи 41, Египетийн Х.Мубарак 33, Тунисын Бен Али 32, Иемений Сале 33 жил төрийн эрх барьжээ. Тэдний төрийн тэргүүнээр ажилласан хугацаа нь өөрөө том асуудал болон хувирсан. Олон жил бугшсан тогтолцооны согог эсэргүүцлийн давалгааг өдөөсөн.
Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч байх хугацаанд хориг тавиагүй болохоор нэг хүн насан туршдаа төрийн тэргүүн байх хувь заяатай ард түмэн мэдээж эвлэрэхгүй. Бүтэн зууны тал хувьд нь эрх мэдлээ тогтоож хэнээс ч хараат бус ажиллана гэдэг тийм ч хүсүүштэй зүйл биш. Эрх мэдэл хэрээс хэтэрч, байх ёстой хил хязгаарыг даван нэг хүний хурууны үзүүр, хүслийн зоргоор ажил явагдахаараа л ийм тэсрэлт төрдөг. Нэг хүний эрх мэдэл ноёрхолд цэг тавьж, салхивчаа нээж цэвэр агаар иргэдийг буруутгах аргагүй. Харин эдгээр улстай Монголоо жишиж, ард олноо хувьсгалд уриална гэдэг бол бодит байдалтай нийцэхгүй, байж болшгүй гэмт хэрэг болно. Монгол Улс дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай Ерөнхийлөгчтэй, парламентын засаглалтай орон. Бүх нийтийн ардчилсан, шууд сонгуулиар ард иргэд нь төрийн тэргүүнээ сонгож байна.
Парламентын гишүүддээ итгэл үзүүлж байна. Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болох Үндсэн хуулийн заалттай. Тийм болохоор манай улсад Арабын улсууд шиг нэг хүний дангаар ноёрхох боломж хэзээ ч бий болохгүй. Монгол Улс бол ардчиллын зарчмыг нутагшуулж чадсанаараа, ардчиллын ололт амжилтаараа тивдээ үлгэр дууриал үзүүлдэгорон. Монголчууд хийж болох бүх хувьсгалаа хийчихсэн ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө 1921 оны хувьсгалаар, дэлхийтэй хөл нийлүүлэх ардчилсан зарчмаа 1990 оны хувьсгалаар бий болгосон. Бидэнд өнөөдөр дээрх улсууд шиг үймж босох шалтаг шалтгаан огтхон ч алга. Харин олж авсан бүхнээ баталгаажуулж, улам чанаржуулах шаардлага л бий.
Гэхдээ сүүлийн үед хувьсгал, бослого хэмээх үгийг эргэлтэд оруулж нийгмийн сэтгэл зүйд хоногшуулах гэсэн оролдлого яваад байгааг үгүйсгэхгүй. Үүнд хилийн чанад дахь цахим бослого нөлөөлж байж болох ч гол үрийг нь төрийн өндәр албан тушаал хашиж байсан зарим хүн тавиад байгаа нь нууц биш. Тэд ярих тоолондоо хувьсгал хийнэ, сонгуулийн бус аргаар засгийн эрхийг авч болно гэсэн утгатай үг унагаж байгаа нь ингэж болдог юм байна гэсэн ядмагхан ойлголтыг хүмүүст төрүүлж мэднэ.
Хий хоосон, үндэслэл муутай яриа, хүчирхийлэл үнэртүүлсэн үг урхаг ихтэй. Тэрхүү урхаг нь хүмүүсийг төөрөгдүүлэх аюултай билээ. Ямар ч тохиолдолд бусдын жишээг дурдахдаа өөрийн орныхоо давуу тал, онцлог, ололт амжилтыг тооцоолоход илүүдэхгүй. Facebook, Twitter-т нэгдэж болно. Гэхдээ зөв зүйлийн төлөө нэгдэцгээе, залуус аа. Н.Сүрэн

Монголын үнэн


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих