УМАРД СОЛОНГОС РУУ УХУУЛАХ ХУУДАС ИЛГЭЭХИЙГ ХОРИГЛОЖЭЭ

Өмнөд Солонгосын эрх баригчид Умард Солонгостой хил залгаа Имчингак бүсэд орохыг хоригложээ. Уг бүсээс 200 мянган ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгийг умард руу илгээхээр төлөвлөж байсан байна.

“Аюулгүй байдлын салбарт Умард Солонгосын зүгээс аюул учирч байгаатай холбогдуулан сөргөлдөгч иргэний бүлгүүдийн хооронд мөргөлдөөн гарч болзошгүйг харгалзан үзэж энэ бүсийг хаасан” гэж Кёнгидо мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.
Иргэний хөдөлгөөний идэвхтнүүд эрх баригчдын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна. “Умард Солонгосын зүгээс хийсэн сүрдүүлгүүд нь өмнөдийн иргэдийг хооронд нь хагаралдуулах гэсэн зорилготой” гэж ухуулах хуудас тараах ажиллагааг зохион байгуулагчдын нэг нь мэдэгджээ.
Энэ сарын 19-нд Солонгосын Ардын армийн баруун фронтын командлагч ухуулах хуудас тарааваас Өмнөд Солонгосын Пажу хотод цохилт өгнө гэж сүрдүүлсэн юм. Өмнөд Солонгосын ийм үйлдэл нь “одоо хэрэгжиж байгаа түр эвлэрэх гэрээг зөрчиж байгаа бөгөөд тэвчих аргагүй цэргийн өдөөн хатгалга юм” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KSNA/ командлалын мэдэгдлийг дамжуулжээ.
Ийм мэдэгдэл гарсны дараа Сөүлийн эрх баригчид хоёр Солонгосын хилийн баруун зурваст байрладаг их бууны болон танкийн бригадуудыг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, Ф-15К болон КФ-16 эргүүлийн сөнөөгч онгоцуудаар хүч нэмэгдүүлсэн байна.
Д.Жаргал

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих