О.Магнай үндэсний үйлдвэрлэгчдээ албан тушаалаараа сүрдүүлсэн үү?

ШӨХТГ-ын даргаар О.Магнай томилогдсноос хойш олон байгууллагад арга хэмжээ авч байгаа билээ. Харин энэ үйлдэл нь олон нийтэд таалагдахын тулд дотоодын үйлдвэрлэгчдээ дарамталж, сүрдүүлсэн хандлагатай болсныг  МҮХАҮТ-аас мэдэгдаж байна.

ШӨХТГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар

ШӨХТГ-ын шинэ удирдлагын зүгээс ойрын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь хууль хэрэгжүүлэх нэрээр бизнес эрхлэгчдийг дарамталсан, олон нийтэд таалагдах гэсэн, аж ахуйн нэгжүүдийн дотоод үйл ажиллагаанд хутгалдсан илт алдаа дутагдалтай үйл ажиллагаанууд болж байна. Тухайлбал:

1. ШӨХТГ-ын гишүүдийг АТГ-т шалгуулахаар өгсөн нь үндэслэлгүй

Нефт импортлогч компаниуд хэлцэн тогтоох замаар үнээ нэмсэн хэмээн үзэж тэдэнд торгууль ногдуулах тухай ШӨХТГ-ын байцаагчдийн дүгнэлтийг ШӨТХГ-ын хуралдаанаар хэлэлцэж хэлцэн тогтоох замаар үнээ нэмээгүй байна гэсэн хамтын шийдэлд хүрсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 17.1-д зааснаар ШӨХТГ нь хамтын удирдлагын зарчмаар ажилладаг, 16.2-д хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана гэж заасан байдаг. ШӨХТГ-ын хуралдаанаар олонхийн саналаар гаргасан энэхүү хууль ёсны шийдвэрийг гаргасан, хийх ёстой ажлаа л хийсэн хүмүүсийг АТГ-т өгөх ямар үндэслэл байсан нь тодорхойгүй. Хэрэв тодорхой шийдвэр гаргаад, түүнийг нь буруу гэж нэг нөхөр үзээд л АТГ-т шалгуулахаар өгөөд байдаг бол монголын бүх яам, агентлагын дарга, гишүүд АТГ-д дуудагдах хэрэг гарах нь.

2. Үндэсний үйлдвэрлэгчдийг хуулийн нэрээр айлган сүрдүүлж байна
ШӨХТГ-ын дарга О.Магнай томилогдсоноосоо хойш богино хугацаанд олон салбарын үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцсан хэдий ч уулзалт нь ихэнхдээ хуулийн болон төрийн нэр барьж үйлдвэрлэгчдийг зөрчил гаргасан бол та нарыг торгоно, шийтгэнэ хэмээн сүрдүүлэх нь байдлаар өрнөж байна. ШӨХТГ-ын дарга нь аж ахуйн нэгжүүдийн торгож шийтгэхээ урьтал болгосноос бус Өрсөлдөөний тухай хуулиар хүлээсэн өөрийнх нь үндсэн үүрэг болох /15.1.3/ өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх талаар огт анхаарахгүй байна. Гэтэл Өрсөлдөөний тухай хууль нь анх батлагдахаасаа эхлээд бизнес эрхлэгчдийн шүүмжлэлд их өртсөн, өрсөлдөөнийг хянах нэрээр бизнес эрхлэгдчдийн үйл ажиллагаанд төр хэт хутгалдан орсон, төрийн дарамтыг нэмэгдүүлсэн хууль болсныг анхнаас нь сануулж байсныг эргэн үзэхэд илүүдэхгүй биз.
Монгол улсын хөгжлийг тодорхойлж ачааны хүндийг нуруундаа үүрч яваа, цаашид ч авч явах үндэсний үйлдвэрлэгчдийг буруу ташаа, алдаа мадагтай болсон хуулиар сүр болгон далайлгаж дарамтлахын оронд харин хуулиа яаж сайжруулах талаар тэдэнтэй ярилцаж санал бодлыг нь авсан бол ажилд нь илүү тустай байх байсан болов уу. Амбаар босгож үзээгүй хүн барилгын зовлонг мэдэхгүй гэдэг шиг авилга, хээл хахууль, төрийн хүнд суртал, шударга бус өрсөлдөөн зэрэг олон саад бэрхшээлийг чадан ядан давж үйлдвэрлэл явуулж, бизнес эрхлэж буй хүмүүсийг торгож шийтгэх, сүрдүүлэхийг урьтал болгох нь ШӨХТГ үндсэн ажил биш нь тодорхой.

3. ШӨХТГ аж ахуй эрхлэгчдийг дарамтлах бус харин хамгаалах үүрэгтэй
Өрсөлдөөний тухай хуулийн 14.1-д “ ШӨХТГ нь … өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж заасан. Гэтэл ШӨХТГ-ын шинэ удирдлага энэ үүргээ мэдэхгүй, эсвэл огт тоомсорлохгүй байна. Өрсөлдөөний талаарх төрийн цэгцтэй, тодорхой бодлого байхгүй байгаагаас бизнесийнхэн элдэв дарамт шахалтад орж хууль бус үйл ажиллагаа явуулах явдал гардаг.
Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.4-д “ өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, захиргааны шийтгэлээс хөнгөлөх” гээд маш тодорхой, ойлгомжтойгоор заагаад өгсөн байгаа. Гэтэл ШӨХТГ-ын шинэ удирдлага хувийн өмчит компаниуд руу дайралтаа чиглүүлж төрийн нэрээр өрсөлдөөнийг элдэв хэлбэрээр боомилж байгаа, зөрчиж байгаа, хэрэглэгчдийг хохироож байгаа компани, байгууллагуудыг хараагүй юм шиг өнгөрөөж байна. Түүнээс гадна зөвхөн шийтгэх бус, харин ч захиргааны шийтгэлээс хөнгөлөх эрхээ ч эдлэх ёстойгоо анхаарах хэрэгтэй.

4. ШӨХТГ-ын анхаарал төвлөрүүлэх гол асуудлууд

1.    Юуны өмнө Өрсөлдөөний тухай хуулиа шинэчлэн сайжруулах, ингэхгүйгээр хууль хэрэгжүүлж буй нэрээр аж ахуйн нэгжүүдийг дарамтлах, торгох шийтгэх явдал багасахгүй
2.    Өрсөлдөөнийг хязгаарласан, өрсөлдөөний тухай хуультай зөрчилдсөн маш олон хууль, тогтоол, дүрэм журмууд байна. Эдгээрийг бүхэлд нь судалж хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн сайжруулах нь тус газрын нэг гол үүрэг.
3.    Өрсөлдөөний талаар баримтлах төрийн бодлогоо яаралтай гаргаж хэрэгжүүлэх, бизнесийнхэнд сурталчлан таниулах.
4.    Өрсөлдөөний тухай хууль болоод өрсөлдөөнийг зохицуулах талаар гаргасан хууль, тогтоолуудаа олон нийт, бизнесийнхэнд хүргэх, сурталчлах ажлыг өргөн хүрээнд хийх.
5.    Мэргэжлийн хяналтын бие даасан төрийн байгууллага байхад түүний ажлыг шүүрэн авч хийхээ зогсоох. Тухайн стандарт, технологио даган мөрдөж бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй эсэхэд анхаардаг, хянадаг, торгож шийтгэдэг газар нь тусдаа байна.
6.    Зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч чадаагүй байж шударгаар өрсөлд, хууль зөрчлөө, торгоно шийтгэнэ гэсэн улиг болсон арга барилаас салж үнэхээр шинээр ажиллаж шинэчлэл хийе гэж байгаа бол аж ахуй эрхлэгчидтэйгээ зөвлөлдөж, санал бодлыг нь авч хамтран ажиллах хэрэгтэй байна.

МҮХАҮТ

URL:

Сэтгэгдэл бичих