Эх байгалиа сүйтгэвээс эргээд өөрөө зовлон амсана

Орчин үеийн бүжгийн “Натурданс” студи, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгатай хамтран “Дөрөө” хэ­мээх модерн бүжгэн жүжгийг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор найруулан дэглэсэн модерн жанарын бүжгэн жүжиг энэ сарын 24, 25-нд 19:00 цагаас тоглогдох юм байна.

Энэхүү бүтээл нь “Монголын урлагийн зөвлөл” ТББ-ын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн шинэ бүтээл шалгаруулах төслийн уралдаанд шалгарсан аж.

Мэргэжлийн бүжиг дэглээчдийн олон улсын уралдааны алт, мөнгөн цомын шагналт, МУСТА М.Мөнгөнцэцэг энэ­хүү модерн жү­жигтээ монгол биелгээг орчин үеийн өвөрмөц хөдөл­гөөн, мэдрэмжээр бая­жуулан, цоо шинэ хэв маягаар найруулан үзэгч олондоо өргөн барих юм байна.

Хүннүгийн үеийн цэргүүд ав хийж яваад тогорууны өндгийг мориороо гишгүүлчихжээ. Удалгүй аян дайнд мордсон тэдгээр цэргүүд ялагдал хүлээнэ. Дайснаасаа хүч дутуу байгаад ялагдсан хэмээн төсөөлдөг ч гол учир нь тогорууны өндгийг гишгүүлснээс үүд­сэн аж. Тогоруу үрдээ харам бөгөөд өнд­гийг нь хагалбал төмөр дөрөөний сэн­жийг тасартал хараадаг гэх монголчуу­дын эртний үгээс ишлэн энэхүү бүжгэн жүжгийг бүтээсэн байна.

Дэглээчийн ярьж байгаагаар хүрээ­лэн буй орчиндоо зүй зохистой, байгальд ээлтэй хандах сэтгэлийг төлөвшүүлэх, эх байгалиа хайрлан дээдэлдэг болгох, улмаар “Байгалиа сүйтгэвээс эргээд өөрөө зовлон амсана” гэдгийг үеийн хүүхэд залуучуудад сануулах зорилготой ажээ.

“Дөрөө” бүжгэн жүжиг монгол үндэстний давтагдашгүй өв соёлын нэг монгол биелгээг орчин үеийн бүжгийн хэлээр илэрхийлсэн нь нүүдэлчдийн соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг судлах, хадгалах, хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм байна.

“Дөрөө” бүжгэн жүжгийн дэглээч МУСТА М.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.

-Тогорууны өндгийг хагалбал төмөр дөрөөний сэнжийг тасартал хараадаг гэсэн монголчуудын үгнээс ишлэн бүтээж буй модерн биелгээнийхээ тухай сонирхуулаач?

-Монгол хүн гэхээр морь бодогддог. Эмээлгүйгээр моринд мордоход хүнд­рэлтэй. Тэгвэл эмээл болгон дөрөө­тэй, дөрөө мэдэхгүй монгол хүн байхгүй. Бас дөрөө мэдэхгүй морьтон соёлтой ард түмэн ч байхгүй. Тийм учраас дөрөө хэрэглэдэг монгол соёлыг дэлгэрүүлэх, мөн байгаль дэлхийгээ хайрлах үзлийг бүжгэн жүжигтээ харуулна. Удахгүй тавигдах гэж байгаа “Дөрөө” жүжиг нь эртний болон Хүннүгийн үеийн соёлоос өнөө үеийнхийг хүртэл харуулах юм.

-Модерн чиглэлийн бүжиг өмнө нь хэд хэдэн удаа тавигдаж байсан. Харин таных тэдгээрээс юугаараа онцлог вэ?

-Тийм ээ, модерн бүжгэн жүжгүүд нэлээд тоглогдож байсан. Гэхдээ бие биелгээтэй хослуулсан нь байхгүй, дан сонгодог хэлбэрт оруулсан байдаг. Яг уламжлал дээрээ тулгуурласан учраас энэ бол содон бүжгэн жүжиг. Бүжгэн жүжгийн маань найруулгыг СУИС-ийн хөгжмийн багш Г.Түвшинтөр хийсэн.

-Модерн биелгээг мэргэжлийн хүний хувьд тайлбарлавал ямар төрлийн бүжиг юм бол?

-Модерн биелгээг ганц өгүүлбэрээр тайлбарлаад хэлье. “Модерн биелгээ” гэдэг маань зөвхөн өнөөдрийн монгол хүн.

-Бие биелгээ монгол хүний биеийн онцлогт хэр нийцдэг вэ?

-Монгол хүн бүр биелгээ хийдэг, их эвсэлтэй. Харин хятад, япон, солоногосчууд биелгээ хийж бай­гааг харахад эвгүй харагддаг. Монгол­чуудын мөр, дал, хавиргаа хөдөлгөж байгаа нь цаанаа л их гоё шүү. Тиймээс биелгээ монголчуудын бие, махбодод нь тохирсон гэж хэлж болно. Биелгээ хийхэд бүр долоон үе мөчөөрөө биелдэг юм. Энэ тал дээр, ялангуяа манай “Түмэн эх” чуулгын бүжигчид Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан. Тухайлбал, Европт очоод бие биелгээгээ хийгээд гараад ирэхэд “Модерн дасгалуудыг хаана сурсан бэ” гэж асуудаг. Бие биелгээ хийхэд зөвхөн ганцаараа байна гэсэн үүднээс хийдэг учраас өөрийн гэсэн ертөнцийг бий болгож чаддаг. Барууны урлагт орчин үеийн бүжиг өөрийн гэсэн талбартай. Үүгээрээ адилхан гэж болно.

-Хамгийн сүүлд оролцсон Ордос хотын ардын бүжгийн тэмцээний тухай ярихгүй юу. Ямар амжилт үзүүлэв?

-Энэ жил миний хувьд олз омог дүүрэн байлаа. Өнгөрсөн есдүгээр сард болсон олон улсын ардын бүжгийн уралдаанд хоёр уран бүтээл маань хүрэл, нэг нь мөнгөн цом, би өөрөө алтан цомын эзэн болсон.

Үүнээс өмнө хоёрдугаар сард ОХУ-ын Новосибирск хотноо болсон ЮНЕСКО-ийн нэрэмжит Олон улсын бүжиг дэглээчдийн YII уралдаанд хүүхдийн бүжгийн төрөлд гурав, ардын бүжгийн төрөлд хоёрдугаар байр эзэлсэн.

Оролцсон бүх уралдаан тэмцээ­нээсээ шагнал авсандаа баяртай байна. Өнгөрсөн жилийн хувьд Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн нэрэмжит бүжиг дэглээчдийн уралдааны тэргүүн байрын шагналыг хүртсэн.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих