Н.Баярт-Од: Оршуулгын зардалд өгсөн дөрвөн сая төгрөгөө буцаагаад авчихсан

Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Хөх толгой хэмээх газарт өнгөрсөн сард аймшигт осол гарч гурван эмэгтэй, нэг хүүхдийн амь нас эрсэдсэн. Эл хэргээс хойш cap гаруйн хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь хэрэг шийдэгдэх бус хэрэгсэхгүй болгох шатандаа оржээ. Энэ талаар талийгаач Н.Бадамляхуацэцэгийн төрсөн эгч Н.Баярт-Одтой ярилцлаа. Тэрбээр энэ хэргийг үнэн зөв шийдүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч буй юм.

-Таныг талийгаачдын гэгээн дурсгалыг хүндэтгэж гэрэлт зул өргөх ажиллагааг зохион байгуулах гэж байгаа гэж сонссон. Энэ тухай яриагаа эхлэх үү?

-Зул өргөх ажиллагааг зохион байгуулахын тулд зөвшөөрөл авдаг юм байна. Бээжингээс зул захисан байсан. Гэтэл Хятад зул галын аюулгүй байдалд нөлөөлдөг гэнэ. Тэгээд Тайландын том зул байдаг сурагтай.

-Орон нутагт нь бас зул өргөнө гэсэн байх аа. Иргэд хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Талийгаачдын найзууд, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Монгол говь” сэтгүүлийн газрууд нийлж 49 хоногоор нь зул өргөнө гэсэн. Тусалж дэмжсэн иргэд их бий. Хотод зохиогдох зул өргөх ажиллагаанд барилгын ослоор нас барсан хүүгийн ар гэрийнхэнтэй хамтрах бодол байгаа. Ирэх хагас сайн өдөр 49 хоног нь болно.

-Хохирогч нарын ар гэрийнхэнтэй нэгдэж байгаа юм уу?

-Тэгэх санаатай байгаа. Бүх хүмүүстэй холбоо барьсан. Хариуцлагагүй уул уурхай, байшин барилгаас болж хохирсон учраас хамтарч дуу хоолойгоо хүргэе гэж бодож байна.

-Хэрэг гарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Гэтэл сэжигтэнг шалгаж байна гэхээс өөр мэдээлэл хомс байгаа. Энэ хэрэг ингээд замхарчих вий дээ гэсэн айдас иргэдийн дунд бий?

-Цагдаагийн байгууллагаас “Terra ener¬gy” компанийг хариуцапчаар татаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь “Тийм хуулийн заалт байхгүй ” гэсэн. Тийм юм гэж юу байх вэ дээ “Та нар шалгахыг хүсэхгүй байна” гэсэн байр сууринаас бид хандаж байгаа. Үүнд л гомдолтой байна. “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр согтуу жолооч осол гаргасан. “Terra energy” компанийн орон нутгийн захирлууд ч архи дарс уудаг гэх юм билээ.

-”Terra energy” компанийн зүгээс Б.Алтангэрэлийг ажилтнаа гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ?
-Энэ компани нь туслан гүйцэтгэгч “Поларис” компанийн ажилтан гээд байгаа. Гэтэл “Поларис” нь дахиад өөр компанийг хэлсэн. Хэдэн компани дамжсан нь хамаагүй “Terra energy” компани тухайн нутаг дэвсгэрт хайгуул хийж байхдаа хотоос ажилтан дуудсан. Саяхан Олон улсын хүний эрхийн бага хуралд суугаад сонсч байхад туслан гүйцэтгэгч компанийнхаа ажилтны алдаа оноог хүлээдэг хэмээн Оюутолгой компанийнхан хэлж байсан.

Гэтэл “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ” гэдэг шиг “Terra energy” хайгуул хийгээгүй бол тэр хүн тухайн газарт очихгүй байх байсан. Бид нарын бодож байгаагаар “Terra energy” л бурууг хүлээх ёстой. Тэгж л тэмцэж байна. Үнэхээр тэр хүнийг ажиллуулахгүй болчихсон байсан бол архи дарс уулгахгүй, ажлын байран дээр нь байлгахгүй байх байсан.

Гэтэл машинаа өгч явуулчихаад архи уучихсан байхад нь манайд хамаагүй гэх нь утгагүй. Энэ байгууллага ажилтнаа хүртэл сонгон авч чадахгүй байна шүүдээ.

-Хүний амь хөнөөсөн сэжигтэн хоригдож байгаа юу?

-Хоригдож байгаа. Тэр хүн өндөр настай ээжтэйгээ хамт байдаг гэсэн. Ээж нь “Бид нартай ирж уулзахаас айж байна’’ гээд хэн ч уулзаагүй. Компанийн зүгээс ч хүн ирж уулзаагүй. Хэргийг хурдан шийдүүлэхийн тулд нэмж өмгөөлөгч авна. Тэгэхгүй бол баахан өнчин хүүхдүүд хохироод л үлдэх юм шиг байна.

-Бага насны хүүхдүүд өнчирч үлдсэн. Тэд ямаршуу байдалтай байна вэ. Мэдээж маш хэцүү байгаа байх?

-Хүүхдүүд нь бэтгэрчихсэн ээжийгээ хүлээгээд унтаж ч чадахгүй байгаа. Хамгийн бага нь таван настай “Ээж хэзээ ирэх юм бэ” гээд асуудаг. Нас барсан гэж ойлгож чадахгүй байна. Томчууд нь цаагуураа шаналаад л байж байна. Нөхөр нь сэтгэл санаагаар унаад хэцүү л юм. Хүүхдүүд нь хичээл номондоо муудаад “Ээжийгээ ихэхээр хичээлээ хийнэ” “Ээж хот явчихсан ирнэ” гэдэг. Бүгд л бэтгэрчихсэн. Ер нь хэцүү байгаа даа.

-Талийгаачийн охин танайд амьдардаг уу. Хотод сургуульд орчихсон гэл үү?

-“Шинэ монгол” сургуульд орсон. Сургуулийн хамт олон их дэмжиж тусалдаг. Энэ дашрамд хэлэхэд, “Шинэ монгол” сургуулийн Галаа захиралд ах дүү нарынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье. Ажил явдал болсоноос хойш бидэнд тусалж охиныг сургуульд оруулсан. Хичээлийн төлбөрийг нь 50 хувь хөнгөлөхөөр болсон. Бидэнд хамгийн түрүүнд гараа сунгаж тусалсан хүн бол Галаа захирал байгаа юм.

-Ухаан суучихсан том охинд энэ хэрэг аймшигтай санагдаж байгаа. Гэхдээ өөр сургууль, шинэ орчинд орохоор түр зуур ч гэсэн мартаж байгаа байх?

-Юмны учир мэдэж байгаа том хүүхэд хэцүү л байгаа. Дүү, ээж нь байхгүй болохоор. Ээжийнх нь сүүлийн хүсэл “Сайн сургуульд сурч сайн хүн болоорой” гэсэн. Тэрийг нь л биелүүлэх бодолтой байгаа.

-Осол гарах үед охин хаана байсан юм бэ?

-Хотод байсан.

-Осол болсноос хойш талийгаачийн нөхөр шокийн байдалтай байгаа. Саяхан эмнэлэгт хэвтсэн сурагтай байсан. Бие нь гайгүй юу?

-Нуруу нь өвдөөд явж чадахгүй, дээрээс нь даралт ихсээд эмнэлэгт хэвтсэн. Даралт нь 200-гаас дээшээ гарчихаад байнга эмчилгээ хийлгэж байгаа. Эхнэр хүүхдээ алдсан хүн яаж олигтой байх вэ дээ. Тэд маань байнга л хамт явж байдаг салдаггүй хүмүүс байсан. Гэтэл одоо охиноос нь өөр хүн алга.

-Энэ хэргийг үнэн зөв шийдүүлэхийн тулд хаана, хандсан бэ. Хүний эрхийн байгууллагуудад хандаж үзсэн үү?

-Хүний эрхийн комиссын дарга н.Бямбадорж гуайтай уулзсан. Тэгэхэд “Энэ бол хариуцлагагүй уурхай, энэ өнчин хүүхдүүдээс төр ч гэсэн уучлалт гуйх ёстой” гэж хэлсэн. Энэ үед нэг ч гэлээ төрийн албан тушаалтан ингэж бодож яваад баярлаж байлаа. Түүнчлэн олон газарт өргөдөл гаргасан. Хууль зүйн яам, Прокурорын газар, аймаг орон нутгаас сонгогдсон хоёр гишүүнд ч өргөдөл өгсөн. Шалгаж байгаа гэсэн хариу өгдөг.

-Осол гаргасан Б.Алтангэрэл гэгч хэд хоногийн өмнөөс л архи ууж, айлуудаар хэсч байсан гэх мэдээлэл бий?

-Хоёр, гурав хоногийн өмнө архи уугаад явсан сурагтай байдаг.

-Хэргийн нотлох баримт болсон гэр, эвдэрхий машиныг яасан бол?

-Олон айл өрх нутагладаг газар болохоор яаж тийм зүйлийг ил байлгаад байх вэ. Ламаас асууж байгаад булаад янзалчихсан. Цагдаа нар нотлох баримт болгож зураг авсан. Бид нарт зураг авах сөхөө ч байгаагүй. Нотлох баримтаар баталгаажуулсан байх аа.

-Хэрэг гарсан даруйд янз бүрийн мэдээлэл цацагдаж байсан. Аймгийн Засаг дарга болон орон нутгийн удирдлагуудаас эмгэнэл илэрхийлсэн үү. Бидэнд ирсэн мэдээллээр удирдлагаас хэн нь ч уулзаагүй гэх юм билээ?

-Сонгуульдаа л улайраад байхаас биш хүний амь нас тэдэнд хамаагүй. Аймгийн Засаг даргад дөрвөн хүний амь үрэгдчихлээ гэхэд “Та нар дуугүй бай. Битгий гашуудсан юм яриад бай. Би энд ажлынхаа тайланг тавьж байна” гээд загнасан гэсэн. Засаг даргын дөрвөн жилийн тайлангийн хурал болдог. Энэ үеэр нь нутгийн иргэд “Малчин айлын хүмүүсийг дайраад алчихлаа” гэж хэлэхэд загнаад зайл гэж хөөсөн байгаа юм.

Ингэж болохгүй биз дээ. Иргэд нь амь насаа алдчихаад байхад. Нэг удаа ч болов яаж байна гэж асууж байгаагүй хэрнээ “Та нар битгий муу муухай юм яриад бай” гээд загнаж байдаг. Яагаад энэ хэрэгт анхаарал тавьж болдоггүй юм. Орон нутгийн иргэд нь үхчихээд байхад тэр хүнд албан тушаал сайхан юм шиг байна лээ.

-Талийгаачдыг нутаглуулахад мөнгөн тусламж үзүүлээгүй гэл үү?

-Ганц жолоочид хэргээ тохох санаатай байгаа. Тэр жолооч тухайн компанид ажилладаггүй байсан бол Өмнөговьд юу хийж явах вэ. Ямар ч танилгүй хотын хүн. Талийгаачдын үр хүүхэд, нөхрүүд нь л хэцүү байна даа. Манай талийгаачийн нөхөр гэртээ орж чадахгүй байдалтай байгаа. Осол болсны дараа сумын Засаг дарга оршуулгын зардал гээд дөрвөн сая төгрөг өгсөн.

Дөрвөн хүний амийг нэг, нэг сая төгрөгөөр үнэлж байгаа юм уу.хаашаа юм. Тэгсэн чинь саяхан нөгөө дөрвөн сая төгрөгөө буцаагаад авчихсан гэсэн. “Бид нар дөрвөн сая төгрөгийг чинь авахгүй. Энэ байтугай мөнгө нэхэмжилнэ” гэж байсан юм. Тэгэхээр нь очоод авчихсан юм байлгүй. Тэгснээ нэг сая төгрөгийг нь сонгуульдаа хэрэглээрэй гээд буцаагаад өгсөн сурагтай байсан. Энэ хүмүүст албан тушаал нэр хүнд хамаатай. Харин хүний амь нас хамаагүй.

-Бусад хүмүүсийн хувьд ямар байдалтай байна вэ?

-Нэг нь сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон. Хотод ирж эмчилгээ хийлгэх гэхээр мал, гэр ахуйг нь нь харах хүнгүйдээд. Аймагтаа л эмчилгээ хийлгэж байна. Тэр гэрээс яаж гурван хүн сугарч гарсан юм бүү мэд. Хэлэхэд ч аймаар санагдаж байна. Осол гаргасан хүн 150 км цагийн хурдтай явсан байх. Яах ийхийн зуургүй ирээд л дайрсан гэсэн. Монголчууд хэлдэг шүү дээ.

“Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдрахсан” гэж. Тэгвэл хаана гэрээ барих ёстой юм бэ. Зам дээр гэр бариагүй. Замаас км зайтай газарт байсан. Ер нь манай нутагт лиценз нэрээр нутгийн иргэдийг хөөж туух, шахан зайлуулж байгаа. Амьдрах эрхгүйгээс гадна амьд явах баталгаагүй болчихжээ. Лиценз нэрээр газар нутгаа худалдана дээр нь нэр төрөө худалдаад байна шүү дээ.

Хөөрхий ядуу хөдөөний ард түмнийг элэг барьж байгаа юм уу. Бид нарыг хэвлэл мэдээлээр яриа өгөхөөр сүүлд нь Н.Цог дарга “Эмгэнэл илэрхийлж байна” гэсэн. Албан ёсоор хэн ч уучлалт гуйгаагүй. Харин ч оршуулгын зардалд өгсөн мөнгөө буцаагаад авч Засаг даргадаа нэг саяыг нь өгсөн сураг дуулдсан.

-Талийгаач нутаг усандаа нэртэй их хөдөлмөрч хүн байсан гэсэн?

-Дүү минь их хөдөлгөөнтэй нутаг усандаа нөхөрлөл байгуулаад малчдаа яаж орлоготой болгох вэ, нүүдэлчин соёл иргэншлийг нь авч үлдэх вэ гээд сургалт явуулдаг байсан. Шинэ Зеландын малчдын төсөлд ажилладаг байсан. Удахгүй дүүгийнхээ тухай кино хийх бодолтой байгаа. Амьдралын төлөө шаргуу тэмцдэг хүн байсан даа. Хамтарч ажилладаг хүмүүс бүгд эмгэнэл илэрхийлж охинд нь туслана гэсэн.

А.Лхагва
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих