”Барилгын норм, дүрмээрээ ажиллабал хүндрэлтэй нөхцөл үүсэхгүй”
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны аргачилсан заавар, барилгын норм, дүрэм, аюулгүй ажиллагаа, стандартын талаар барилгын ажил эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр хамгааллын инженерүүдийн хамтарсан сургалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Г.Цэрмаатай ярилцлаа.
-Барилгын аюулгүй ажиллагаа, норм дүрмийн талаар сургалт зохион байгууллаа. Тодруулбал?
-Энэ удаад яг норм дүрэм, норматив, тооцоо, санамж өгөх байдлаар сургалтыг зохион байгууллаа. Мөн аравдугаар сарын 24-нд 14:00 цагаас тодорхой нэг объектын сонголт хийгээд талбайн зохион байгуулалт, норм дүрмийн дагуу ажиллана.
-Ямар компаниуд оролцох вэ?
-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 335 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажилладаг. Үүнээс комисст өгөөд ашиглалтад оруулчихсан нэлээд хэдэн барилга бий. Одоо барилгын талбай дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд оролцоно. Мөн аж ахуйн нэгжийн хөдөлмөр хамгааллын инженерүүд оролцоно.
-Хичнээн аж ахуйн нэг-жид нийслэлээс хөрөнгө оруулалт хийж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 335 аж ахуйн нэгжтэй 944 байршил талбайд 22,7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна.
-Хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд танай байгууллагын зүгээс ямар хяналт тавьж ажилладаг вэ?
-Хяналтын инженерийн хувьд бидний ажилд үүрэг зорилго гэж байдаг. Үүнийхээ дагуу бид тухайн барилгын ажлыг хянах явцдаа аюулгүй ажиллагааны анхан шатны зөвлөгөө шаардлага байнга өгч ажилладаг. Өмнөх жилүүдэд манай газар тухайн барилгын байршил дээр талбайн зохион байгуулалт зөв зүйтэй явуулж байгаа аж ахуйн нэгжүүд дээр бусад гүйцэтгэгч нараа урьж оролцуулан үзүүлэх сургуулилт зохион байгуулдаг байсан.
-Барилгын норм, дүрмээр ажиллаагүйгээс болж сүүлийн үед барилгын осол их гарсан. Цаашид ийм байдал гарахгүй гэх баталгаа бий юу?
-Өнөөдөр нийслэлд газар олголтын байдал үнэхээр хүнд байна. Хот шигүү болсон. Ямар нэгэн барилга барья гэхэд орчны тохижилт, талбайн зай байхгүй байна. Үүнээс болоод талбайн зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаар зохион байгуулалт авахад хүндрэлтэй байна. Тэглээ гээд бид нар тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэд, хөдөлмөрчдөд эрсдэл үүсгэж болохгүй. Барилгын олгогдсон талбайд дүрэм журмаа бариад ажиллах юм бол хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхгүй.
-Нийслэлээс хөрөнгө мөнгө авчихаад ажлаа хийхгүй, гэрээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Гэрээгээ зөрчиж, ажлаа хаяж явсан компаниуд бол байхгүй. Жижиг хэмжээний зөрчлүүд гаргадаг. Тэдгээрт зөвлөгөө өгөөд ярилцаад газар дээр нь шийдвэрлээд явдаг. Тухайн үед нь хяналт тавиад зохицуулчихдаг. Гэрээний хугацаа хоцрох тохиолдол бол гарна. Харин гэрээ дүгнэх хуралдаанаар гэрээний хугацаа хоцрох зөрчил шалтгаан юу байв гэдгийг тогтоодог. Энэ нь газрын маргаан, техникийн нөхцлүүд дээр хүндрэлтэй асуудлууд гардаг.
Үнэхээр аж ахуйн нэгж хариуцлага алдсан тохиолдолд гэрээний нөхцлийн үнийн дүнгийн 0.05 хувиар хоногийн торгууль тогтооно гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар ноцтой байдал үүсгээгүй, ажлаа хаяад явчихсан аж ахуйн нэгжүүд манайтай хамтарч ажиллаагүй байгаа. Санхүүжилтээ тухайн компанийг ажлаа эхлээгүй байхад нь өгдөггүй. Тэднийг ажлаа хийлгэж байгаад санхүүжилтээ өгдөг учраас мөнгөө аваад ажлаа хаяад явчихсан аж ахуйн нэгж одоохондоо алга.
Ж.Марал
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: