Энэ сарын 30-ны дотор бүртгүүлбэл аравдугаар сарын хүүхдийн мөнгөө авах боломжтой

Халамжийн бодлогыг цэгцэлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх үүднээс 0-18 насны хүүхдүүдэд олгох 20 мянган төгрөгийг аравдугаар сараас олгохоор болсон. Үүний дагуу аравдугаар сарын 12-ноос өмнө бүртгүүлсэн хүүхдийн энэ сарын мөнгийг олгох, энэ хугацаанаас өмнө бүртгүүлж амжаагүй бол хүүхдийн мөнгийг нь арваннэгдүгээр сараас эхлэн өгнө гэж байсан.

 

Үүний дагуу эцэг, эхчүүдийн олонх нь 12-ноос өмнө бүртгүүлсэн бөгөөд эдгээр хүүхдийн мөнгө дансандаа орчихоод байгаа аж. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүүхдийн мөнгө олголттой танилцсан бөгөөд Хадгаламж банкны төв салбар дээр очсон юм. Энэ үеэр хүүхдийн мөнгө авч буй эцэг эхчүүдтэй  уулзаж ярилцаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн халамж, үйлчилгээний газрын мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцсон.

 

Улсын хэмжээнд 978 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах ёстойгоос 851 мянган хүүхэд бүртгүүлсэн байна. Үүнээс 40 гаруй мянган хүүхдийн бүрдүүлэх материал зөрчилтэй байгаа аж. Одоогоор 744 мянган хүүхдийн нэрийн данс баталгаажиж, мөнгө дансанд нь оржээ. Энэ удаагийн хүүхдийн мөнгө олголт өмнөхөөсөө ямар давуу талтай болсныг Ерөнхий сайд сонирхож байв.

 

Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлэхдээ “Хүүхдийн мөнгийг авахын тулд банкны аль нэг салбар дээр очиж өргөдлийн маягт бөглөж өгснөөр хүүхдийнх нь нэр дээр данс нээж байна. Үүнээс өөр зүйлийг эцэг, эхчүүдээс шаардахгүй. Өмнөх хүүхдийн мөнгийг олгохдоо хүүхдийн мөнгөний дэвтэр тарааж, эцэг эхчүүд хороо, халамжаас лавлагаа авдаг байсан.

 

Мөн арилжааны банкуудтай гэрээ хийж аль нэг салбараар нь хүүхдийн мөнгөө олгосноор маш их дараалал үүсч, иргэд бухимдаж, цаг алддаг байсан. Одоо бол иймэрхүү чирэгдэл үүсэхгүй. Сүүлийн үеийн мэдээгээр эцэг, эхчүүдийн ихэнх нь шууд бэлэн мөнгө авахгүйгээр хүүхдийнхээ хадгаламжийн данс руу шилжүүлж байна. Энэ нь хүүхэддээ мөнгөн хуримтлал бий болгох сонирхолтой иргэд олон байгааг харуулж байна” гэсэн юм.

Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу аравдугаар сар дотроо багтааж нэрийн данс нээлгэсэн хүүхдийн мөнгө энэ сардаа багтаж орох бол үүнээс хойш нээлгэсэн хүмүүсийнх арваннэгдүгэр сараас хойш тооцогдох аж. Өөрөөр хэлбэл, энэ сарын 12-ноос өмнө бүртгүүлсэн хүүхдийн мөнгө энэ сард дансанд нь орох бол 30-ны дотор бүртгүүлсэн нь энэ сарын мөнгөө арваннэгдүгээр сарынхтай хамт авах юм байна.

 

Харин 30-наас хойш бүртгүүлсэн иргэдийн 10-р сарын мөнгийг нөхөн олгохгүй аж. Энэ бол эцэг, эхчүүдийн хүүхдийнхээ өмнө хүлээж байгаа нийгмийн хариуцлагын асуудал гэдгийг албаныхан онцолж байв. Хүүхдийн мөнгөнөөс нас барсан хүүхэд хасагдаж, шинээр төрсөн хүүхэд нэмэгдэхээс гадна 18 нас хүрсэн тохиолдолд бүртгэлээс шууд хасагдах юм байна.

Хүүхдийн мөнгийг олгох ажилд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хяналт тавьж байгаа бол УБЕГ-тай хамтарч ажиллаж байгаа аж. Мөн Монголбанк, арилжааны банкууд ихээхэн дэмжлэг үзүүлж байгааг хэлсэн. Арилжааны банкууд хүүхдийн мөнгөнөөс шимтгэл авахгүй байгаа юм. Ганцхан тохиолдолд буюу автомат машинаас мөнгө авахад шимтгэл тооцогдоно.

Монголбанк “Т карт” хэмээх брэнд карт гаргаж байгаа аж. Үүний хүрээнд хүүхдийн мөнгөний картыг ирэх сараас эхлэн олгох юм байна. Энэхүү картыг ашиглан архи, тамхинаас бусад бүх төрлийн гүйлгээ, худалдааг хийх боломжтой гэлээ.

аравдугаар сарын 12-ноос өмнө бүртгүүлсэн 744 мянган хүүхдийн мөнгө дансанд нь орсон. Үүнээс Хадгаламж банкны хувьд 454 мянган хүүхдийн дансанд мөнгө орсон бөгөөд энэ нь нийт хүүхдийн 50 гаруй хувь болж байгаа аж. Тиймээс хүүхдийн мөнгө олголтын бэлтгэл болон гарч буй зөрчлийн талаар Хадгаламж банкны гүйцэтгэх захирал С.Сүхболдоос тодрууллаа.

-Хүүхдийн мөнгө олгох ажлын бэлтгэл ямар байна. Энэ сарын 12-ноос өмнө бүртгүүлсэн хүүхдийн мөнгө дансанд нь орчихоод байгаа. Өгөх бэлтгэл хэр хангагдаж  байна вэ?

-Бидний хувьд хүүхдийн мөнгө олгоход ямар нэгэн саад бэрхшээл байхгүй. Яагаад гэвэл манайд өмнө нь хүүхдийн хувь хишиг өгч байсан данс байгаа. Хүүхдийн мөнгө авах ёстой 970 орчим мянган хүүхдийн бэлэн данс байгаа учраас шинээр нээх шаардлагагүй. Тиймээс манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн дансны дугаарыг нь тавиад Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар руу явуулж байгаа.

Түүнчлэн манай банк сардаа Хүний хөгжил сангийн 50-иад тэрбум төгрөг тараадаг байсан. Энэ сараас эхлээд хүүхдийн мөнгөний ес гаруй тэрбум төгрөг орж ирж байна. Мөн 36 орчим тэрбум төгрөг манай АТМ болон кассанд бэлэн байдаг. Тэгэхээр энэхүү есөн тэрбум төгрөгийг хоёр, гурван хоногт л тараана. Манайх 3100 ажилтантай. Үүний 2010 нь теллерүүд байдаг. Эдгээр теллер аль ч салбарт бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа болохоор хүүхдийн мөнгийг тараахад ямар нэгэн чирэгдэл гарахгүй.

 
-Хүүхдийн мөнгийг яаж авах вэ. Эцэг, эхчүүд хүүх­дийнхээ мөнгийг ямар хэл­бэрээр голчлон авч байна вэ?

-Хүүхдийн мөнгийг цахим карт руу шилжүүлсэнээр бан­кинд дугаарлах шаард­лагагүй болж байгаа нь ажлыг их хөнгөвчилж байна. Цахим технологи ашигласнаар эцэг эхчүүд, иргэдийн хувьд маш их хөнгөлттэй байгаа. Эцэг, эхчүүд хүүхдийн мөнгийг гурван хэлбэрээр авч байна. Үүний нэг нь бэлнээр авах. АТМ байхгүй зарим орон нутаг, сумдын иргэд, аймгийн төв, хотын гэр хорооллын бэлнээр аваад сурчихсан хүмүүс голчлон мөнгөө бэлнээр авч байна.

Харин хотод бүртгэгдсэн хүүхдүүдийн 30 гаруй хувь нь аль нэг банкны карттай бөгөөд үүнд хүүхдийн мөнгө орсноор АТМ, дэлгүүр зэрэгт гүйлгээ хийж байгаа. 10 гаруй хувь нь хүүхдийнхээ нэр дээр хуримтлалын данс үүсгэж байна. Банк болгон дээр хүүхдийн хадгаламжийн данс байдаг учраас шууд шилжүүлэх боломжтой.
…Хүүхдийн мөнгө авахаар бүртгүүлж байгаа иргэдийн ихэнх нь цахим үнэмлэхгүй байгаа зөрчил илэрч байгаа аж. Тиймээс эцэг, эхчүүд, эсвэл асран хамгаалагч нь хүүхдийнхээ төрсний гэрчил­гээ болон өөрсдийн бичиг баримт буюу заавал цахим үнэмлэхтэйгээ ирж хүүхдийн мөнгөний өргөдлийн маягтыг бөглөх хэрэгтэй гэдгийг анхааруулж байв. Ингэхдээ хүүхдийн мөнгөө ямар хэлбэрээр авахаа сонгох аж. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны иргэн Ж.Уртнасан хүүхдийнхээ сургууль, боловсролд нь нэмэр болгох зорилгоор хүүхдийн мөнгөө хадгалуулж байгаагаа хэлж байсан.
М.Ариунсувд

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих