Монголын Торнадо

Жараад оны эхэн үеэс далаад оны дунд үед Хэнтийгээр овоглосон авьяаслаг яруу найрагч, нэрт орчуулагч Ш.Цэдэнгомбо Монголын утга зохиолын талбарт ёстой л од мэт гэрэлтээд төд удалгүй сураг алдарсан байдаг. Энэ яруу найрагчийн шүлгийн мөр, бүр бүхэл бүтэн бадаг манай нэрд гарсан яруу найрагчдын онцлох уран бүтээлд яг тэр чигээрээ тууж явсныг хожим илрүүлж, шуугиан тарьж байсан баримт ч бий.

 

Ямартай ч яруу найрагч Ш.Цэдэнгомбо хэмээх эрхэм авьяас билгээр халгиж цалгиж, омог бардам амьдрахдаа газарт буусан тэнгэрийн хишиг л байж. Яруу найраг бол онгод, мэдрэмжээр бичигддэг, зарим тохиолдолд зөн билгийн чанарыг агуулсан бүтээлүүд байдаг. Алдарт зөнч Ностардаумсын зуун зууныг дамжсан зөнч гэрээслэл, таамаглалууд шүлэглэсэн байдгаар үүнийг түвэггүй нотолж болно.

 
Яруу найрагчийн уран бүтээлд өөрсдийн амьдралын төгсгөлийг зөгнөж ч гэх юм уу, урьдчилан харж, таамаглан бичсэн нь батлагдсан тохиолдол элбэг тааралддаг. Энд өгүүлэн буй яруу найрагч нэгэнтээ “Тэрслүүд шүлэгч Цэдэнгомбыг тэнгэр ганцхан дийлнэ” хэмээн бичсэн байдаг бөгөөд түүнийг өвчин бус үнэхээр л тэнгэр авч одсон сонин тохиолдол бий.

 

Яруу найрагч Ш.Цэдэнгомбын уран бүтээл амьдран буй нийгэм, цаг үе, үзэл сурталтайгаа зөрчилдөж, хавчигдан гадуурхагдаж байсан нь үнэн. Тиймээс ч өөрийгөө тэрслүүд шүлэгч хэмээн тодотгосон биз ээ. Монгол улсын гавьяат жүжигчин, “Чингэс” хаан хамтлагийн нэрт дуучин Д.Жаргалсайхан нэгэн гунигт түүхийг ярьсан бөгөөд энэ нь дээрх нэрт яруу найрагчийн үхлийг тодруулахад баримт болох учиртай юм.

-Нутгийн ax Цэдэнгомбыг дагаж би Зохиолчдын хорооны хаалгаар орж, гарч явсан юм. Цэдэнгомбо ах тэр өдөр айлд сууж байснаа “За, шуурга эхэллээ. Машинд орж сууя” гээд хоёр хүүхдээ дагуулаад гарсан байдаг. Тэгээд л гэрээс гарч машинд суусан, Зил-130 машин нь ачаа юутай хээтэйгээ 30- 40 метр дээшээ хөөрсөн гээд бод доо. Би тэр өдрийн аймшгийн хагасыг нүдээрээ харсан гэрч.

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Арбулаг гэдэг газар би өвөөгийндөө оччихсон байсан үе. Салхи манай урдахнуур зурваслан өнгөрөхөд тэнгэрт хар, цагаан хоёр үүл хоёр луу ноцолдож байгаа мэт дээр дороо орж, завсраас нь гал маналзаж байгаа мэт харагдсаныг тод санадаг. Ш.Цэдэнгомбо ах маань байгалийн онцгой аймшигт үзэгдэлд өртчихсөн юм, цогцос нь бүтэн олдоогүй.

 

Миний бодлоор бол халуун хүйтэн, хасах нэмэх цэнэгийн орчил дахь зурвас олон хүний амийг авч одсон. Дээр үед наймын үнэртэй ус гэж нэг тийм бажгар шилэн савтай ус байсан даа, яг тийм том мөндөр асгарсан. Хөмрөөтэй ширмэн тогоо хагарах юу ч биш. 1974 оны зун цаг шүү дээ.Салхины яг замд нь нэг агент айл таараад, гэрт байсан хайрцагтай чихэр нь дээш хөөрч задран тарж, бууны сум шиг хурдатгал аваад мал, үхрийн хүзүүнд очоод шигдчихсэн байсан гэвэл үнэмшихэд бэрхтэй биз  ээ.

 

Утасны буюу шонгийн мод газраас сугарч хэд хугарч, хугархайнууд нь буцаад газарт зоогдчихсон байсан гэдэг. Агаарт маш их юм авсан тэр хар салхи тээсэн юмнуудаа Биндэрийн нутагт орших нэг нууранд хаясан гэж сонссон. Нүдээр харсан хүмүүс ярих нээ, гэр байшингийн мод, тэрэгний дугуй, зэл, гадас… тэр байтугай агентын хуулиастай торго хүртэл газарт зоогдчихсон байсан гэдэг.

 

Яг энэ аймшигт үзэгдэлд Ш.Цэдэнгомбо ахаас гадна 30-аад хүн амиа алдсан байдаг. Засгийн газраас комисс гарч амь үрэгдэгсдийн    цогцсыг Биндэрт нутаглуулсан. Урьд хожид үзэгдээгүй байгалийн онц аюултай энэ үзэгдэл XX зууны Монголын “торнадо” байсан юм шүү гэж гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ярьсан юм.
“ Монголын Зохиолчдын намтрын лавлах бичиг’’-т Ш.Цэдэнгомбын зураг, намтар сэлт ороогүйг бодоход тэр үнэхээр л цаг үедээ тэрсэлдэж явсан найрагч ажгуу. Өөрийнх нь бичсэнчлэн тэрслүүд шүлэгч Цэдэнгомбыг тэнгэр ганцхан дийлнэ гэсэн нь ёсоор болж, 1974 онд Хэнтий аймагт тохиолдсон байгалийн онц аюултай үзэгдлийн үеэр тэнгэр түүнийг таалчихжээ.
П.Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо”


URL:

Сэтгэгдэл бичих