Өвөрхангай аймагт 11 ашиглалтын лицензтэй орд газар байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү нар 2012 оны 10-р сарын 13-15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллаж Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Ажлын хэсэгт Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний холбогдох ажилтнууд багтсан юм. Урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 7-р сард батлагдсанаас хойш 3 жил өнгөрсөн ч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар УИХ-ын дарга болон Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны нэр дээр иргэдээс ирсэн мэдээллийн мөрөөр ажлын хэсгийнхэн хяналт тавьж ажилласан юм. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг үйл ажиллагаа явуулж байгаа “Онолт мөнх”, “Гео гоулд” компаниудын ажлын талбай нь Буянт, Цагаан голын эхэнд байгаа боловч хуульд заасан голын урсац бүрэлдэх эх газрын кординатад багтаагүй байсныг тогтоож дээрх компаниудын үйл ажиллагааг зогсоолоо.
Хэдийгээр эдгээр компаниуд тусгай зөвшөөрөл, бичиг баримтын зөрчилгүй ч хуульд заасан хориглолт, хамгаалалтын бүсэд багтах ёстой энэ газрыг кадастарт хамруулаагүй эрх бүхий төрийн байгууллагын ажилтнуудад арга хэмжээ авах, санаачлагагүй ажилласан орон нутгийн удирдлагад анхааруулах талаар холбогдох байгууллагад үүрэг болголоо. Ер нь хамгаалалтын бүсийг тогтоохдоо нутгийн иргэдийн саналыг авч нэг ч гол горхийг орхигдуулалгүй бүртгэх ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг онцлож байсан юм. Нутгийн иргэд урсаж байсан голын гольдролыг өөрчилж ундны усны эхэнд алт угаах ажлыг ийнхүү зогсоож байгаад баяртай байсан юм. Өвөрхангай аймгийн Уянга сум алтны баялаг ордуудаараа алдартай. Үүнтэй зэрэгцэн гар аргаар алт олборлогчид ихтэй, тэдний ухаж сүйтгэсэн газар олон. Уянга сумын төвөөс ердөө 3 км-т орших Лам толгой хэмээх газар гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаанаас эвдэрсэн 2,8 га талбайд “Байгаль хамгаалах орон нутгийн хөгжил” ТББ биологийн нөхөн сэрээлтийг амжилттай хийж байгаатай УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн танилцлаа. Энэхүү ТББ нутгийн иргэдийн санаачлагаар байгуулагдаж эвдэрч сүйдсэн газар нутгаа нөхөн сэргээх, унаган төрхөнд нь оруулах ажлыг хийдэг байна. Тэд энэ жил гар аргаар алт олборлогсдын үлдээсэн 0,5-8 метрийн гүнтэй 3075 нүхийг булж цангис, царгас, ерхөг, согоо бор тариалсан байна. “Алтны төлөө газар хөндсөн хүрз, шанаганы мөр бүхнийг бид нөхөн сэргээж байгалийн унаган төрхөнд нь оруулах ёстой.
Та бүхний энэ ажил сайн эхлэлийг тавьсан байна” хэмээн УИХ-ын гишүүд үнэлсэн юм. АНУ-ын Азийн сангийн дэмжлэг 86 сая төгрөгөөр нутгийн иргэд энэхүү нөхөн сэргээлтийг хийсэн байна. Энэ ажилд Уянга сумын 45 иргэн оролцжээ. “Байгаль хамгаалал, орон нутгийн хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Дорж “ Нутгийн иргэд бид уул уурхай компаниудыг ч яг үүн шиг нөхөн сэргээлтийг хийхийг шаардах болно. Үүний тулд бид жишиг тогтоохын төлөө ажиллаж байна” хэмээсэн юм. Уянга сумын нутагт байрлах Өлтийн алтны уурхай гар аргаар алт олборлогсдоороо алдартай байсан цаг саяхан. Хэдхэн жилийн өмнө Өлтийн алтны уурхайд хорь орчим мянган гар аргаар алт олборлогчид ажиллаж байгаль орчныг сүйтгэж нийгмийн сөрөг үзэгдлүүд гаарч байсан. Харин өнөөдөр 400 гаруй гар аргаар алт олборлогчид байнга ажиллаж байна. Энд “Эрэл” компани анх олборлолт явуулж байсан бол өнөөдөр уурхайг “АУМ” ХХК эзэмшиж 35 компанитай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажиллаж байгаа гэх боловч хууль зөрчин олборлолт явуулж байсан юм. Аймгийн ИТХ-аас тогтоол гарган уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийлгэхээр “АУМ” ХХК-д эрх олгон гэрээ байгуулсан байна.
“АУМ” ХХК компаний ашиглалтын талбайд 415 га газар хөндөгдөн эвдэрсэнээс 200 гаруй га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийсэн хэмээн тус компаний захирал Ц.Мягмардорж танилцуулж байсан ч гэрээт компаниуд нөхөн сэргээлт биш харин олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан юм. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тодорхой олборлолт хийгээд тогтсон хугацаанд гэрээ байгуулан нөхөн сэргээлтийн ажлыг хийх саналтай байгаагаа илэрхийлсэн ч ажлын хэсгийн ахлагч “Хэрэв энэ талбай Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуульд хамрагдсан бол үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Төрийн хуулийг чанд сахих ёстой” хэмээн мэдэгдсэн юм. Өвөрхангай аймагт өнөөдөр 11 ашиглалтын лицензтэй орд байгаа юм байна. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд нөхөн сэргээлтийн ажлаа хийдэггүй биш зарим үлгэр жишээ болох хариуцлагатай компаниуд ч байгаатай танилцлаа.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Зүүн Сөдөтийн аманд байрлах Гацуурт компаний уурхай олборлолтоо дуусаад нөхөн сэргээлтийг ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй хийж байгаа юм байна. тус компани 2001 оноос эхлэн нөхөн сэргээлтийн ажлыг тасралтгүй хийж байгаа бөгөөд нийт 11,2 тэрбум төгрөгийг нөхөн сэргээлтэд зарцуулжээ. Сөдөтийн уурхайн захирал Л.Батмөнх “Нөхөн сэргээлтийг ашиглалтаа дагаж хийж явах ёстой. Энэ бол нэг жил хийгээд болдог ажил биш. Ургахгүй байгаа талбайдаа гар арчилгаа хийж олон наст ургамлын үр цацах зэрэг байнгын үйлчилгээ шаардлагатай.
Бид энэ талбайд 260 гаруй мянган мод тарьсан. 80 хувийн ургалттай байгаа. Нөхөн сэргээлтийг хийгээд хүлээгээд авсны дараа орон нутаг сайн хамгаалалтад авах ёстой” гэсэн юм. УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “ Уул уурхайн компаниуд үлгэр жишээ нөхөн сэргээлтийг хийх ёстой. Эргээд энэ экосистемд ургаж байсан тэр ургамлууд ургах ёстой. Гацуурт компаний нөхөн сэргээлтийн ажлыг нүдээр харахад сайн болсон байна. Бид бусад уурхайгаас ч бас яг ийм л ажлыг хүсч байгаа. Монгол улсын хууль бүгдэд ижил тэгш үйлчилж бүгд мөрдөх ёстой. Зарим компани нөхөн сэргээлт хийдэг зарим нь хуулийн гадна үлддэг байж таарахгүй” гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Уул уурхайн компаниудад зэрэглэл тогтоож цаашдын уул уурхайн бодлогоо урт хугацаанд тодорхойлох цаг болсон байна. Жишээ нь сайн нөхөн сэргээлт хийсэн байгаа Гацуурт болон бусад компаниудын ажилд гадны экспертийн дүгнэлтийг гаргуулан дэлхийн жишигт хаана яваа гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Ингэж ангилснаар нөхөн сэргээлтээ сайн хийдэг компаниудад давуу эрхийг олгож өрсөлдөөнийг бий болгоно гэсэн үг. Ер нь төр бизнесийг шахах, хянах гэхээсээ илүү дэмжих хамтран ажиллах, хамгийн гол нь ирээдүйд зөв ажиллах гарцыг нь олох тал руу анхаарах цаг болсон” гэж байсан юм.
УИХ-ын ажлын хэсэгт төрийн байгууллагын эрх бүхий байцаагч ажилтнууд багтаж газар дээр нь шуурхай арга хэмжээ авч байсан юм. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд орон нутаг, уул уурхайн компаниуд санаачлагатай ажиллаж, иргэдийг мэдээллээр хангах шаардлагатай байгаа нь энэ үеэр харагдаж байлаа. Ажлын хэсгээс Засгийн газрын тогтоолыг дахин хянаж, гол мөрөн, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох даалгаврыг холбогдох газарт өгөхөөр боллоо.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: