Сонин бас содон

Жагсаалын эргэн тойронд болсон сонин содон зүйлээс сонирхуулья.

Барьцав

Сонгуулийн үеэр Өвөрхангай аймагт нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар нь 168 сая төгрөг сонгогчдод тараасан талаар тус намын гишүүн Х.Хасбаатар олонд мэдээлж байв. Тухайн үед сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчдийн эсрэг боссон хэмээн намаасаа хөөсөн билээ. Харин дээрх хоёр нэр дэвшигчийг шалгуулахаар холбогдох газар нь өгсөн ч баримт нотолгоогүй гэх үндэслэлээр хаагдаж байв.

Ийн атал МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Ч. Төмөрхүү нарыг мөн бэлэн мөнгө тарааж, насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа ашигласан гэх үндэслэлээр тангараг өргүүлээгүй. Энэ хэрэг хуулийн шатаж явж байхад нь Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүй нь зохисгүй гэж МАН үзэв. Ингэхдээ МАН-ын нэр дэвшигчид мөнгө тараасан бол АН-ын нэр дэвшигчид ч хууль зөрчиж 168 сая төгрөг тараасан биз дээ хэмээн барьцав.

Үнэнч сэтгэл

СЕХ-ны шинэхэн дарга Ч.Содномцэрэн АН-аас УИХ-д нэр дэвшиж, бүр сайдын алба хашиж байсан нь сүүлийн үед ихээр хөндөгдөх болов. Учир нь мань хүн ажлаа аваад арав ч хоноогүй байхдаа С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэрийг эргүүлэн татаж, Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр МАН-ынхнаас нуугдан, УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Өмнөх дарга Н.Лувсанжав нь шахалт, дарамтад орж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөс аргагүй болсон гэх МАН-ынхны хардлагыг дээрх үйл явц гэрчилсэн гэж зарим нэг нь тодотгож байна. Ямартай ч, Ч.Содномцэрэн намдаа үнэнч гэдгээ дээрх үйлдлээрээ баталгаажуулж чадав бололтой.

Н.Алтанхуяг МАН-ынхнаас “зугтав”

“Ардчиллаа аваръяа” хөдөлгөөнөөс Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болсон юм. Н.Энхболд тэргүүтэй жагсагчид шаардлагаа Ерөнхий сайдад хүлээлгэж өгөх гэтэл хүлээн аваагүйгээр барахгүй хаалга үүдээ түгжиж өрөөндөө бүгжээ. Энэ үеэр хэвлэл мэдээллийнхэн их байсан тул аргагүй эрхэнд хаалгаа нээж шаардлагыг хүлээн авав. Үнэндээ ч ах намынхан шууд л гарт нь атгуулчихав.

Энэ үеэр Н.Алтанхуяг “Харин ч бид яахав гээд Увсын хоёр гишүүний чинь тангаргийг өргүүлсэн шүү” гэх үг унагасан нь олон хүнийг гайхшруулах нь тэр. Энэ талаар жагсагчид “Түүний хэлсэн үг хараат бус СЕХ-ны ажилд хамгийн их оролцдог хүн нь АН-ын дарга гэдгийг баталлаа” хэмээлээ. Чухамдаа энэ үйлдэл нь эсэргүүцлийн үндэс болж буйг ч дурьдаад амжлаа.

http://nud.mn/news/?p=4961


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих