Нохойгоор төлөөлүүлж улс төрийн амьдрал ямар байгааг харуулсан
Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуягтай утсаар ярилцлаа. Эрхэм найруулагч өнгөрсөн зун тайзны хоёр том бүтээл дээр ажиллахаар бэлтгэл ажилдаа орсон. Тиймээс шинэ бүтээл хэзээ үзэгчдэд хүрэхийг тодруулсан юм. Тэрбээр ойрын өдрүүдэд зав тун хомс, хот орох ч завгүй байгаагаа учирлаад утсаар ярилцах санал тавьсан юм.
-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу та?
-Сайхан. Намар цаг дуусч, дүнхийж цайгаад цас орсон байна. Ингээд л өвөлтэй золгох шив дээ.
-Үндэсний баяр наадмын дараа танай театр “Нохойн сүрэг” жүжгийг тайзнаа тавихаар бэлтгэл ажилдаа орсон гэсэн хэзээ нээлтийг нь хийх вэ?
-Энэ жүжиг миний зохиол болохоор би найруулаагүй. Найруулагч Б.Баатар гардаж найруулсан. Үндсэндээ бэлтгэл сургуулилалт дуусч одоо тоглоход бэлэн болсон. Гэхдээ энэ жүжгээ түр хойш тавьчихаад орон нутгийн театруудын дунд болдог уламжлалт уралдаанд оролцох гээд завгүй байна.
-Ямар уралдаан хаана болох гэж байгаа юм бэ?
-Орон нутгийн театр, чуулгуудын дунд таван жилд нэг удаа зохион байгуулагддаг уралдаан. Уг нь дан жүжгээр уралддаг байсан бол одоо театрын бүтэн том бүтээлээр өрсөлддөг болсон. Төвийн бүсийн уралдаан нь Өвөрхангай аймгийн театрт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Манайх энэ уралдаанд Шекспирийн “Ромео, Жульета” жүжгээр өрсөлдөх гээд бэлтгэлээ хийгээд завгүй байна. Энэ сарын 30-нд Өвөрхангай руу уран бүтээлчдийнхээ хамт хүлгийн жолоо зална даа.
-Гол дүрд нь хэн, хэн тоглож байгаа вэ?
-Гавьяат жүжигчин Ё.Цог, залуу жүжигчин Энэрэл хоёр тоглож байна. Ё.Цог гуайн хувьд манай театрын жүжигчин болсон. Энэрэл өнгөрсөн жил “Гэгээн муза” авсныг хүмүүс мэдэх байх. Залуу хүн гэхэд чадварлаг жүжигчин бий.
-“Нохойн сүрэг” жүжгээрээ яг юу харуулахыг зорьсон бэ?
-Манай театрын оны төлөвлөгөөт драмын жүжиг. Улс төрийн драм. Нохойгоор төлөөлүүлэн бүхэл бүтэн үндэстний бодлого, улс төрийн амьдрал ямар байгааг харуулсан. Угаасаа монгол удам угсаа тал руу нь хийсэн дээ. Гэхдээ ярихад их эвгүй талдаа жүжиг. Гол дүрд нь Ё.Цог тоглосон. Жүжгийн сургуулилалт дууссан одоо тоглоход бэлэн болсон ч би өөрөө үзэж амжаагүй явна. Ер нь энэ бүтээлтэй ойр байгаагүй болохоор ямар болсныг сайн хэлж мэдэхгүй. Дээрх хоёр жүжгээ ирэх сарын сүүлчээр Улаанбаатарт тоглоно доо.
-Цаашид хийх уран бүтээлийнхээ сонин сайхнаас сонирхуулаач?
-Төв аймагт мэргэжлийн театр байгуулагдсаны 30 жилийн ойг угтаж ирэх сарын 24-нд манай театрын уран сайхны удирдагч урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюушийн нэрэмжит ардын цөөнхүүл хөгжимчдийн улсын уралдааныг зохион байгуулна. Мөн энэ жил гавьяат жүжигчин Х.Далантайн тайлан тоглолтыг хийнэ гээд ажлууд ар араасаа ундарна. Нэг ёсондоо уран бүтээлийн олз арвинтай жил байна.
-Танай уран бүтээлчид Хятад руу олон сараар яваад ирсэн. Энэ талаар сонирхуулахад?
-Зургаан сарын турш Хятадад “Ордос хурим” дуулалт жүжгийг манай бүжигчид тоглосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд яваад энэ сарын 12-нд ирлээ. Ийм тоглолтыг Хятадад тоглоод хоёр жил болж байна. Нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн том баг амжилттай сайн тоглоод ирсэнд нь баярлаж байгаа.
-Таны найруулсан “Хязгааргүй” моно опера төрийн соёрхолд нэр дэвшиж байгаа сурагтай. Энэ үнэн үү?
-Ах нь энэ талаар ёстой сонсоогүй юм байна. Мэдэх хүмүүсээс нь асуугаарай. Өнгөрсөн жил “Гэгээн муза” наадмаас зургаан номинацид шилдгээр тодорсон бүтээл шүү дээ. Түүнээс төрийн шагналд нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гараагүй.
-Таныг хөдөөгийн театрын том найруулагч гэдэг. Танаас уран бүтээл хүлээх үзэгчид олон байгаа?
-Том нь ч юу билээ. Ахынх нь чадал барагдахгүй бол уран бүтээл туурвиж хийхийг л боддог. Бодож санаж яваа юм их бий. Одоогоор ажил ихтэй, хот ч орж амжихгүй явна шүү дээ.
О.Сайханцэцэг
ӨДРИЙН ШУУДАН СОНИН
URL: