Д.БАТХУЯГ 42 САЯ ТОНН НVVРСНИЙ НӨӨЦТЭЙ ОРДЫГ НАЙЗЫНХАА КОМПАНИД ШИЛЖVVЛЖЭЭ

-“Саус Гоби Сэндс”-ийн татвараас зайлсхийсэн хэргийг тусгаарлан шалгаж байна-
АТГ-ынхан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт яллах дvгнэлт vйлдvvлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжvvлжээ. Тvvнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, ашигт малтмал ашиглах, хайгуул хийх, олборлох 120 орчим тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон гэж буруутгаж байгаа гэнэ. Д.Батхуягаас гадна энэ хэрэгт АМГ-ын Геологи, уул уурхай кадастрын газрын дарга асан Б.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал Н.Жаргалсайхан нар холбогдсон байна.

АТГ-ынхан мөрдөн байцаалтын явцад дээрх 120 орчим тусгай зөвшөөрөл авсан компаниудыг шалгасан юм. Тухайлбал, “Саус Гоби Сэндс” компани л гэхэд таван тусгай зөвшөөрөл авсан байж. АМГ-ын байцаагчид тус компанийн ашиглалтын хугацаа нь дууссан таван лицензийн зөвшөөрлийг цуцлах дvгнэлт гаргажээ. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг таван тусгай зөвшөөрлийн дөрвийг нь цуцлалгvй, эрхийг нь сэргээн, vлдсэн нэгийг нь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогттой хамтран “Зэлэм” гэх компанийн захирал, найз Н.Жаргалсайханыхаа нэр дээр шилжvvлсэн аж. “Зэлэм” компанийн мэдэлд шилжvvлсэн энэ тусгай зөвшөөрөл нь 5261 улсын бvртгэлийн дугаартай, 72000 гектар газарт, 42 сая тонн нvvрсний нөөцтэй ордынх юм байна. 2010 оныхоор бол хоёр тэрбум гаруй ам.долларын vнэлгээтэй газар гэнэ.
Vvнээс гадна “Саус Гоби Сэндс” компани 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргийг ч АТГ-ынхан илрvvлжээ. Тус компанийн Санхvvгийн албаны даргаар ажиллаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нар дээрх хэмжээний татвараас зайлсхийж, ажлаа өөр хvнд шилжvvлээд оргон зайлсан аж. Тиймээс тэдэнд холбогдох, татвараас бултсан хэргийг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарынхаас тусгаарлан шалгаж байна.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих